Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо Баянхошууны шинэ буудал орчимд байрлах " Миний дэлгүүр"-т гарсан гал түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна. Гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын наймны өдрийн өглөө 10 цаг 28 минутанд Онцгой байдлын албанд ирсэн байдаг. Одоо дуудлагын дагуу дөрвөн дүүргийн зургаан ангийн 90 гаруй алба хаагчид ажиллаж байгаа юм байна.
Цагийн өмнө НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан: Дуудалгаар анх дөрвөн хүнтэй тасаг явж гар унтраах ажиллагааг эхлүүлж дотогш нэвтэрсэн. Үүнээс гурван албан хаагч гарч ирсэн бол нэг албан хаагч нь олдоогүй эрэн хайж байна гэж олон нийтэд мэдээлсэн.
Сүүлийн мэдээгээр нэг албан хаагчийг амиа алдсан байдалтай олжээ.
Амиа алдсан алба хаагч нь Онцгой байдлын албанд 20 гаруй жил ажилласан таван хүүхдийн аав хүн байжээ.
Амиа алдсан алба хаагчийн ар гэрийн төлөөлөл : "Би амиа алдсан алба хаагчийн ар гэрийн төлөөлөл байна. Өмнө нь ажлаа хийж яваад түлэгдсэний улмаас хоёр жилийн чөлөө авч байсан. Эмнэлгийн тогтоосноор 30 хувийн түлэгдэлтэй гэсэн. Яг үнэндээ 80 хувийн түлэгдэлтэй байсан шүү дээ. Онцгой байдлын албанд 20 гаруй жил ажилласан тэтгэвэртээ гарах болчихсон байсан. Удаа дараа тэтгэвэртээ гарах хүсэлт өгсөн боловч хүлээж аваагүй. Хэрэв хүлээж авсан бол өнөөдөр таван хүүхэд нь аавтайгаа байж байх байсан шүү дээ. Яагаад өнөөдрийг хүртэл хүсэлтийг нь шийдэж өгөөгүй юм бэ..." гэв
Сэтгэгдэл үлдээх