-”Гадаад зээлийн үр ашиглалтыг нэмэгдүүлэх тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжээгүй, буцаасан. Энэхүү хуулийн төсөлд багтсан мега төслүүдийн нэг нь “Сэлбэ 20 минутын хот” байсан. Төсөл удирдагчийн хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүд эдийн засаг, гадаад зах зээл, геополитикийн нөхцөл байдлыг үндэслээд алдагдалгүй төсөв баталъя гэдэг шийдвэрээр 2026 оны төсвийг баталсан. Энэ хүрээнд томоохон төслүүдийн гадаад зээл, бондын асуудлууд хамрагдаж чадаагүй. Эдгээр төслүүд бол аль хэзээний эхэлсэн төслүүд байсан. Засгийн газар, УИХ-аас гаргасан шат шатны тогтоол шийдвэрүүд, ТЭЗҮ-тэй төслүүд байгаа. Энэ төслүүдийн эрчмийг сааруулахгүйн тулд дээрх хуулийг зарим нэг гишүүн санаачилж, өнгөрсөн оны төгсгөлөөр УИХ-д өргөн барьсан. Ингээд хэлэлцэгдэж явсаар өнгөрсөн долоо хоногт чуулганаар ороод, санал хураагаад дэмжигдээгүй. Энэ долоо хоногт дахин өргөн барьж байгаа. Ингэхдээ Нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцыг багтаагаад Засгийн газар өөрөө өргөн барина. Үүнээс “Сэлбэ 20 минутын хот”-ыг хасаж байгаа. Үүгээрээ батлагдах юм шиг байна. Хассан шалтгаан нь 2024 онд мега төслүүдийг Засгийн газрын бодлогын түвшинд намын мөрийн хөтөлбөрт тусгаснаар 14 мега төсөл, Улаанбаатар хотын хүрээнд 24 мега төсөл батлагдсан. Тиймээс Засгийн газрын өөрийнх нь мега төслүүд багтаж байна. Нийслэлийн мега төслийг хаслаа гэж ойлгож байна. Үүнд ялгавартай хандсан, яаж эрэмбэлсэн эсэхийг санал өгсөн гишүүд өөрсдөө мэдэж байгаа байх. Төслийг хэрэгжүүлж байгаа бидний талаас цаг үеэ олоогүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гарлаа гэж харж байгаа.
-Томоохон мега төслүүд дээр улс төрийн нөлөөлөл байна гэж иргэд хардаж байна. Үүнд юу хэлэх вэ?
-Томоохон төслийг хийх шаардлага дандаа шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай гарч ирдэг. Түүнээс хэн нэгэн улстөрч үүнийг шууд санаачилсан зүйл байхгүй. Жишээлбэл, Туулын хурдны замыг хувийн хэвшил санаачлаад, 2013 онд Э.Бат-Үүл даргын үед яригддаг байсан. Энэ мэтчилэн Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа мега төслүүд бүгд суурь судалгаатай байдаг. Эдийн засаг, нийгэм, агаарын бохирдлыг шийдэх гарц болж, Улаанбаатар хотыг дахин инженерчлэх, шинэ үеийн хот болгох бүх дэд бүтцийн асуудлыг шийдэх хэмжээний төслүүд байдаг. Түүнээс Нямбаатар хотын дарга болоод шууд санаачилсан зүйл биш. Өнгөрсөн хугацаанд нөхцөл байдлууддаа судалгаа хийгээд, ер нь цаашид ийм төлөвлөлтөөр явна гэдгээ судалсан. Нөгөө талаараа улстөрчид үүнийг хэзээ, хэрхэн хийх үү гэдэг шийдвэрийг гарган, ташуур өгч, мөрийн хөтөлбөртөө тусгаж дэмжиж явах ёстой. Ер нь улс төрийн зоримог зөв шийдэл, алсын хараагүйгээр томоохон төслүүд явдаггүй. Улс төрийн эсэргүүцлээр сөрөг талаас төслүүдийг зогсоох, гацаах нөхцөл байдал учирч байна л даа. Гэхдээ ямар нэгэн зүйл аль ч талаараа улс төр, ард иргэд, хууль хяналтын шүүлтүүрээр ордог. Бүх л зүйл төслийг дайран өнгөрч, тал талаас нь ноолж, ноцож байж ажил явдаг нь үнэн.
