loader
"Зүүн Азийн бүх улс шатахууны хямралыг туулж байна"

"Зүүн Азийн бүх улс шатахууны хямралыг туулж байна"

Аж үйлдвэр, эрдэс баялаг/АҮЭБ/-ийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлт, цаашид авах арга хэмжээний талаар өнөөдөр /2026.08.03/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөө шөнийн 00:00 цагаас эхлээд Улаанбаатар хотод календарийн тэгш, сондгой өдрүүдээр шатахууныг олгоно.

Нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана. Саванд өгөхгүй. Энэ зохицуулалт нь байгаа нөөцөө зөв хуваарилах, орон нутгийн ард иргэддээ боломж олгох, нийт иргэдээ зам дээр цагийг нь үрэхгүй байх, бусдадаа тэгш боломж олгох зохицуулалт хийж байна. Дэлхийн бусад орнууд яг л ийм зохицуулалттай байгаа. Наймдугаар сарын 15-н хүртэл энэ зохицуулалтыг хийнэ. Энэ ажилд ЦЕГ, хууль хүчний байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч дэмжлэг үзүүлнэ. “Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, иргэд олон нийтийг мэдээллээр тогтмол хангах, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлэх үүрэг бүхий шуурхай штабыг АҮЭБ-ийн сайдаар ахлуулж, Гадаад харилцааны яам, ХЯ, Зам тээврийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан байгуулсан. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний 95-97 хувийг ОХУ-аас импортоор авч  хэрэглэдэг. Үлдсэнийг нь бусад эх үүсвэрээс буюу БНХАУ-аас авдаг. Сүүлийн хэдэн жил ОХУ, Украин улстай дайны нөхцөл байдалтай байгаа. Бидэнд засгийн газар хоорондын байгуулсан гэрээ хэлцлийнхээ хүрээнд болон найрсаг хөршийн хамтын ажиллагааны үр дүнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд шатахууныг өгөөд явсан. Гэвч он гарснаас хойш дэлхийн нефтийн 25 хувийг дангаараа хангадаг Ормузын хоолой орчимд АНУ, Ираны хооронд том зөрчил үүссэн. Дэлхийн түүхэнд байгаагүй эрчим хүчний газрын тосны хямрал болж байна. Энийг бүх улс орон туулж байгаа. Жишээ нь, БНЭАУ газрын тосны хэрэглээний 85 хувийг импортолдог. Харин 60 хувь нь зөвхөн Ормузын хоолойгоор дамжин орж ирдэг. БНХАУ импортын 40 хувиа энэ хоолойн тээврээс авдаг. Зүүн Азийн бүх улс орон энэ хямралыг туулж байна. 2026 оны зургаа болон долдугаар сарын байдлаар ОХУ-ын нийт мужуудын 90 хувь шатахууны хомсдолтой байдалтай байна. Мөн 78 муждаа 30 литрээс илүүгүй шатахуун олгодог хязгаарлалт хийчихсэн. Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилдээ 14 хувиар өсдөг. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр бид үндсэндээ 2 сая 941 мянга буюу 3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн. Энэ оны долдугаар сарын байдлаар нэг сая 783 мянга тонн шатахуун хэрэглэсэн. Хэрэглээний хувьд харвал, нийт хэрэглээний 30 хувь нь АИ-92 автобензин байдаг. Харин 63.5 хувь нь дизель түлш байна. Одоогийн байдлаар импортын зөвшөөрөлтэй 178 аж ахуйн нэгж, бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 195 аж ахуйн нэгж, жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 193 аж ахуйн нэгж байна. Харамсалтай нь, бүтээгдэхүүн олж ирж чаддаг нь 20 хүрэхгүй аж ахуйн нэгжүүд байдаг. Нефтийн бүтээгдэхүүн элбэг олддог зүйл биш. Бид