Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" цуглаан зохион байгуулах тухай хэвлэлийн өнөөдөр /2024.05.01/ бага хурал хийлээ.
Тодруулбал, 2024 оны тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан Монголын хэвлэл мэдээллийн орчин дахь хараат байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөө, үүнд нөлөөлөх хууль, эрх зүйн орны талаар голлон тэмцлээ илэрхийлнэ.
МСНЭ-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Ариунчулуун:
МСНЭ бол Олон улсын сэтгүүлчдийн нэгдсэн холбооны албан ёсны гишүүн байгууллага. Тийм учраас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Олон улсын сэтгүүлчдийн нэгдсэн холбоотой нэгдсэн уриан доор, эв санаа нэгтэй тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр өглөө ирсэн мэдээллээр энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг "Сэтгүүл зүй байгаль орчны хямралын эсрэг нүүр царай болно” гэсэн уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.
МСНЭ-ийн мэргэжлийн ёс зүй, хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа
Бидэнд мэргэжлийн эрх ашгийг хамгаалсан хуулийн зүйл заалт, эрх зүйн орчин байхгүй байна. Сүүлийн үед иргэн яаж энэ мэдээллийн олж авч нийтэлсэн бэ гэдгийг буруутгалыг сэтгүүлчид дээр тохож байна. Би хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг сэтгүүлч учраас энэ зүйлийг мэдээлсэн юм гэхээр сэтгүүлч гэж хэн юм бэ, сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашиг гэж юу юм бэ гэдгийг баталгаажуулсан хууль эрх зүйн орчин алга. Хэрэв худал мэдээлэл эрүүгийн гэмт хэрэг юм бол шүүхээр орж байж үнэн, худлыг нь тогтоох ёстой биз дээ. Түүнд үндэслэж бусдыг гэм буруутай эсэхийг тогтооно гэдэг зарчим хаана байна вэ. Мэргэжлийн үйл ажиллагаа, хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байгаа хавх шиг олон заалтуудыг чөлөөлөх хэрэгтэй. Төрийн нууц гэсэн хэмжээ хязгааргүй нэрэн доор ажиллаж байна.
МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Ууганбаяр:
Өнгөрсөн жилүүдэд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг бид “ЮНЕСКО”-гийн гаргасан уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байсан. Энэ жилийн тухайд бид илүү дотооддоо тулгамдаж буй асуудалд тулгуурлан тэмдэглэн өнгөрүүлнэ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчид өөрсдийн эрх зүйн орчноо анхаарахгүй хөсөр хаяж ирсэн. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа ажилчдыг хамгаалдаг хууль, эрх зүйн орчин байхгүй. Жишээ нь, зураглаачийн биед халддаг, камер, техникийг эвдчихдэг явдал бий. Гомдол гаргаад явахаар зураглаачийн биед халдсаныг хамгаалах хууль, эрх зүйн орчин байдаггүй. Гэтэл өмгөөлөгч, хуульч, шүүгч, цагдаагийн алба хаагчийн биед ямар байдлаар хүрэх төдийд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Тэр салбарт ийм эрх зүй, хуулийн орчин үйлчилж байхад манай салбарт үгүй байна. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг НҮБ-ын конвенцоор хүний эрхийн хамгаалагчид гэж үзсэн байдаг. Гэтэл биднийг хамгаалах ямар ч хууль, эрх зүйн орчин алга байгаад анхаарах ёстой байна.
Монгол улсад өнөөдөр 600 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр хэвлэлийн байгууллагууд ойролцоогоор 4500 орчим ажилтан бий тиймээс тэдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалах төв байгууллага бол Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл юм. Биднийг ажил үүргээ хийхэд саад болдог олон хууль, эрх зүйн асуудал бий. Эдгээр нь сэтгүүлчдийг ажил үүргээ хийхэд саад учруулдаг, цаашилбал ажил үүргийн нөхцөл байдлаас шалтгаалан сэтгүүлч аюултай нөхцөл байдалд орох нөхцлийг бүрдүүлж байна гэв.
"Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав” цуглаан 2024 оны тавдугаар сарын 3-ны Баасан гаригт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
Сэтгэгдэл үлдээх