Монгол Улсын 2027 оны төсвийг УИХ-аар баталлаа. Энэ удаагийн төсөв иргэдийнхээ орлогыг хамгаалсан, нийгмийн хамгааллыг сайжруулсан төсөв баталсан талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Төсөв бол айл өрхийн орлого, боловсрол, эрүүл мэнд, аж ахуй нэгж, бизнесийнхэнтэй холбоотой чухал шийдвэр. Засгийн газраас иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг иргэддээ бодитоор мэдрүүлэх, бизнесийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн 2027 оны төсвийг боловсруулж өргөн барьсан. Ирэх онд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбар, дэд бүтцийг салбаруудыг дэмжих, бизнесүүдээ дэмжихээр онцгойлон дэмжих бодлого баримталсан гэдгээ Сангийн сайд З.Мэндсайхан тодотгосон.
Сангийн сайд З.МЭНДСАЙХАН: -Улсын төсөв бол айл өрхийн орлого, ахмадуудын тэтгэвэр, хүүхдийн сургууль, иргэдийн эмчилгээ, бизнес эрхлэгчдийн боломжтой шууд холбоотой шийдвэр юм. Тиймээс бид 2027 оны төсвийг эдийн засгийн өсөлтийг иргэдийн өдөр тутмын амьдралд мэдрүүлэхэд чиглүүллээ. Ирэх онд иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг сайжруулах, бизнесээ дэмжих, эрчим хүч, зам, орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулна. Юуны өмнө иргэдийнхээ орлого, нийгмийн хамгааллыг сайжруулах төсөв баталсан. Тодруулбал, 2027 оны нэгдүгээр сарын нэгнээс 562 мянган хүний тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. Мөн 2026 оны арваннэгдүгээр сард олгож эхэлсэн суурь тэтгэврийг ирэх онд үргэлжлүүлэн бүтэн жилээр олгоно. Ингэснээр 430 мянган ахмад сар бүр 100–300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Нийгмийн халамжийг дэмжлэг шаардлагатай иргэддээ чиглүүлсэн гэсэн үг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 600 мянган төгрөгт, ахмад настны халамжийн тэтгэврийг 168 мянган төгрөгөөр нэмэгдүүлж мөн 600 мянган төгрөгт хүргэнэ. Асаргааны тэтгэмжийг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 370 мянган төгрөгт, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэний тэтгэмжийг мөн 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 524 мянган төгрөгт хүргэнэ. Бид иргэдийнхээ орлогыг зөвхөн цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхээс гадна татварын ачааллыг бууруулж, хамгаалах зорилго тавьсан. Тухайлбал, иргэд сарын цалингийнхаа эхний 792 мянган төгрөгт орлогын татвар төлөхгүй. Цаашлаад 2028 оноос 792 мянгаас хоёр сая төгрөг хүртэлх цалингийн орлогод нэг хувийн татвар ногдуулна. Ингэснээр иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ. Нийт нэг сая орчим иргэний татвар, шимтгэлийн ачаалал нэг их наяд төгрөгөөр хөнгөрөхөөр тооцсон. 2027 оны хоёрдугаар улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10 хувиар, төрийн захиргаа болон тусгай албаныхны цалингийн сүлжээг 20 хувиар нэмэгдүүлнэ. Энэ шийдвэрт 211 мянга гаруй төрийн албан хаагч хамрагдана.
