loader
Ургах наран тоссон Сүхбаатарчууд уудам талаа дүүргэн наадав

Ургах наран тоссон Сүхбаатарчууд уудам талаа дүүргэн наадав


Дарьгангын шаргалхан талдаа дүнхийх Алтан Овоо минь, улс орон даяар дуулиан болж дуудсан аймгийн 80 жилийн ойн наадам аль аль нь нутаг руугаа хүлгийн жолоо залах том шалтгаан бас сайхан амралт байлаа.

Амьдралын сайхан нь уулзалтдаа байдаг гэдэг алдарт үгийг санан санасаар очоод найз нартайгаа, “Талын түрлэг”-ийн уран бүтээлч нөхөдтэйгөө, ангийн охид хөвгүүдтэй уулзана гэсэн бодол ямар их яаруулна вэ. Улаанбаатараас зүүн тийш зүглэх бүрт сэтгэл хөвсөлзөж байн байн цаг хардаг, зам хол мэт санагддаг оюутан насны догдлол байсаар л… Олон жилийн өмнө төрсөн гэр, аав ээж, ах дүү нар минь хэмээн гэр рүүгээ яардаг, ээжийнхээ гарын будаатай цай, хайлсан цагаан тосыг санасаар харьдаг байсан энэ зам өнөөдрийнх шиг дардан байгаагүй. Шуудангийн автобус бүтэн 24 цаг явахад л “Хурдан ирлээ” хэмээцгээдэг байсан нь саяхан мэт. Харин одоо бол 560 км толь шиг засмалаар гишгэсээр байгаад л хэдхэн цагийн дотор орчихно.

Аймгийн төв ямар ч өргөн болоо вэ, яасан ч олон шинэ зам, барилга нэмэгдээ вэ, арван жилийн нэгдүгээр сургуулиа олж байж л энэ талд тэр байшин, энэ хороолол байх ёстой гэж баримжаа авч байна шүү. Аймаг хөгжихийн хэрээр үйлчилгээ ч сайжирч, яг л хотынх шиг кофе шопууд нээгдэж, орчин үеийн өндөр зэрэглэлийн зочид буудлын захиалга нь дүүрч, 16 давхраас аймгийн төвийг бүхэлд нь тольдох лаунжид үдшийн өнгөрүүлэх ч сонирхолтой гээд хол газрын гийчид дагуулан очиход нүүр бардам болжээ. Үнэндээ, наран эрт манддаг нутагт амьдрал ч эрт буцалж байна, өглөөний 8 цагт үсчний газар нээлттэй, дараалал ихтэй байгааг хараад баярлаад байсан гээч.

Жинхэнэ хар ногоон зунаар хүлгийн дөрөө мултлалгүй давхисаар Алтан Овоондоо идээний дээжээ өргөж, сүслэн залбираад амжлаа. Аймгийн төвөөс 200 шахам км зам цагаан давхисаар овоондоо зорин очсон бид харин Оргихын булаг, Ганга нуураа бараг хайх шахав. Гангар хунгийн сүргээр мандал нь дүүрч, ганганаж гунганах дуунд нь хавар намартаа хөглөгдөн байдаг нуур маань лагтаа баригдаж бараг усгүй болжээ. Лаг шаварт дарагдснаас эх болсон олон булаг нь ундрахаа больжээ. Үнэхээр харамсалтай, гаслантайяа.


80 жилийн ойн наадам битгий дуусаасай

Зуны сарыг зургаа юм шиг бодож, намрын сарыг найм юм шиг бодож налайдаг хүмүүс чинь жинхэнэ манай тал нутгийнхан л даа. Талдаа талаар нэг малаа бэлчээчихээд тараг айраг, найр наадам эргүүлнэ. Нутгийн буурал өвгөд үнээний цэвэр сүүний нэрмэлдээ халамцанхан дуулж суудаг багын дурсамж минь санагдсаар. Наадмын өглөө цэлмэг тунгалагхан, Наран мандах нутаг дуу сэтгэлд эгшиглэсээр. Шинэ цэнгэлдэхийн зүг бүхий олны хүлгийн жолоо эргэж аймгийн төвдөө хагас цаг шахам түгжирч, түгжирсэндээ бухимдах бус талархаад ч байх шиг. Шинэ цэнгэлдэх хүрээлэн рүүгээ хоёр ч засмал зам тавьж, өчнөөн олон машины зогсоол бэлтгэжээ. Цэнгэлдэх хүрээлэнд дэвссэн ногоон зүлэг наадамчдын гоёлтой хоршоод өнгө төгөлдөр. Наадмын хүрээнд цэнгэлдэх хүрээлэнтэй хаяа нийлэн сум бүр өөрсдийн хаягтай гэр барьжээ. Морилон саатсан зочин гийчидтэй нутгийн удирдлагууд билэгтэй сайхан үгсийг хэлэлцэн айраг цагаагаар дайлж, цаашдын хамтын ажиллагаа хөгжил дэвшлийн төлөвлөгөөг тэнд  ярилцан суух нь хурсан зочдын сэтгэлд өег.

