loader
УИХ-ын чуулган: АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага хүссэн ч, хоёр цаг л өглөө

УИХ-ын чуулган: АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага хүссэн ч, хоёр цаг л өглөө

ҮДЭЭС ӨМНӨХ ХУРАЛДААН:

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ЭЗБХ-ны танилцуулгыг Б.Баттөмөр танилцууллаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Оюутолгой бол 5 хувийн АМНАТ төлдөг. Монгол Улсын нийт төсөв 27 их наяд төгрөг. Оюутолгойн Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа хэмжээ 684 тэрбум төгрөг. Монгол Улсын төсвийн 2,7 хувийг бүрдүүлж байгаа. Энэ бол 2024 оны тоо шүү. Дэлхийд дөрөвт ордог том ордог. 1.3 их наяд төгрөгийн татварын маргаан бий. Орд, зэсийнхээ хэмжээг бууруулчихсан явж байна лээ" хэмээлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Баялагийн сангийн хуулийг хэлэлцэхдээ иргэдэд хяналт нь очих миний өргөн барьсан тогтоолын төслийг хамтатган хэлэлцэх ёстой. Төрийн өмчийн томоохон компаниуд дээр гарч байгаа хулгай зэлгий бол цүнх баригч нартай холбоотой. Гэтэл төрийн өмчит компанийг шилэн ил тод болгох концепцыг Засгийн газар оруулж ирсэнгүй. Баялагийн сангийн хуульд ч орж ирсэнгүй. Ард түмний төлөөлийг төрийн өмчит стратегийн орд бүхий компанид оруулах нь зөв. 2023.07.02-нд өргөн барьсан "Эрдэнэт үйлдвэрийн 20 хувийг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, 20 хувийг НДШ төлдөг ажилтан албан хаагчидтай үндэсний компанид  тодорхой хувиар борлуулж эзэмшүүлэх тогтоолын төслийг хамтад нь хэлэлцэх ёстой" гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Эрхэм гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг дэмжиж өгнө гэдэгт итгэлтэй байна. Б.Пүрэвдорж гишүүний зарим нэг зүйлтэй санал нэг байна. Гэхдээ яг ингэж ярьж байгаад стратегийн ордуудыг авчихсан шүү. 2006 онд УИХ-аар ороод стратегийн ордын жагсаалтад байсан төслүүдийг "стратегийн орд биш" гэж ээлж дараалан лоббидож гаргасан. Удахгүй сонсголоор ил болно. Ж.Ганбаатар сайд нарийн мэдээлэлтэй байх. УИХ-ын гишүүд янз бүрийн лобби хийж байгаа. Ятгалганд автахгүй байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Стратегийн ордуудын дийлэнх нь байхгүй, эсвэл хуваагаад нөөцийг нь багсгаад гаргачихсан, эсвэл УИХ -ыг лоббидож, ҮХЦ-ийг авлигадаад гаргаад авчихсан. Тийм учраас стратегийн ордтой холбоотой энэ зохицуулалт дээр хатуу байх ёстой. Уул уурхайн салбар хөгжсөн Норвеги, Чили тийм л байгаа. Ялгаатай зүйл хийх гээд байгаа юм биш.



Хоёрдугаарт, үүсмэл ордтой холбоотой асуудлыг П.Цагаанаас эхлээд "Энэ бол хог, хаягдал гээд байгаа. Үгүй шүү. Стратегийн ордтой адилхан баялаг. Оюутолгой орд дээр ч, Эрдэнэт дээр ч бий болно. Б.Пүрэвдорж гишүүн ээ, стратегийн ордуудыг хувь хүнд өгөх юм бол ил тод болно гээд байгаа, үгүй шүү. "Ачит их"-ийн ард Ц.Элбэгдорж байгаа. Цаглабар гээд дансанд 13 сая ам.доллар шилжүүлсэн. Энэ асуудалд хөдөлгөөн орж байна. Баримтаар ил болно гэдэгт итгэлтэй байна. Хог гээд гаргаж аваад үүсмэл орд болгоод явж байгаа нь ил тод байдал юм уу. Эрдэнэтийг "Саалийн үнээ шиг хөгшрөөд үхэх гэж байна" гээд авчхаад 600 тэрбум төгрөг өнөөдөр 2 их наяд болоод байгаа нь ил тод байдал юм уу. Гэтэл Ц.Элбэгдорж өнөөдөр "Миний үгийн алдаа байлаа" гэж байгаа. Ийм том стратегийн орд дээр төрийн тэргүүн алдаа гаргаж болдог юм уу. Стратегийн ордыг хуулиар дамжуулж хулгайлдагийг энэ хуулиар эцэслэх ёстой. Стратегийн ордыг луйвардаж авсан хэдэн компаниуд энэ хуультай холбоотойгоор янз бүрийн ойлголт төрүүлдэгээ болих хэрэгтэй. Хуримтлалын сан руу 34 хувь шилжих эрхийг өгчих. Хэрвээ энэ дээр янз бүрийн асуудал гарах юм бол стратегийн ордуудыг буцааж авах, гарахад хэн яаж оролцсон бэ гэдгийг Авлига дээр ярих асуудал байж болохоор байгаа шүү. Аятайхан байчих, яасан их мөнгөтэй юм. П.Цагаан дээр очихоор ил тод болчих юм уу. Үндэсний баялгийн сангийн тухай хууль гэж 30-аад жил ярилаа.Үндсэн шийдэл дээрээ очих гэж байна.  Үүсмэл орд бол баялаг, хог гэж ард түмнийг тархийг угаадгаа болих хэрэгтэй шүү.

