loader
Г.Сандуйжав:  “Монгол уралдаан бол тэвчээртэй холч морьдын уралдаан”

Г.Сандуйжав: “Монгол уралдаан бол тэвчээртэй холч морьдын уралдаан”

Монгол Улсын “Тод Манлай” уяач Гарамжавын Сандуйжав өдгөө 70 гарч яваа буурай. Наадамчин олныхоо сэтгэлийг баясгаж хурдан хүлгийнхээ торгон жолоог өргүүлж ирсэн олон жилийн хөдөлмөрөө эдүгээ ч үргэлжлүүлж уяа дүүрэн морьдыхоо хөлсийг хусаж зогсоо түүнийг харахад монгол наадам, үндэсний соёлоороо бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа.

Биднийг очиход тэрбээр “Залуу, халуун байсан шигээ амжилт бүтээлээ яриад л, хөөрч догдлоод байхаа больжээ, ах нь хүүхэд байхаасаа л шунан дурлаж хийж бүтээсэн ажлаа үргэлжлүүлж л явна, уяа сойлго сайн байна аа” гэсээр угтсан юм. Г.Сандуйжав гуай  монгол наадмаараа бахархаж ирсэн, жил бүрийн наадам шударга сайхан болоосой гэж хүсдгээ онцлон ярилаа. Тиймдээ ч бидэнтэй ярилцах үеэрээ баяр наадмын шударга бус бүхнийг шууд хэлж, энэ бүхнийг засаж залруулах цаг болсныг онцолж байв. Та бүхэндээ Монгол Улсын “Тод Манлай” уяач Г.Сандуйжав гуайн ярилцлагыг “Түс Тас” мэдээллийн сайт хүргэж байна.

 

Та хэзээнээс морь сонирхож, уяж эхэлсэн бэ?

Их эртнээс. Аав маань Монгол Улсын "Манлай" уяач Гарамжав гэдэг хүн байсан. Би хар нялхаасаа л аавдаа тусалж хурга ишгэнд гүйдэг байлаа. Дөрөв таван настайгаасаа хурдан морь унаж, аавдаа тусалж,  туслах уяач болж 90-ээд оны үеэс бие дааж морь уясан даа.

Таны аавыг  Тогоруу адуутай салшгүй холбоотой гэсэн яриа байдаг. Тогоруу адууны талаар яривал?

Аав минь улсад найман түрүү, есөн аман хүзүү хэд хэдэн айрагтай. Бас их олон шавьтай хүн байлаа. Монгол Улсын Улсыг батлан хамгаалах туслах нийгэмлэг”-ийн морин тойруулгын уяачаар олон жил ажлласан. Анх Монголд орж ирсэн орос азарганы төлийг улсын наадамд уяж түрүүлүүлж, айрагдуулж байсан. Мөн өөрийн тогоруу азарганы төлийг уралдуулж байсан юм. Тэр адууны үйлдвэр угсааг нилээн сайжруулсан. Монгол Улсад Тогоруу адуу гэхээр л аавын минь  нэр нь шууд гараад ирдэг.  Одоо дөрвөн хүү нь тогоруу удмын адуугаар уралдаж, наадаж явна.

Та сая хурдны морь унадаг байсан тухайгаа хальт дурдлаа. Дэлгэрүүлж болох уу?  

Би айлын том учраас аавынхаа шадар туслах байлаа.  Айлын томууд угаасаа л ээж, аавдаа туслаад л, хамаг ачааллыг үүрдэг дээ.  Аав маань морин тэргэнд майхан саваа ачаад, би хэдэн морио хөтлөөд л улсын наадамд явдаг байлаа. Хүүхэд насныхаа тухай ярих сайхан байна аа. /Инээв/

Та унаач хүүхдээ яаж сонгодог вэ?

Бид өвөг дээдсээсээ эхлүүлээд бүгд унаач. Би сэргэлэн  цовоо,  хөнгөн шингэн хүүхдүүдийг л  сонгож авдаг. Хөдөлмөрч хичээнгүй, морь унах хүсэл тэмүүлэлтэй хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийж, цалин мөнгийг нь хангалттай өгч, өсөж том болоод сургуульд ороход нь дэмждэг дээ. Мөн миний морь унаач байсан маш олон хүүхэд гадагшаа сургуульд явсан байдаг юм. Би ингэж явахад нь зардал мөнгө бусад зүйлээр дэмжлэг үзүүлсээр ирсэн. Цалин хөлсийг нь өгөхгүй, гомдоож байсан тохиолдол байхгүй ээ, цалинг нь өгдөггүй луйварддаг, хагас дутуу өгдөг хүмүүс уяачид дунд бас бий.

