Цаг уур орчны шинжилгээний газраас гуравдугаар сарын цаг агаарын төлөвийг танилцуулаа.
Агаарын температурын хувьд, Монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр буюу Хэнтий, Дундговь аймгуудын ихэнх, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгуудын нутаг болоод Говь-Алтай, Баянхонгор аймгуудын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна. Харин бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй.
Нутгийн хойд хэсгээр буюу, Увс, Завханы хойд, Хөвсгөлийн ихэнх, Булган, Сэлэнгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орно.
Сарын эхэнд буюу нэгдүгээр арав хоногт агаарын температур олон жилийн дунджаас дулаан байна. Хоёрдугаар арав хоногт олон жилийн дундаас бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.
Сарын эхний хагаст ихэнх нутгаар хур тунадасгүй, цаашлаад хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үе болон сарын сүүлчээр ихэнх нутгаар хур тунадастай байх юм.
Гуравдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашлаад нэгдүгээр арав хоногийг дуустал говь болон тал хээрийн бүс нутгаар салхи, шуургатай байх төлөвтэй байна хэмээн Цаг уурч Ш.Тэргэл мэдээлэл өглөө.
Та бүхэн гуравдугаар сарын цаг агаарын төлөвийг доорх мэдээллээс үзнэ үү.
2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ.
- Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
- Төв (Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)
- Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
- Говь (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.
Сар, улирлын урьдчилсан мэдээний талаар лавлах бол Ус, Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн 11-326606 утсаар холбогдох болон "Ус, Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэнгийн “Цаг Агаар, Орчны Тоон Загварчлал Судалгааны Хэлтэс"–ээс тодруулах боломжтой.
УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Агаарын температур ОЖД–аар Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг 0...-6°С, бусад нутгаар -6...14°С хүйтэн байдаг (Зурaг 1).
Зураг 1. 3 дугаар сарын агаарын температурын ОЖД, [ °С].
Агаарын дундаж температурын олон жилийн явцаас үзвэл 1985 оны 3 дугаар сард нийт нутгаар ОЖД–аас 2–8°С–ээр хүйтэн байсан нь 1979 оноос хойшхи хамгийн хүйтэн 3 дугаар сар болсон бол 2018 оны 3 дугаар сард нийт нутгаар ОЖД-аас 0–9°С–ээр дулаан байсан нь түүхэн дэх хамгийн дулаан 3 дугаар сар болсон байна (Зурaг 2).
Зураг 2. 3 дугаар сарын агаарын температурын олон жилийн явц
[хөх – ОЖД–аас хүйтэн, улаан – ОЖД–аас дулаан]
Сарын нийлбэр хур тунадас Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм хур тунадас ордог (Зурaг 3).
Зураг 3. 3 дугаар сарын нийлбэр хур тунадасны ОЖД, [мм].
Зарим жил ОЖД–аас хэд дахин их болон бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй байдаг. Тухайлбал, 1983 болон 1985 оны 3 дугаар саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон нь түүхэн дэх хамгийн бага тунадастай 3 сар болсон байна. Харин 1993 болон 2017 онуудын 3 дугаар сард нутгийн баруун өмнөд хагаст ОЖД-аас харьцангуй ахиу хур тунадас орсноор 1979 оноос хойшхи хамгийн их тунадастай 3 сар болсон байна (Зурaг 4).
Зураг 4. 3 дугаар сарын нийлбэр хур тунадасны олон жилийн явц
[шар – ОЖД-аас бага, ногоон – ОЖД-аас ахиу]
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 5), хур тунадас Увс, Завханы хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6) байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 7–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур ОЖД–аас бага зэрэг дулаан байх бол арав хоногуудийн дунд үеүдээр ОЖД–аас бага зэрэг хүйтрэх төлөвтэй байна.
Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орох бол сарын сүүлчээр зарим газраар нойтон цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим (Зураг 5), хур тунадас нутгийн хойд хэсгээр буюу Хөвсгөл, Булганы хойд, Сэлэнгийн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим (Зураг 6) байх төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 8–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр агаарын температур ОЖД–аас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн дунд үе хүртэл өмнөх өдрүүдээсээ хүйтрэх төлөвтэй байна.
Хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас, уулархаг нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн баруун хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан (Зураг 5), хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим байна (Зураг 6).
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 9–д харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур харьцангуй дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар нойтон цас орж, салхи ширүүсч, зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан (Зураг 5), хур тунадас нийт нутгаар дунджийн орчим (Зураг 6) байна.
Агаарын температур, хур тунадасны явцыг Зураг 10–т харуулав. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур харьцангуй дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.
Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.



















Сэтгэгдэл үлдээх