loader
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт байгуулагдах Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тавьсан 100 сая мод тарьж, ургуулах зорилтын хүрээнд Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборыг байгуулах бөгөөд Монгол Улсын анхны бүрэн автомат технологийн шийдэл бүхий мод үржүүлгийн газар болох юм.

Модлог ургамлын тарьц үржүүлгийн бүрэн автомат системийг Шведийн Хаант Улсаас нэвтрүүлснээр жилд 10 сая тарьц ургуулах хүчин чадалтай мод үржүүлгийн цогцолборыг 100 га газарт байгуулахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 100 сая мод тарьж ургуулах амлалтаа маш богино хугацаанд ажил хэрэг болгож, ойн салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн бүтээн байгуулалтуудыг өрнүүлж байгаад баяр хүргэж, талархал илэрхийллээ.

Ойрын 10 жилийн хугацаанд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөн амжилттай хэрэгжихэд орчин үеийн технологи бүхий мод үржүүлгийн газруудыг байгуулах нь чухал бөгөөд орон нутгийн удирдлага, үндэсний аж ахуйн нэгжүүд, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд, иргэд идэвх санаачилгатай, өндөр оролцоотой ажиллана гэдэгт итгэж байгаагаа хэлэв.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэхүү 100 га талбай бүхий цогцолбор нь модлог ургамлыг орчин үеийн технологи, инновацыг ашиглан бойжуулахаас гадна ойн аж ахуй, агро ойн аж ахуй, хөдөө аж ахуй, хүнсний салбарын сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл хосолсон бүс болж хөгжинө гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ оны 05 дугаар сарын эхээр Шведийн Хаант Улсад ажиллах үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тус улсын “Би Си Си” болон “Садкора Форестри” компаниудтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэн.

Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборт “Би Си Си” компанийн бүрэн автомат технологийг ашигласнаар хүч, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх олон давуу талтай гэдгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил” төслийн нэгжийн дарга Я.Ариунзул хэллээ.

Тухайлбал, нэг хүн 3 өдөрт нэг сая тарьц суулгах боломжтой бөгөөд ингэснээр тус мод үржүүлгийн газарт нийт 12 хүн ажиллах юм.

Мөн тарьцын жилийн өсөлт 20-30 см байх юм. Ингэснээр гурван жил бойжуулсны дараа ойжуулалтад гаргадаг байсан нарсны тарьцыг нэг жилийн дараа ойжуулалтад шилжүүлэх боломжтой.

100 ГА ТАЛБАЙ БҮХИЙ МОД ҮРЖҮҮЛГИЙН “ЭРДЭНЭТ” ЦОГЦОЛБОР НЬ:
  • Боргоцой хатаах, үр боргоцой ангилан ялгах автомат шугам,
  • Загасны аж ахуй бүхий усан сан,
  • Зөгийн аж ахуй бүхий жимсний эх ургамлын плантац,
  • Шилмүүст модны үрийн плантац,
  • Малын тэжээлийн ургамал бүхий хамгаалалтын ойн зурвас зэрэг хэсгээс бүрдэнэ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Ногоон хөгжил” төслийн хүрээнд ойн генетик нөөцийн төв, хөрсний биотехнологийн төв, мод үржүүлгийн цогцолбор байгуулахаас гадна уурхайн хаягдлын аж ахуйг тойруулан нэг сая мод тарьж ногоон зурвас буй болгох, Эрдэнэт, Хангалын голыг дагуулан сая мод тарьж бургасан төгөл үүсгэх, “Уул уурхай-100” модот гэрэлт түүхэн бичиглэлийг хийх зэрэг ажлуудыг эхлээд байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“ЧИНГИС ЛЭНД ДЕВОЛОПМЕНТ-ШИНЭ ХӨГЖЛИЙН ЗАМ ХХК АЛТАНБУЛАГ-УЛААНБААТАР-ЗАМЫН ҮҮД ЧИГЛЭЛИЙН ХУРДНЫ ЗАМЫН АЖЛАА ЭХЛҮҮЛЭХ БҮХ АЖЛАА НУГАЛСАН БАЙНА

“Чингис Лэнд Девелопмент-Шинэ хөгжлийн зам” ХХК нь Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд хурдны авто зам барих ажлаа эхлүүлэх гэж байна. Тус компани одоогоос 11 жилийн өмнө буюу 2011 онд ТӨХ-н

Монголоос 14 жүдоч "Мастерс"-т барилдана

Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны оны хамгийн сүүлийн тэмцээн жин тус бүрийн шилдэг 36 жүдоч өрсөлддөг “Мастерс” тэмцээн арванхоёрдугаар сарын 20-22-нд Израилийн Йерусалем хотод болно. 200 мянган

Онцгой албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг Засгийн газраас 2021 оны 3 ду