Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирсний улмаас хүний амь нас хохирсон хэрэгтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах шуурхай арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Н.Учрал холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Тэрбээр амиа алдсан иргэний ар гэр, төрөл төрөгсдөд Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлжээ. Ерөнхий сайд иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хууль, эрх зүйн өөрчлөлт хүлээлгүйгээр шуурхай хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна. Энэ хүрээнд цагдаа, дотоодын цэрэг, Зэвсэгт хүчин, байгаль хамгаалагчид болон мэргэжлийн анчдын багийг эрсдэлтэй бүсэд ажиллуулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудыг 24 цагаар үүрэг гүйцэтгүүлэхээр болжээ. Мөн Улсын онцгой комисст иргэдэд шаардлагатай мэдээллийг өдөр бүр хүргэх үүрэг өгсөн байна. Мөн баавгайг барих, тээвэрлэх, тохиромжтой нутагт шилжүүлэн нутагшуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгажээ. Энэ ажилд шаардлагатай унтуулгын буу, эм, урвалж бодис, багаж хэрэгслийг хил, гаалиар шуурхай нэвтрүүлэхэд зориулан нэг тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн байна.
Үүнээс гадна техник, технологийн дэвшлийг ашиглан баавгайн тоо толгойн талаарх мэдээллийг гаргаж, хэрэгжүүлж буй арга хэмжээний явц, үр дүнд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.















Сэтгэгдэл үлдээх