Ийм хүн чанаргүй заримаас нь болж л уяачид элдэв муугаар хэлэгддэг байх аа?

Тэгэлгүй яахав. Унаач хүүхэд нь мориноос уначихсан байхад нь туслаагүй,  эмнэлэгт хэвтэхэд нь тусладаггүй хүн байдаг юм билээ. Энэ байдлаас болоод нөгөө хүүхэд нь насаараа тахир дутуу болчихсон тохиолдол ч зөндөө байна.  Тэр бүү хэл эндсэн, осолдсон нь ч  зөндөө шүү дээ. Энэ бүхэн аль хэдийн ил болчихсон...  

Нууц биш бол та унаач хүүхдүүддээ хэр хэмжээний цалин хөлс өгдөг бол?

Хангалттай өгдөг гэж боддог. Хамгийн багадаа сар бүр 500 000  төгрөг  өгдөг. Тэгээд дээр нь хувцаслана, хичээл номын хэрэгсэл бэлтгэж өгөх, бусад зүйл дээр ч туслана.  Хэрэв уралдаандаа амжилт гаргавал шагналын мөнгөнийхөө 20-30 хувийг унаач хүүхдэд өгдөг. Чадал хүрвэл өөр  олон зүйл дээр нь тус дэм болохыг боддог доо. Сургууль соёл, амьдрал ахуйд нь их тусламаар л санагддаг. Эхнээсээ өвгөн миний тусыг аваад явж буй хүүхдүүд бий бий.

Таньд дархлагдсан унаач хүүхэд гэж байгаа юу?

Өө өчнөөн олон байна. Тэднээс чинь үлгэр жишээ авч байж сайн унаач төрдөг байхгүй юу.

Хэвлэлүүдэд Таны өгсөн олон ярилцлагыг уншиж байлаа. Олон шавьтай тухайгаа Та ярьсан байдаг. Шавь нарынхаа тухай яриач?

 

Би их олон шавьтай.  Монгол Улсын Ерөнхий сайд байсан  Миеэгомбын Энхболд, Сангийн сайд байсан Ч.Улаан, УИХ гишүүн асан Ц.Даваасүрэн гэх мэт олны танил хүмүүс бий.  Миний шавь нараас нэлээд олуулаа алдар цолд хүрч, улсын алдарт уяач, улсын манлай уяач, улсын тод манлай уяач, гавьяат, хөдөлмөрийн баатар гэх мэт цол, гавьяа хүртжээ. Аймаг, сумдын алдарт уяачид ч олон төрсөн.  Манай уяаны нэр “Тод магнай” гээд нэлээд алдартай, Хөдөлмөрийн баатар Д.Даваахүү, Тод манлай Д.Онон бид гурав анхдагчид нь юм.

 

Таныхаар монгол наадам монгол хүмүүсийн дархлаа мөн үү?

Монгол наадам бол монгол хүний, монголчуудын салшгүй нэг том соёл. Монгол  наадам жилд нэг удаа л  болдог. Монголчууд бид дараагийн наадмаа бүтэн жил хүлээдэг.  Хурдан морь уях, хүчит бөх барилдах, нум сум харвах  гэдэг бол монгол наадмын онцлог, монголчуудын бусдаас ялгарах онцлог.  Үеийн үед өвлөгдөх том соёл шүү дээ.  Дэлхийд байхгүй гайхамшигтай том соёл учраас бид монгол наадмаа утгаар нь, төгс төгөлдөр тэмдэглэх учиртай.

 

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас өнгөрч буй хоёр жил монголчууд наадмаа хүртэл хойш тавьж, өнжлөө. Наадамд өндөр ач холбогдол өгч оролцдог танд энэ ямар санагдсан бэ?

Яах аргагүй дэлхий нийтийг хамарсан аюултай цар тахал учраас өөр сонголт байгаагүй байх. Бид тарваган тахлыг л аймаар гэж боддог байсан бол түүнээс илүү бараг л бактерлогийн зэвсэг шиг л юм боллоо шүү дээ. Улс орон минь энэ өвчнийг зохион байгуулалттай харьцангуй эрсдэл багатай давлаа. Өнгөрсөн жилийн хувьд бидний хүсэн хүлээсэн төр улс байгуулагдсаны 100 жилийн ой тохиож, наадам маань энэ хэмжээгээр өргөн дэлгэр болох байсан. Гэхдээ цар тахалтай учраас өнжиж, энэ жил 100 болон 101 жилийнхээ ойг хамтатган тэмдэглэх гэж байх шиг байна. Би ч бас догдлоод л сууна.

 

Тэгэхээр наадмын бэлтгэл сайн байгаа байх нь ээ ?

Бид чинь байнгын бэлтгэлтэй байдаг шүү дээ.  Морь уяна гэдэг бол маш том соёл. Одоо бол мэргэжлийн түвшинд уядаг болсон, мэргэшиж байж морь уядаг болсон. 

 

Жилийн жилд наадам болох дөхөхөөр л “эрлийз” морь уралдуулахгүй гэсэн яриа гардаг. Энэ талаар таны байр суурь?

 

Анхнаас нь хорьж чадаагүй болохоор яая гэхэв дээ.  Ер нь эрт үеэс л монгол адууг орос адуутай нийлүүлээд эрлийз адуу бий болгож байсан. Адуу л юм болохоор бид ялгалгүй уралдуулдаг байлаа. Энэ Англи, Араб адуу монгол адуутай эвцэлдээд, үйлдвэр угсаа нь улам сайжраад, их хурдтай, гоёмсог болдог юм байна лээ.

Хурдны чиглэлээр л ярьж байгаа болохоос бэлчээрт бол их хэцүү л дээ. Яг жинхэнэ хөдөөний малчинд эрлийз адуу байвал зуданд тэсэхгүй. Тэгээд ч хэдэн мянга, хэдэн зуун жил жүчээнд л тэжээж ирсэн, хүч ихтэй болохоор ойрын зайд уралддаг. Гэтэл манай монгол адууны уралдаан бол эрс тэс уур амьсгалд тэвчээртэй, холч морьдын уралдаан байдаг. Харин өнөөдөр үүнийг хольж хутгаад, улс амьтныг үймүүлээд,  баян хоосны ялгаа гаргаж байгаа нь тоогүй. Энэ байдлаасаа болоод бид наадмаа ч хийж чадахгүйд хүрээд байна. Хатуу хэлбэл үнэн, шударгаар уралдаж чадахгүй байна. Наадмаа үнэн, шударга зохион байгуулж чадахгүй байна.  Энэ байдлаас болоод үнэнчээр малаа маллаж байгаа малчид, уяачид хэлмэгдэж байна шүү дээ.

Энэ байдалд олон уяач, наадамчид ч бухимдаж байгаа байх даа?

Тийм. Бэл чадал ихтэй, баян чинээлэг хүмүүс энэ адууг оруулж ирээд монгол наадмыг наадам биш болгож байна гэж хэлэхэд буруудахгүй. Тэр адууг  яг тамирчин шиг асарч,  бэлтгэж, их хэмжээний мөнгө зарж байна. Дэлхийд тамирчдыг яаж бэлтгэдэг тэрэн шиг витаминжуулж, эмч, байр, массажист гэх мэт багтай байж дэлхийд өрсөлддөгтэй адилаар мэргэжлийн түвшинд оччихсон байна.

Ер нь бол морь уях нь хөрөнгө чинээтэй хүний хийдэг ажил болчихоод байна. Дэлхийд хөрөнгө чинээтэй, баян хүмүүс адуу уралдуулдаг. Монголд ч гэсэн хөрөнгөтний нийгмийн үед тийм л байсан. Баячууд нь сайн гэсэн адууг нь худалдаж аваад, аль сайн гэсэн уяачаар нь уяулдаг байсан. Одоо энэ хуулийн цоорхой ч гэдэг юм уу энэ олон ТББ-ууд зоргонд нь хаячихаад үндэснийхээ наадмаар шударга сайхан уралдаж чадахгүй байна.  Морьдоо ч шударга бус уралдаж, бөх нь ч допинг хэрэглэж, бүх зүйл нь мөнгөөр шийдэгддэг болчихлоо.  

Шударга бус энэ мэт явдлуудтай эвлэрэхгүй хүмүүс ярьж хэлж л байх шиг байна?