НЭМЭЛТ: 12.26 цаг

"Зээлийн мэдээллийн санд хар жагсаалт гэж байдаггүй"

Үргэлжүүлэн “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Э.Батшугар "Саяхан Монголбанкнаас мэдэгдэл гаргасан. Бидний ярьдгаар хар жагсаалтад орсон болон эргэлзээтэй зээлдэгч нарыг өршөөсөн тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал. Үүнтэй холбоотойгоор хэдэн асуулт байна. Эхнийх нь иргэдийн хэрэглээний зээлийг Хөгжлийн банк болон бусад Засгийн газрын тусгай сангаас авсан зээлдэгч нарын хэргээс ялгаж байгаа юу, өршөөхийг буруу гэж бодож байгаа. Энэ бол тусдаа асуудал шүү.

Хоёрдугаарт, БЗС-гийн асуудал бий. Хоёр сая төгрөгийн сургалтын зээл аваад цар тахал гэх мэт янз бүрийн шалтгаанаар ажил төрөл олдоогүй, зээлээ төлж чадаагүй хүмүүсийг гадаадын том сургуульд суралцах зээл авчхаад төлөөгүй хүмүүсийг энэ хоригт оруулдаггүй. Энэ бол шударга бус зүйл. Нөгөө талаар санхүүгийн сахилга баттай иргэнд урамшуулал байдаггүй. Монголбанкнаас гаргасан өршөөлд нийт хэдэн иргэн хамрагдаж байгаа вэ" гэв.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "Монголбанканд хар жагсаалт гэсэн зүйл байдаггүй. Харин 2024.04.11-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, муу зээлийн ангилалтай боловч зээл нь бүрэн төлөгдсөн иргэдийн мэдээллийг уг санд тусгахгүй байх шийдвэр гарсан. Тиймээс зээлээ бүрэн төлж дууссан боловч эдгээр ангилалд бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг арилгасан гэж ойлгож болно. 2018-2023 оны хооронд 24,578 оюутны зээлийн мэдээллийг өгсөн. Харин гадаадад сурсан оюутнуудын мэдээллийг манайд өгөөгүй. Санхүүгийн хувьд тогтвортой, зээлээ цаг тухайд нь төлдөг иргэдэд үнэлгээ тогтоох систем рүү цаашид шилжих төлөвлөгөө бий" гэлээ.



НЭМЭЛТ: 11.25 цаг

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Гурилын үнэ нугарсанд улстөрийн асуудал байгаа гэж хардаж байна-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийгн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд импортоор орж ирэх гурил, тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ядарсан, бага орлоготой иргэд, тэтгэврээр амьдардаг ахмадууд гурилын үнэд нэрвэгдээд байна. Хөдөөгүүр явсан чинь "Сонгууль дөхсөн тул хариуг чинь өгнө" гэсэн байсан. Сонгууль дөхөж байгаа тул батлах нь зөв. Хармаа хотыг нь шулж шулчхаад одоо батлуулж байна. Олон үйлдвэрүүд нь АН-ынх байна гээд байгаа. Буруу бүхнийг АН руу чихэж, үйлдвэрлэгчдээ буруутгаж байна. Ажлын хэсэгт намайг оруулахгүй байна. Сүрхий гаргачихна гэж харж байгаа. Хүний өөрийнгүй арьсийг нь хуулаад өгөх байлаа. Ж.Бат-Эрдэнэ гишүүн зөөлдчих вий. "Хэдэн жил үнэтэй гурил идүүлчхээд сонгуулийн өмнөх хоёр сар хямд гурил идүүлчхээд сайхан санал авна даа" гэж бодож байгаа бол эндүүрэл дээ" хэмээлээ.

ЗГХЭГ-ын дарга Д. Амарбаясгалан: 2019 онд гурилын салбарын үйлдвэрлэл 210 мянган тонн байхад 240 тэрбум төгрөг, 2023 онд гурил үйлдвэрлэлийн хэмжээ 20 мянган тонноор буурсан хэр нь 430 тэрбум. Хоёр жилийн дотор гурилын үнэ нугарсан. Улстөрийн асуудал байгаа гэж харж байна" хэмээлээ.

Энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого зарлагын 2024 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

НЭМЭЛТ: 10.40 цаг

АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага хүссэн ч, хоёр цаг л өглөө

Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлэв. Хуульд: "1000 малтай хүн 50 сая төгрөгийн зээл авах боломжийг нээж өгч байна" гэж Д.Амарбаясгалан тодотгосон.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Малын ногоон тэжээл тариалах зориулалтаар хоршоо байгуулагдах боломжтой. Тэдгээр хоршоо өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Газрын тухай хуулиар сум орон нутагтайгаа гэрээ хийж, урт хугацаанд газар ашиглах боломжтой.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Мянган жилийн өмнө уламжлалт бэлчээрийн мал аж ахуй ямар байсан. Яг л тийм байна. Махны хэрэглээгээрээ гуравт орж байна. Чанартай мал аж ахуйтай байгаа нь бэлчээрийнх" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Мөнгө тараах гээд байна. Хадгаламж зээлийн хоршооны араас оров оо. Менежер байхгүй хоршоо гэж байх ёсгүй.



ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Та малчдыг мэдлэг, чадваргүй гэж гүтгэж болохгүй шүү. Мал дээр байгаа малчдын монгол ухаан танаас, биднээс илүү цөлх ухаантай гэж ярьдаг. Малчдад өнөөдөр хөрөнгө оруулалт хийх боломж олдохгүй байна. Энэ боломжийг төрөөс олгох хуулийн төсөл юм. Малчид мэдлэг, чадваргүй гэж хэлсэн үгээ та буцааж авах ёстой шүү. Энэ үгний чинь төлөө би таны тойрогт очиж, малчидтайгаа жагсана шүү" хэмээн уурлав.



Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гурав хоногийн завсарлага хүссэн юм.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: “Уламжлалт мал аж ахуйг байгаль цаг уураас хамгаалах гэх агуулгатай чухал хууль. Гэвч үзэл санаа нь үнэндээ хорлонтой, авах юм байхгүй байна. Ямар ч шинэ зүйл алга. Малчдыг орлоготой болгоно гэхээс илүү сонгуулийн өмнө санхүүгийн механизм ашиглаж мөнгө тараах нь. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг уландаа гишгэчихсэн" гэлээ.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Цас зудыг давж чадахгүй гэдэг нь амьдрал дээр харагдлаа. Долоон сая мал хорогдчихлоо. Тиймээс нэгдэж нийлэх хөшүүргийг л төр засгаас оруулж байгаа юм.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбар Монгол Улсыг өнгөрсөн хугацаанд тэжээж ирсэн. Өнөөдөр ч хөгжиж дэвжиж яваа. Харамсалтай нь цас зудны хүндрэл бэрхшээл ирсэн энэ үед хэрэгжүүлэх гэж байгаа хуульд олон саад бэрхшээл учирч байгаад харамсаж байна. 5 их наядын хөтөлбөр ганцхан өдөр хэрэгжихх зүйл биш. Урд хугацаанд хэрэгжинэ. Малчид алдаж онох боломжоо үүгээр олж авах ёстой.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: "Хөдөө аж ахуйн салбар луу таван их наядын зээл цутгана гэдэг чинь тав дахин өртэй болно л гэсэн үг. Ийм учраас Ардчилсан намын бүлэг хуулийн төслийг нухацтай авч хэлэлцэх шаардлага байгаа тул гурав хоногийн завсарлага хүсч байна” гэв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Гурав хоногийн завсарлага өгөх боломжгүй, хоёр цагийн завсарлага өгч байна” гэв. Ийнхүү 14:00 цаг хүртэл завсарлага өгөв.



ЭХЛЭЛ: 10.15 цаг

Б.Пүрэвдорж гишүүн үг хэлэх эрхээ хасуулав

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Г.Занданшатар "УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хамгийн их тасалж байгаа. Мөн холбогдолгүй үг хэлж, дэг зөрчиж байгаа тийм учраас өнөөдөр М.Оюунчимэг гишүүн үг хэлнэ" хэмээлээ.

УИХ-ын Б.Пүрэвдорж: "Намайг дэгээ зөрчиж үг хэлэх гэж байна гээд байх юм. Дэг зөрчих гэж байгааг яаж мэдээд байгаа юм" хэмээлээ.



УИХ-ын дарга Г.Занданшатар:  "Байнга дэг зөрчиж байгаа. Таван удаагийн сануулгатай. Одоо цалинг нь гурван сараар хасах арга хэмжээ авна. Хуралдааны сэдэвтэй холбоогүй үг арай л их хэлүүлчихсэн. Одоо тэр дутагдлаа засъя би" гэв.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ТОЙМ: ЭНЭ ДОЛОО ХОНОГТ УИХ-ЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД

УИХ-ын нэгдсэн чуулган энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт хуралдана. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. · Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Дарханы замын тендерт оролцсон албан тушаалтнуудын 30 гаруй объектод шалгалт хийж байна

Дарханы замын тендерт оролцсон албан тушаалтнуудын 30 гаруй объектод шалгалт хийж байна.Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон албан хаагчдыг АТГ-аас шалгаж эхэллээ. То

Олон Улсын Валютын Сангийн Ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.