НАМУУДААС ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТИЙГ БУЦААЛАА
Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой ирүүлсэн хүсэлтүүдийг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцээд “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ын 3.3-т “энэ журамд заасан шаардлага хангаагүй, Нийт шүүгчийн хуралдаанаас зөрчилтэй гэж үзсэн асуудлаар уг зөрчлөө арилгаагүй дахин хандсан өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхгүй, Танхимын нийт шүүгчийн хуралдаанд танилцуулж, албан бичгээр хариу өгнө” гэж заасны дагуу хүсэлтүүдийг буцааж, албан бичгээр хариу өгөхөөр шийдвэрлэв.
1. Монгол үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэлээс Улсын дээд шүүхэд ирүүлсэн “Монгол үндэсний ардчилсан намыг улсын бүртгэлээс хасах” тухай хүсэлтийг хэлэлцээд “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ын 3.3-т заасан “шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр ирүүлсэн хүсэлт, холбогдох баримтыг (24 хуудас) буцаахаар шийдвэрлэв.
Учир нь хүсэлт гаргагчийн хавсаргасан баримтад Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 болон тус намын дүрмийн 7.3.1, 8.3.2, 8.4.1, 8.5-д заасны дагуу нам тарах буюу өөр намтай нэгдэх тухай шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох 150-200 төлөөлөгч бүхий МҮАН-ын Их Хурал дүрэмд заасны дагуу хуралдсан эсэх, тухайлбал хурлын төлөөлөгчид зохих журмын дагуу сонгогдсон, хурлын ирц хүрсэн, гарсан шийдвэр нь хүчинтэй эсэхийг нотолсон хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримт байхгүй, мөн татвар төлөгчийн хасалтын карт дутуу гэж үзлээ.
2. Монголын либерал намын ерөнхий нарийн бичгийн дарга гэх Б.Амгаланбаатараас ирүүлсэн “...Монголын либерал нам нэрээ өөрчилж, Ардчилсан монгол ялна нам болгон өөрчилснийг бүртгүүлэх” тухай хүсэлтийг Захиргааны хэргийн танхимын хуралдаанаар хэлэлцээд өргөдөлд намын дарга гарын үсэг зураагүй, намын нэрийг өөрчлөх шийдвэр гаргасан гэх Монголын либерал намын ээлжит бус 6 дугаар Их хурлын болон хурлаас шийдвэр гарсныг нотлох зарим баримт дутуу байх тул “шаардлага хангаагүй” өргөдөл гэж үзэж, ирүүлсэн хүсэлт, холбогдох баримтыг мөн буцаахаар шийдвэрлэв.
3. Ардын чуулган намыг шинээр үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн Ш.Сайхансамбуугийн хүсэлтийг хэлэлцээд “Нам үүсгэн байгуулах хурал зохион байгуулах газар, хугацааг 2 сарын өмнө төлөөлөгчид мэдэгдэх” талаарх Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, хүсэлт, ирүүлсэн баримтуудыг албан бичгээр буцаалаа.
ЗОН ОЛНЫ НАМЫН ДАРГА Э.ОДБАЯРЫН ХҮСЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭВ
Зон олны намын дарга Э.Одбаяраас ирүүлсэн “Намын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах” тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн цахим хуудаст тус намын электрон шуудангийн хаягуудыг алдаатай оруулсан, мөн намын дарга өөрчлөгдсөн талаар тус намын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолыг Улсын дээд шүүхийн цахим хуудаст байршуулаагүй байгаа нь тус тус тогтоогдсон тул алдааг залруулахаар тогтов.
Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх
Сэтгэгдэл үлдээх