loader
“Адил үгүй ертөнц”

“Адил үгүй ертөнц”

Урлаг хүн төрөлхтөнд төсөөллийн болон мэдрэмжийн эрх чөлөө олгож, бодитоос хийсвэрлэл, хийсвэрээс ухамсар сэтгэлгээг танин нээхэд онцгой байдлаар оролцдог. Түүнчлэн ертөнцийн олон өнгийг олон үгээр бус, мэдрэмжээр хүүрнэдэг.

“Нандин зүрх” ТББ-аас “Artscape” төсөл хэрэгжүүлж, уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг цувралаар толилуулж буй. Хүний оюун санаагаараа төсөөлөн хүрч чадах тэр газар, хүний боломжоос хэтийдэх, хязгаарыг давж очих мэдрэхүйн тэр цэгийг “Artscape” хэмээдэг. “Art as an escape from reality” гэсэн утга бүхий, урлагаас хүртэж буй зүйл нь таныг бодит байдлаас хийсвэр рүү, хийсвэрээс алслан өөр ертөнцөд автуулах гэсэн санааг агуулж байгаа аж.

Тус цуврал үзэсгэлэнгээр хүүхэд, залуусын урлагийн боловсролын ойлголтыг сайжруулах, өргөжүүлэх, түүнчлэн бага болон өсвөр насны хүүхдүүдэд урлагаар дамжуулан өөрийгөө таних, нээх боломжийг шат дараатай олгох зорилготой аж. Учир нь Монголд урлагийн боловсрол, тэр дундаа дүрслэх урлагийн боловсролын хувьд урлагийн бүтээлийг галерейд үзэх, бүтээлүүдтэй ойроос танилцах, уран бүтээлчидтэй уулзах, танилцах нь хангалттай биш. Хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, өөрсдийгөө хөгжүүлэх, танихад урлаг, галерейн орчин чухал үүрэгтэй.

Энэ удаагийн “Artscape-2: “Адил үгүй ертөнц” хэмээн нэрлэсэн эл үзэсгэлэнгээр контемпорари арт, экспрессионист, абстракт, ботаникал арт, холимог арга техникийг хослуулан толилуулах юм.

Тодруулбал, үзэсгэлэнд Л.Бумандорж, Д.Баатарсүрэн, Н.Батбаатар, Ж.Анунаран нарын дөрвөн уран бүтээлчийн 40 гаруй бүтээл буюу олон янзын арга барил, хэлбэр, илэрхийлэл бүхий уламжлалт бүтээлээс орчин үеийн холимог арга техник, барилтай бүтээлийг нэгэн зэрэг хослуулан үзүүлэх аж.

Монголын урчуудын эвлэлийн шагналт, зураач Л.Бумандорж

1972 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн зураач Л.Бумандоржийн уран бүтээлийн нэрийн хуудас нь өнгө, хэлбэр, дүрсийн зохиомж бүхий абстракт бүтээлээс монгол уламжлал аж байдал, амьдралыг шингээсэн гэр дүрслэл бүхий экспрессионист бүтээлүүд. Мөн график, ялангуяа модон бар, хулдаасан бар зонхилж, керамик болон гэрэл зураг, орчин үеийн урлагийн лэнд арт төрлөөр туурвисан ажлууд ч давамгайлдаг.

Зураач Д.Баатарсүрэн

Уран бүтээлч Д.Баатарсүрэн 2015 оноос хойш 60 гаруй бүтээл урлажээ. Түүний бүтээлүүдэд байгалийн сэдэвтэй уран зургуудаас гадна цэцэгсийн зургууд, тэр дундаа вансэмбэрүү, наранцэцэг, цагаан уул болон хайрлан хамгаалах шаардлагатай, ховордож буй ургамлыг тусгасан нь их. Ингэхдээ Хятадын уламжлалт арга барил болох гүнби (potanical art) зургийн өнгөөр ялган зурах төрөлтэй хослуулан туурвидаг байна.

