Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар /2026.06.24/ мэдээлэл хийлээ.
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба:
-Монгол Улсын батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа нь энхийг эрхэмлэсэн, энх тайванч гадаад бодлогын хүрээнд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр, дипломат арга хэрэгслээр ханган хамгаалах зорилготой. Энэ хүрээнд Монгол Улсын батлан хамгаалахын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Өнөөдрийн Засгийн газрын шийдвэрээр БНСУ, Монгол Улсын хоорондын батлан хамгаалах салбарын хэлэлцээрийг соёрхон батлах зөвшөөрлийг Батлан хамгаалахын сайд Л.Батлутад олгосон. Хоёр орны батлан хамгаалахын хамтын ажиллагааны үндэс 1999 онд тавигдсан бөгөөд түүнээс хойш цэргийн хамтын ажиллагаа өргөжин хөгжсөөр ирсэн. Ялангуяа БНСУ-тай хүний нөөц бэлтгэх, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд хамтран ажиллах, бүс нутгийн хээрийн сургуулилалтыг хөгжүүлэх зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн. Харин одоо энэхүү хамтын ажиллагааг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн түвшинд ахиулах шаардлага бий болсон. Ингэснээр цэрэг, техникийн хөгжил, цэргийн анагаах ухааны салбарт хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж бүрдэж байна. Мөн Монгол Улсын Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжийн дагуу жил бүрийн долоодугаар сарын 10-нд Төрийн далбааны өдрөөр цэргийн ёслолын жагсаал зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын сүр хүч, цэргийн чадавхыг иргэддээ ойлгуулж, гадаадын зочид төлөөлөгчдөд танилцуулах хүндэтгэлийн ёслол юм.
Энэ жилийн Үндэсний их баяр наадмын тэгш ойн хүрээнд төрийн цэргийн болон бусад байгууллагын 8 мянга 500 гаруй алба хаагч оролцсон ёслолын жагсаал, 90 гаруй нэгж цэргийн зэвсэг, техник, байлдааны сөнөөгч онгоц, тусгай зориулалтын тоног төхөөрөмж бүхий техникийн парад зохион байгуулагдана. Мөн Монгол Улсын зэвсэгт хүчний шинэ техник, тоног төхөөрөмжийг олон нийтэд танилцуулахаас гадна батлан хамгаалах салбарт ашиглаж буй дронуудыг анх удаа өргөн хүрээнд үзүүлэх болно гэлээ.















Сэтгэгдэл үлдээх