Нэгэн цагт хөгжлийн түвшин, соёл, үйлчилгээ, дэд бүтэц, боловсролын чанар гээд юм юмаараа сүүл мушгичих гээд явсан нутаг минь сүүлийн хэдэн жилд шилдэг аймгаар хоёронтаа шалгарч, 80 жилийн ойгоороо Сүхбаатарын одонт Сүхбаатар аймаг боллоо. Бахархмаар, “Нутаг минь” гэж бардамнамаар.

Энэ жил түүхт ойгоо хийж байгаа олон аймаг сумдын наадамтай өдөр давхацсан Зүүнбүсийн хурд Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн наадам элдэв хэл ам, хэрүүл будлиангүй ёслол төгөлдөр сайхан боллоо. Наадмын нээлт улсын наадам шиг л утга төгөлдөр, зиндаа өндөр байлаа хэмээн хуран олон бахархангуй. Зохион байгуулагчдад нь наадамчин олон чин сэтгэлээс талархсан байх аа.

Хорин жилийн дараа нутагтаа үзсэн наадам хачин сайхан сэтгэгдэл үлдээх өөр олон ч онцлогтой.

Наадмын оройн шоу нутгийнхныг минь, алсаас зорьсон зочдыг ч жинхэнэ хөгжөөсөн дөө. Монголдоо нэртэй хамтлаг дуучдыг тайзнаа залж жанжин Сүхбаатарын талбайдаа хуран цугласан олон Хурд, Камертон, Ice top, Гангбэй гэх мэт хит болсон, хүн бүрийн сонсох дуртай хамтлаг дуучдыг даган дуулж шөнө дунд өнгөртөл цэнгэл эдлэв. Төгсгөлд нь баярын ёслолын буудлага талын олон оддын дунд өнгө өнгөөр тодорч буйг харан дуу алдаж, уухай хашгирсан сайхан арга хэмжээ мөн л онцгой байлаа. Төв талбайдаа шөнөжин шоудсан залуус төгсгөлд нь хогоо цэмцийтэл түүгээд гэр өөдөө зүглэсэн нь зочдыг жинхэнэ гайхшрахад хүргэж, “Залуусын хандлага өөр болжээ” гэж дуу алдахад хүргэсэн. Миний нутгийнхан тал шигээ уужимхан, тал нутагтаа хайртай болохоор л энэ билээ.

Монгол Улсын аварга Н.Батсуурь аймгийн маань 80 жилийн ойг зорин очиж наадамчин олныг баясган, аатай сайхан барилдаж түрүүлж байгаа нь том хүндэтгэл санагдав. Аймаг маань алдар суугаа мандуулсан аварга арслан цөөнтэй ч монгол бөхийн босоо цагаан хийморьт шүтэж, төрийнхөө их баяр наадамд захыг нь мушгиж суудаг Улсын заан Ц.Магалжав, Улсын харцага Ш.Мөнгөнбаатар,  аймгийн арслан Булганхүү,  Б.Батжаргал гээд чамлахааргүй бөхчүүдтэй. Тэднийгээ хүндэлж, бахархаж суудаг юм.  

Хурдан адуугаараа улсдаа гайхагдаж, улс, бүсийн наадмын айраг түрүүнд хурдалж буй ажнай хүлгүүд Сүхбаатар аймгийн гэж ёс юм шиг дуудуулж байдаг энэ нутгийн түүхт ойд сойсон хүлэг нь түрүүлж айрагдана гэдэг бол уяач, унаач, морь гурвын жинхэнэ чансааг харуулж байгаа хэрэг. Их насны морьдын урдалдаанд алдрай багахан наснаасаа нөхөрлөсөн ангийн хөвгүүн 10 Г-ийн Ш.Дашдоржийн хул морь түрүүлж, ангийн анд Ц.Ган-Өлзий маань сурын харваанд цэц мэргэнээ сорьж шагналт байрт шалгаран спортын мастер цолны болзол хангасан нь миний үзсэн наадмыг улам утга төгөлдөр болгов.

Хорин жилийн дараа зорин очиж нутагтаа наадсан 80 жилийн ойн энэ өдрүүдэд нар асгарч, наадамд хоргодон, хурдан морины унаач явсан бага нас, 60 жилийн ойгоор төрийн далбаа мандуулах хүндтэй үүрэг хүлээсэн оюутан насны дурсамж сэргэсэн гэгэлгэн өдрүүд байлаа.

Ж.Цэсэн

 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Машин худалдааны газарт гал гарчээ

Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчны гудамжинд машин худалдааны газарт гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр 08:04 цагт иржээ.Дүүргийн Онцгой байдлы

Оршуулгын тэтгэмжийн хэмжээг 2 сая төгрөг болгов

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж 2 асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргалаа.Тухайлбал, оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын

Омикрон, ВА-4, ВА-5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх үүрэг өгөв

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр “Коронавируст халдварын Омикрон ВА.4, ВА.5 хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. Хурлаар хо