Хүүхдийн архаг өвдөлт болон булчингийн хүнд хэлбэрийн чангарал буюу спастик эмгэгийг эмчлэхэд ашиглах “SynchroMed™ II” суулгац хэлбэрийн эмийн шахуургын системийг Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө. АНУ-ын Medtronic компанийн үйлдвэрлэсэн уг төхөөрөмжийг Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр худалдан авчээ. Хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн байгууллагуудыг хангах ажлын хүрээнд энэхүү шийдвэрийг гаргасан байна. “SynchroMed™ II” нь хүний биед мэс заслын аргаар суулгадаг, программчлагдсан эмийн шахуурга юм. Тусгай катетерийн тусламжтайгаар эмийг нугасны шингэний хөндийд шууд хүргэдэг бөгөөд ингэснээр эмийг бүх биеэр дамжуулах бус, шаардлагатай хэсэгт нь чиглүүлэн хүргэх боломжтой. Энэ арга нь зарим төрлийн эмчилгээнд эмийн тунг багасгаж, бие махбодод үзүүлэх системийн нөлөө болон гаж нөлөөг бууруулах давуу талтай аж. Уг системийг архаг өвдөлт намдаах болон булчингийн хүнд хэлбэрийн чангарал буюу спастик эмгэгийг эмчлэхэд ашигладаг. Монгол Улсад ийм төрлийн эмчилгээ шаардлагатай 4000 орчим хүүхэд байгаа гэсэн мэдээлэл байна. Манай улсад энэ технологийг өмнө нь эмчилгээнд ашиглаж байгаагүй бөгөөд ирэх сард гадаадын нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд Монголд ирж, эмчилгээний аргачлал болон төхөөрөмжийн ашиглалтын талаар эмч нарт зөвлөгөө, чиглэл өгөхөөр төлөвлөжээ.
Эх сурвалж: Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар















Сэтгэгдэл үлдээх