үнэгүй биш, мөнгөө төлж авдаг. Монгол Улсын нийт хэрэглээний 80 хувийг төвийн бүс, говийн бүс хоёр хэрэглэдэг. Төвийн бүс 40 хувь, говийн бүс 43, баруун бүс найман хувь, зүүн бүс таван хувь,  хангайн бүс хоёр хувь, хойд бүс хоёр хувийг хэрэглэж байна. Монгол Улс ганцхан  сарын нөөцөө хадгалах хүчин чадалтай. Бидний хэрэглээ жилдээ 14 хувиар өсдөг. Энэ оны зургадугаар сар гэхэд улсын хэмжээнд 40 хоногийн нөөцтэй байсан. Импорт 17 хувиар унасан. Долдугаар сард импорт 40 хувиар унасан. Бид өгнө гэсэн бүх хэмжээгээр нь авч хадгалдаг. Саваа дүүрэн байлгахыг зорьдог. Гэвч бидний савны хэмжээ бага байдаг. Дараа нь бид өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ БНХАУ-аас хангахын тулд ажилладаг. БНХАУ бол дэлхийн хамгийн том газрын тос олборлогч бөгөөд хэрэглэгч орон юм. Дотооддоо хүрэлцээ муутай байдгаас экспортолдоггүй. Бид дэлхийн бүх боломжит улс оронтой ярилцдаг. Төрийн их баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч айлчилсан. Айлчлалын хүрээнд хүсэлт тавьж БНСУ-ын Аж үйлдвэр худалдааны нөөцийн сайдтай долдугаар 10-нд уулзалт хийн, хүсэлт тавьсан. Энэ хүрээнд БНСУ-руу явж, хэлэлцээрээ үргэлжлүүлээд баталгаажуулаад ирсэн. Одоо тус улсаас сар болгон 5-10 мянган тонн онгоцны түлш, 20 мянган тонн хүртэл АИ-92, 20 мянган тонн дизель түлш авах тохиролцоо хийгээд ирсэн. Наймдугаар сарын сүүлээр орж ирнэ. Монгол Улсын нөөц болж орж ирнэ. Сардаа бид дээд талдаа 70 мянган тонн АИ-92 хэрэглэдэг. Одоогийн байдлаар 60 мянган тооны гэрээ баталгаажчихсан. Үүн дээр нэмээд энэ 20 мянган тонны ажил хийгдчихвэл сарын сүүлээр бид тасалдалгүй болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Газрын тосны нөөцийг өсгөх хүрээнд 16 хайгуулын талбайг олон улсад нээлттэй зарлалаа. Бид газрын тосны үйлдвэрээ бүтэн барьж, дотооддоо бүрэн хэмжээнд олборлож үйлдвэрээ хангадаг болтлоо энэ эрсдэлээс салж чадахгүй. Бид бусад эх үүсвэрүүдээ төрөлжүүлэх ажлаа хийж байна. Хоёрдугаарт, шатахууны ажлын хэсэг өдөр болгон 24 цагаар яаман дээрээ ажиллана. Өглөө болгон нээлттэй мэдээллийг тавина” гэв.

                                                                                                                                               Эх сурвалж:News.mn


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Лхагва гарагт НӨАТ-ын сугалааны тохирол болно

НӨАТ-ын сугалааны аравдугаар сарын тохирол энэ сарын 16-н буюу Лхагва гарагийн 13:00 цагт явагдахаар товлогджээ.Сугалааны тохирлыг Боловсрол ТВ болон Ebarimt аппликэйшнээр шууд үзэх боломжтой.Энэ удаа

Хаалттай хорих ангийн дарга албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлджээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 28,220, мөрдөн байцаалтын 1,572 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Үүнээс 358 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.Тухайлбал,

Урианхай сурын УАШТ эхэллээ

Монголчуудын "өвөг сур" хэмээгддэг урианхай сурын Улсын аварга шалгаруулах /УАШТ/ тэмцээн өнөөдөр Нийслэлийн Налайх дүүрэгт эхэллээ. Уг харваанд Монгол Улсын өнцөг булан бүрээс 200 гаруй баг тамирчид