Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийнх гэх өнөр гэр бүлд зочиллоо. Л.Гантөмөрийнх ах, дүү долуулаа бол гэргий А.Туулынх нь зургуулаа. Хоёр тал нь өнөр өтгөн, багаасаа л олуулаа байх дуртай тэд өмнө нь эл баяраар ээжүүд дээрээ бөөнөөрөө очиж бужигнадаг байжээ. Тэр бүрт Л.Гантөмөр дуулдаг байсан гэнэ.
Хэдийгээр УИХ-ын сонгууль дөхсөн ч тэрбээр хүүхдийн баярыг тохиолдуулан гэр бүлийнхэндээ цаг гаргаж, ах, дүүгийнхнээ гэртээ урьж, баярлуулав. Зээ охин С.Хайр нь төрснөөс хойш тэд хүүхдийн баярт бүр ч илүү дуртай болжээ. Эмээ, өвөө болсноосоо хойш буюу өнгөрсөн жилээс гэртээ тэмдэглэх болсон гэнэ лээ.
Зочдоо эрүүл хоолоор дайлав
Зочдоо ирэхээс өмнө гэрийн эзэн “Намайг бага байхад хүүхдийн баярыг одоогийнх шиг тэмдэглэдэггүй байлаа” гэж сонирхуулсан бол бага охин нь улсын шалгалтаа амжилттай өгсөн талаар А.Туул дуулгав. Бага насны хүүхдүүд ирэхийг бодолцон гэрийн эзэгтэй тахианы мах шарж, салат, жимс зэрэг ширээ дүүрэн хоол, зууш бэлтгэсэн нь зочдод таалагдсан нь андашгүй. Бага охин Г.Гэгээ нь жигнэмэг хийх дуртай бөгөөд өөрийн “бүтээл”-ээрээ дайлав. Г.Гэгээ одоо 10 настай, тавдугаар ангийн сурагч.
Л.Гантөмөрийнх гурван охин, нэг хүүтэй. Тэдний хоёр том охин болох Г.Хулан, Г.Ганзаяа нар сурагч байхдаа наадмаар гурван ч жил хуушуур хийж заржээ. Тэднийг ажил хийж, өөрсдийн хүчээр мөнгө олж үзэхийг нь аав, ээж нь дэмжсэн хэрэг.
Багахан түүх сөхөхөд, Л.Гантөмөр, А.Туул нар зургаадугаар ангийн сурагч байхдаа танилцжээ. А.Туул “Манай хүн биднийг танилцах үед л том болоод улс орноо хөгжүүлнэ” гэж мөрөөдлөө ярьдаг байсан. Мөрөөдлөөсөө ухарч байгаагүйг нь мэддэг болохоор дэмждэг, итгэдэг” гэлээ. Гэрийнхээ санхүүг хариуцдаг тэрбээр сүүлийн есөн жилийн турш эрүүл хооллолтын тухай судалж буй агаад саяхан Астанагийн их сургуульд шим тэжээлийн талаар онлайн сургалтад хамрагдсан юм билээ. А.Туул ойр тойрныхон, найз нөхдөө 108 мөргөхөд “уруу татдаг”, бас хүмүүсийг гэртээ урьж, кофегоор дайлан эрүүл хооллолтын ач холбогдлыг тайлбарлах дуртай. Мөн энэ чиглэлээр сургалт явуулдаг нэгэн.
Хөл тасардаггүй айл
Хүний хөл тасардаггүй, олуулаа л байвал аз жаргалтай санагддаг Л.Гантөмөрийнх халуун дулаан уур амьсгалтай, халуу дүүгсэн, инээж хөхрөлдсөн, биесээ эрхлүүлэх дуртай, нээлттэй, нийтэч, нэгнийхээ яг л найз мэт байдаг. Эгэл бор амьдралаар, багаасаа олуулаа өссөн болоод ч тэр үү гэрт нь хүүхдүүд шуугилдахад толгой нь амарч, хөдөө гэртээ амарч байгаа юм шиг нам унтдагаа Л.Гантөмөр хэлэв.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан түүний хүргэсэн мэндчилгээг энэ ташрамд уламжилъя. Тэрбээр “Монголын хүүхдүүд баяр баясгалантай, инээд хөөрөөр цалгиж, ээжүүд аз жаргалтай байгаасай гэж зорьж манай намынхан бодлогоо хэрэгжүүлж ирсэн. Ардчилсан нам Хүүхдийн мөнгийг санаачлан хэрэгжүүлсэн түүхтэй. Цаашдаа ч ээжүүд, хүүхдүүдээ дэмжсэн төртэй байхын төлөө зүтгэнэ. Та бүхэндээ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг хүргэе” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх