Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Зам, тээврийн яам, төмөр замын салбарын удирдлагууд, инженер, техникийн ажилтнууд, үндэсний бүтээн байгуулагчидтай (2026.11.06) Соёлын төв өргөөнд уулзжээ. Тэрээр Монгол Улсын төмөр замын салбарын хөгжил, стратегийн бүтээн байгуулалтын үр дүн, цаашдын зорилтын талаар үг хэллээ. Төрийн тэргүүн уулзалтын үеэр Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн төмөр замчид, инженер техникийн ажилтнууд, үндэсний аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, Монгол төрийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Далайд гарцгүй Монгол Улсын хувьд төмөр зам нь эдийн засгийн хөгжлийн амин судас, улс орны хөгжил дэвшлийн стратегийн тулгуур болохыг онцолж, Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замыг нийслэлийн иргэдийн аюулгүй байдал, тээвэр логистикийн хөгжил, эдийн засгийн ирээдүйн өсөлтөд чухал нөлөөтэй, үндэсний хэмжээний чухал бүтээн байгуулалт хэмээн тодорхойллоо.Мөн энэ төслийн эхлэлийг 2010 оноос тавьж, 2016 онд батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ын зорилтуудтай уялдуулан хөгжиж ирсэн. Улмаар үе үеийн Засгийн газрын бодлогын залгамж чанар, салбар хоорондын хамтын ажиллагаа, үндэсний бүтээн байгуулагчдын хүчин чармайлтын үр дүнд өнөөдөр бодит ажил хэрэг боллоо. Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг монголчууд та бид өөрсдийн дотоод нөөц бололцоогоор хэрэгжүүлж чадсанд бахдалтай байна гэв. Өнгөрсөн сард шинэ төмөр замыг нээж, аюултай ачаа тээвэрлэсэн анхны галт тэрэг нийслэлийг тойрон аялсан нь төмөр замын тээврийн хөгжлийн нэгэн чухал үйл явдал болсныг дурдлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр намрын адаг сарын билэгт сайн өдөр төмөр замчид, үндэсний бүтээн байгуулагчидтай уулзаж буйгаа билэгшээж, Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, инженер, техникийн боловсон хүчин, техник хэрэгслийн нөөцийг бүрдүүлэн, богино хугацаанд хэрэгжүүлж, тээврийн дэд бүтэц, логистикийн чадавхыг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, “Монголын төмөр зам” ТӨХК-ийг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагналаа. Мөн төмөр замын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артурыг Монгол Улсын “Гавьяат тээвэрчин” цолоор шагнаж урамшууллаа. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуунд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг гардуулан өглөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төмөр замын салбарын хөгжил, бүтээн байгуулалтад хүчин зүтгэж буй Зам, тээврийн яам, Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон үндэсний 160 гаруй аж ахуйн нэгжийн хамт олон, 4000 гаруй инженер, техникийн ажилтан ажилчид, нийт төмөр замчдад Монгол төрийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.
Эх сурвалж:gogo.mn















Сэтгэгдэл үлдээх