"142 СУРГУУЛЬ, 72 ЦЭЦЭРЛЭГ, 39 ДОТУУР БАЙРНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ"
2027 оны төсөвт тусгасан дараагийн чухал асуудал бол боловсрол болон иргэдийн эрүүл мэндийн асуудал. Боловсролын салбарт өмнөх онуудаас хамгийн өндөр буюу 928 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдэнэ. Энэ хөрөнгөөр улсын хэмжээнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжүүлнэ. Үүний дотор 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байрны төсөл шинээр эхэлнэ. Ингэснээр сургуулийн ачааллыг бууруулж, хүүхдүүд гэртээ ойр, илүү сайн орчинд сурч боловсрох боломжийг нэмэгдүүлнэ. Мөн бүсүүдэд төрөлжсөн ахлах сургуулийн дөрвөн дотуур байр барина. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 194 тэрбум 400 сая төгрөгөөр нэмэгдүүлнэ. Ингэснээр хүүхдийн хоолны чанар, шим тэжээлийг сайжруулахаас гадна 6, 7 ангийн сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт шинээр хамруулна. Түүнээс гадна иргэдийнхээ эмчилгээ, эмийн зардлыг бууруулж, эрүүл мэндийн үйлчилгээг илүү ойр, хүртээмжтэй болгоно. Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 69 төсөлд 264 тэрбум 600 сая төгрөгийн санхүүжилт хийнэ. Үүний дотор улсын хэмжээнд 44 эмнэлгийн төсөл хэрэгжинэ. Зүрх судасны үндэсний төв, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, Эх нялхсын эмнэлгийн өргөтгөл, Улсын гуравдугаар эмнэлгийн шинэчлэл зэрэг томоохон төслүүдийг үргэлжлүүлнэ. Эмнэлгийн барилга байгууламжийг шинэчлэхийн зэрэгцээ тоног төхөөрөмжөөр хангаж, иргэд эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг нэмэгдүүлэхэд анхаарна. Ахмад настан болон зорилтот бүлгийн иргэдийн хэрэглэдэг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг эрүүл мэндийн даатгалаар 100 хувь хөнгөлнө.
Өнгөрсөн хавар батлагдсан татварын багц хуулийн дагуу бизнес эрхлэгчдээ бодитоор дэмжинэ.
Тодруулбал, жилийн борлуулалтын орлого нь 2.5 тэрбум төгрөг хүртэлх жижиг, дунд бизнесийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх буюу нэг хувийн татвар төлнө. Өмнө нь энэ хөнгөлөлт нэг тэрбум 500 сая төгрөг хүртэлх борлуулалттай аж ахуйн нэгжид хамаардаг байсан. Мөн жилийн 6-10 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжийн татварыг 25 хувиас 15 хувь болгож бууруулж байна. НӨАТ-ын босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, татвар төлөх хугацааг хоёр хүртэл сараар хойшлуулах боломж бүрдүүлнэ. Гарааны бизнесийн эхний гурван ажилтны ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг гурван жил чөлөөлнө. Өөрөөр хэлбэл, бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэхэд нь татвар, шимтгэлийн дарамтыг бууруулсан төсөв болсон. Татварын хөнгөлөлтөөр зогсохгүй, жижиг, дунд бизнес болон дундаж орлоготой иргэдийг дэмжихэд шинээр 1.1 их наяд төгрөгийн бизнесийн зээлийг Төрийн банкаар дамжуулан гаргахаар боллоо. Энэ зээл нь 6000 гаруй бизнес эрхлэгчид жилийн 10 хувийн хүүтэй санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ. 2027 оноос сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэглэх төхөөрөмж, нарны зайн хавтан зэрэг ногоон технологийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлж, цахилгаан автомашины цэнэглэх өртөө байгуулсан аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ.
"УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 943 ТӨСӨЛД БАРАГ 4 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА"