Яриад байвал маш олон луйвар, булхай бий шүү дээ.  Итгэлт баян  “Тамирын голын мөсийг долоох шахан байж энэ хөрөнгийг цуглуулсан” гэж ярьдаг даа. Яг түүн шиг л хүүхэд ахуй цагаасаа эхлээд өтөл буурал болтлоо уяачдын амьдралыг туулчихсан болохоор заримдаа их л хямрах юм. Энэ шударга бус асуудлыг нэг биш удаа шүүмжилж, нэг биш удаа ярьсан. Сүүлдээ ярилцлага өгөхөөс дургүйцдэг болж, ярих л юм бол эргээд л шүүмжилдэг болсон байна. Ер нь бол мөнгөтэй, бэл бэнчинтэй нэг нь эрлийз адуу авч монгол адуутай уралдуулж, зайг нь богино болгодог болчихлоо шүү дээ. Урам ч хугарч байна.

Энэ бүхнийг Та яаж зохицуулж болно гэж харж байна вэ?

 

Уг нь “Монголын морин спорт уяачдын холбоо” зохицуулалт хийсэн. Нэгэнт монголд олон хүн хурдны чиглэлийн эрлийз адуутай болчихлоо. Энэ тохиолдолд эрлийз нь тусдаа, бусад насны морьд тусдаа уралдана гэдгийг хуульчилж өгсөн. “Монголын морин спорт уяачдын холбоо” бол ТББ шүү дээ. Энэ байгууллага нь  ингээд зохион байгуулалтад оруулж өгөхөөр шударга бус нь үргэлжилсээр, хуульдаа захирагдахгүй байгаа юм. Уг нь үүлдэр тогтоох комисс гэж байдаг. Тэр нь ажлаа зөв хийдэггүй, мөнгөтэй нэгнээс авлига авдаг. Эд нар ингэж ард түмнийг 20-оод жил доромжиллоо. Яагаад больж болдоггүй юм бол… Энэ бүхнийг нь хэлж ярьсан нэг нь ад болоод л дуусдаг.

Ер нь бол том адуу урт хөлтэй учраас ойрын зайд уралддаг. Дэлхий нийтээрээ үүнийг мэднэ. Гэтэл манай холч,  тэвчээртэй адууны уралдаанд авч ирж уралдуулаад холион бантан болгоод байна.

 

Хатуухан хэлэхэд маш олон шударга уяачдын эрх ашгийг зөрчиж байна гэсэн үг үү?

Тийм. Малчид, уяачдын эрх ашгийг зөрчиж байна.  Тэр мөнгөтэй хүмүүс чинь морь сайн уядаг уяачдыг хөлслөөд, өндөр цалин өгөөд уяулдаг. Тэгээд өөрөө мэргэшээгүй байж алдар цол аваад гэртээ сууж байдаг. Манайхан ч мэргэжлийн бус хүнд улсын алдар цол өгдөг. Одоо үүнийг болих хэрэгтэй. Өөрөө уяхгүй байж улсын цол авна гэж байж болох уу?  Малчид, уяачид бид малаа жилийн дөрвөн улиралд халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, хоолтой, хоолгүй, салхинд адуутайгаа цуг уруудаж амь алдах шахан байж адуугаа өсгөдөг. Харин хөрөнгө, мөнгөтэй хүмүүс бүхнийг уландаа гишгээд төрийн наадам сайхан болно уу,  муухай болно уу хамаагүй,  жудаггүй загнаж байна.

 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

МҮБХ дүрмээ өөрчилж, барилдаан үргэлжлэх хугацааг 50 минут болголоо

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид болон барилдааны дүрмийн зөвлөлийн гишүүд хуралдаж барилдааны дүрэмд өөрчлөлт орууллаа.“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5 дахь заалтын “

Наадмаар ажиллах зах, худалдааны төв, сүлжээ дэлгүүрийн цагийн хуваарь

Үндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долдугаар сарын 9-18-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баяр наадмын өдрүүдэд ху

Туул гол дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ

НОБГ-ын Аврах ангийн “Ахлагчийн зөвлөл” хоёрдахь жилдээ “Эх дэлхийгээ хайрлая” уриалгыг дэвшүүлэн, сайн дурын ажлыг зохион байгууллаа.Энэ хүрээнд Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш хошуу хүртэл 3 км зайд