Уран бүтээлч Н.Батбаатар

Н.Батбаатар зураач 2012 оноос уран бүтээлээ эхэлж, өнөөдрийг хүртэл 100 гаруй бүтээл туурвисан байна. Түүний уран зургийн бүтээлүүдэд хөрөг зураг болон судалбар зураг давамгайлдаг. Түүнчлэн монгол зургийн элементүүдээр баяжуулан холимог техниктэй хослуулсан аж байдлын, түүхэн сэдвүүдийг багтаасан шинэ туршилт бүхий бүтээлүүдийг сүүлийн жилүүдэд хийж буй. Тухайлбал, абстракт болон монгол зургийн элемент бүхий хэлбэрүүдийг багтаасан, реалист зургийн барилыг нэгтгэхийг эрмэлзсэн бүтээлүүдээс нь баригдахгүй хоосон зүйлс, үлгэр домгийн сэтгэлгээ, хувь уран бүтээлчийн хандлагууд харагддаг.

Далх-Очирын нэрэмжит "Бөртэ чоно" шагналт, зураач Ж.Анунаран

Контемпорари уран бүтээлч Ж. Анунаран 2011 оноос хойш энэ чиглэлээр дагнан, орчин үеийн урлагийн холимог техник, перформанс, инстоляц төрлөөр бүтээлүүдээ хийдэг. Мөн бодит амьдралд суурилсан дүрсүүдийг гэрэл зургаар баримтжуулан, Монголын эртний шүтлэгийн заншил, амьтдын бэлэг тэмдгүүдийг танка зургийн нарийн элементүүд, арга ажиллагаатай хослуулдгаараа онцлогтой. Ж.Анунарангийн уран бүтээлүүд дуализм буюу эм-эр, дотор-гадна, ар-өнгө, далд-ил ухамсар, бодит ба огторгуй ертөнц гэх мэт хоёр туйлт байдлыг харуулдаг.

“Адил үгүй ертөнц” хамтарсан үзэсгэлэнгийн талаар уран бүтээлч Ж.Анунаран “Үзэсгэлэн бүхэн өөрийн гэсэн онцлогтой. Арга ажиллагаа, урсгал чиглэлийн хувьд өөр өөр хүмүүс нэгдэж байгаа нь сонин бас энэ үзэсгэлэнгээр уран бүтээлчдийг адил үгүй гэдгийг илүү тодотгож буй” гэсэн юм. Түүнчлэн “Урлаг хүний сэтгэлзүйд тод гэрэл гэгээ нэмдэг. Урлагтай ойр байсан, урлагаар амьдарсан хүмүүс сэтгэл санааны хувьд ч их гэгээлэг байдаг. Тиймээс урлагийн боловсролыг хүүхэд ахуй цагаас олгох зорилготой “Artscape” цуврал үзэсгэлэнд бид нэгдэж буй юм” хэмээлээ. “Artscape” төслийн хоёрдахь үзэсгэлэн болох “Адил үгүй ертөнц” үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 3-6-нд “Монгол” арт галерейд үргэлжилнэ.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ГЭСЭР СҮМЭЭС ТАСГАНЫ ОВООНЫ УУЛЗВАР ХҮРТЭЛХ ЗАМЫГ ЗАСАЖ, ХӨДӨЛГӨӨН НЭЭЛЭЭ

Хувьсгалчдын гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд Гэсэр сүмийн уулзвараас Тасганы овооны уулзвар хүртэлх авто замын асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэлийн ажлыг гүйцэтгэж замын хөдөлгөөний

Балбын иргэн дэлхийн хамгийн намхан хүнээр Гиннессийн номонд бүртгэгдлээ

Балбын иргэн Дор Бахадур Хапанги нь Гиннессийн дээд амжилтын номонд хамгийн намхан эрэгтэйгээр гэж бүртгэгдлээ. Тэр 17 нас зургаан сартай ч өндөр нь дөнгөж 73.43 сантиметр. "Хамгийн намхан өсвөр наста

Худалдааг хөнгөвчлөх, хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих зэрэг асуудлаар санал солилцжээ

НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг чухал түнш гэдгийг Ерөнхийлөгч онцлон тэмдэглээд, цаашид хамтын ажиллагааны агуулгыг баяжуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.