Ажлын байр нэмэгдэж, иргэдийн орлого өсөхийн тулд үйлдвэр, дэд бүтэц сайжрах ёстой. Тиймээс бид 2027 онд дэд бүтэц, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад онцгой анхаарч байна. Улсын болон орон нутгийн төсөв, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрийг нэгтгэн нийт 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлнэ. Зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 943 төсөлд бараг 4 их наяд төгрөг зарцуулна. Эдгээрийн 435 нь шинээр эхлэх, 508 нь өмнөх онуудаас үргэлжилж байгаа төсөл юм. Хөрөнгө оруулалтын санхүүжилтийн бараг 60 хувийг өмнө нь эхэлсэн төслүүдээ үргэлжлүүлж, дуусгахад зориулна. Учир нь бүтээн байгуулалтыг эхлүүлэхээс гадна хугацаанд нь дуусгаж, иргэдийн хэрэглээнд оруулах нь хамгийн чухал. Шинээр эхлэх төслүүдийг ч нэгээс гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. 2027 оны төсөвт зам тээвэр, эрчим хүчний салбарт мөн онцгой ач холбогдол өгч байгаа. Тухайлбал, Зам тээврийн салбарт 136 төсөл хэрэгжүүлж, 910 тэрбум 700 сая төгрөгийн санхүүжилт хийнэ. Авто замын сүлжээг 375 километрээр нэмэгдүүлэх зорилт тавьсан. Увс, Ховдыг холбох 163 километр, Завхан, Говь-Алтайг холбох 198 километр авто замын төслүүдийг үргэлжлүүлнэ. Эдгээр зам ашиглалтад орсноор иргэдийн зорчих нөхцөл сайжирч, ачаа тээврийн зардал буурч, орон нутгийн бизнес, худалдаа хөгжих боломж нэмэгдэнэ. Эрчим хүчний салбарт 39 томоохон төсөл хэрэгжүүлнэ. Цахилгаан станц, дамжуулах шугамын төслүүдийг урагшлуулж, ТЭЦ-5, ТЭЦ-6 цахилгаан станцыг барьж, эрчим хүчний хүчин чадлыг үе шаттайгаар 800 мегаваттаар нэмэгдүүлэх зорилт тавьсан. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг үргэлжлүүлж, Улаанбаатар хот болон орон нутгийн цахилгаан, дулаан хангамжийг сайжруулахад анхаарна. Мөн Хавирга, Бичигт, Цагаандэл-Уул, Булган, Цагааннуур зэрэг боомтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлнэ. Боомт, зам, төмөр зам, эрчим хүчний хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэл, экспорттой уялдуулна. Бид түүхий эдээ зөвхөн экспортлох биш, дотооддоо боловсруулж, илүү үнэ хүргэн борлуулахыг дэмжинэ. Газрын тос боловсруулах үйлдвэр, Баруун бүсийн арьс ширний үйлдвэр зэрэг томоохон төслүүдийг урагшлуулна. Ноос, ноолуур, арьс шир, мах, сүү зэрэг бүтээгдэхүүнээ дотооддоо боловсруулж, илүү үнэ цэнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлнэ.
"ИПОТЕКИЙН ЗЭЭЛД 1.8 ИХ НАЯДЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО"
Экспортын орлогыг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьж, Монголын бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны таван улсын зах зээлд гаргах боломжийг өргөжүүлнэ. Хөрөнгө оруулалтыг мөн ажлын байр, өрхийн орлого, бизнесийн боломж гэж харах хэрэгтэй. Ирэх онд улсын төсөв болон гадаад зээл, тусламжийн хөрөнгө оруулалтын төслүүдэд гурван мянга гаруй компани үндсэн болон туслан гүйцэтгэгчээр оролцоно. Эдгээр бүтээн байгуулалтаар дамжуулан 90 мянга гаруй ажлын байрыг хадгална гэж тооцож байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын үр өгөөж барилгын компаниудаар зогсохгүй, тэдэнд бараа, үйлчилгээ нийлүүлдэг олон мянган бизнес, тэнд ажиллаж буй иргэд, гэр бүлд нь хүрнэ. 2027 онд орон сууцны санхүүжилтийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх бөгөөд ипотекийн зээлийн эх үүсвэрийг өргөжүүлж, гадаад, дотоодоос 500 сая хүртэлх ам.долларын шинэ санхүүжилт татна. Ингэснээр 16 мянган өрхийг орон сууцтай болоход нь дэмжлэг үзүүлэх зорилт тавьсан. Мөн хувийн хэвшлийн оролцоотойгоор эхний гурван жилд 6 хувь, дөрөв дэх жилээс 12 хувийн хүүтэй орон сууцны зээлийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлнэ. Урьдчилгаа төлбөрийн босгыг бууруулах, түрээслээд өмчлөх зэрэг сонголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зээл авах үйл явцыг ил тод болгоно. Иргэд анх удаа өмчилсөн орон сууцаа худалдсан тохиолдолд борлуулалтын орлогод ногдох хоёр хувийн татвараас чөлөөлөгдөнө. 2027 оны төсвийн зорилго иргэдийнхээ орлогыг хамгаална, хүүхдүүдийнхээ сурч боловсрох, иргэдийнхээ эрүүл мэндээ хамгаалах боломжийг сайжруулна, бизнес эрхлэгчдэдээ илүү таатай орчин бүрдүүлнэ, ирээдүйн өсөлтийн суурь болох эрчим хүч, зам, үйлдвэрлэлд хөрөнгө оруулна, эдийн засгийн өсөлт тоон үзүүлэлтээс гадна айл өрх бүрийн амьдралд мэдрэгдэх ёстой гэж боловсруулсан төсвийг УИХ баталлаа.
Эх сурвалж:News.mn















Сэтгэгдэл үлдээх