-Тэгвэл "Сэлбэ 20 минутын хот" төсөл Улаанбаатар хотын төвлөрөл, утаа, замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ. Төслийн ач холбогдлын талаар ярихгүй юу?
-Улаанбаатар хот бол байнгын болон түр оршин сууж байгаа хоёр сая хүн амьдарч буй томоохон мега хот болчихоод байгаа юм. Гэвч Улаанбаатар хотын дэд бүтцийн асуудалд олон жилийн хугацаанд дорвитой арга хэмжээ аваагүйгээс болж хот төлөвлөлтийн ноцтой зөрчил, алдаанууд үүсч эхэлсэн. Үүнтэй уялдаад богино хугацаанд хэт төвлөрөл бий болж, гэр хороолол хурдтайгаар нэмэгдсэн. Үүнийг дагаад агаар орчны орчны бохирдол, автозамын түгжрэл гэсэн хоёр том асуудалтай нийслэл хот олон жил ноцолдож байна. Тухайн үеийн шийдвэр гаргагч нар, ажил хариуцаж байсан бүх хүн үүний ард гарахын тулд өөрсдийн боломжоороо зөв гэсэн шийдвэрүүдийг гаргаж ирсэн л дээ. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан хүмүүсийн буруу гэхээсээ илүү зах зээлийн нийгэмд хурдтай шилжсэн хөдөөгийн бүс нутгийн хөгжлийг тэгш хараагүйгээс болж хотод ирэх урсгалыг богино хугацаанд, хэд дахин нэмэгдүүлсэн. Эдийн засаг, аж амьдрал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ нэг талдаа төвлөрсөн. Үүнээс үүдээд хот хүн амын нягтаршил их болсон. Ингээд 2040 он гэдэг ерөнхий төлөвлөгөөгөөр “20 минутын хот” үзэл баримтлалаар 14 хотыг төлөвлөн хөгжүүлж, дэд төв байгуулах төслийн нэг нь "Сэлбэ 20 минутын хот" юм. Улаанбаатар хотын төвөөс 5-6 километрт, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан 158 га талбайд бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Арван мянган айлын орон сууц болон бусад анхан шатны үйлчилгээг байгуулах төлөвлөгөө бий. Утаа, агаарын бохирдол зөвхөн хотын асуудал биш, аймгуудын ч асуудал болсон. Бид "Сэлбэ дэд төв" төслийн хүрээнд газар чөлөөлөөд, өнгөрсөн өвлийн хугацаанд гэхэд тухайн бүс нутгийн агаарын чанар 30-35 хувь сайжирсан. Ер нь энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын агаарын чанарт долоо орчим хувийн эерэг нөлөө үзүүлэх юм. Мөн тухайн бүс нутагт шинэ, эрүүл газар байгаагүй. Бид газар чөлөөлөлтийн явцад 6000-7000 нүхэн жорлонг цэвэрлэж ариутгасан. Улаанбаатар хотын хүн амын төвлөрсөн хойд хэсэг учраас нягтаршил ихтэй, зуслангийн бүстэй холбогддог учраас хөрс асар ихээр доройтсон байсан.
-Замын ачааллыг бууруулах талаар төлөвлөгөө гаргасан уу?
-Хотын хойд зүгтээ төвлөрөл үүсвэл, тэр зүгийн гол замуудын ачаалал нэмэгдэнэ. Тиймээс өнгөрсөн жил төслийн хүрээнд гол болон туслах замуудын судалгааг хийсэн. Ийнхүү шинэ зам тавих, уулзваруудыг өргөтгөн хоёр түвшинд болгох зураг төслийг хийж байна. Ер нь ирээдүйд "Сэлбэ" шиг дэд төвийг олноор хийхгүй байх тусам түгжрэл улам ихэснэ. Эсвэл хотын төв рүү урсаж байгаа урсгалыг тухайн бүс нутагт нь барьж, одоо байгаа хөдөлгөөний ачааллыг саармагжуулах хэрэгтэй. Үүний үндсэн дээр Тойрог зам, Туулын хурдын замын сүлжээ рүүгээ холбогдож, туслах замуудыг олноор хийнэ. Сэлбэ дэд төсөл тухайн бүс нутагтаа хэрэгжиж байгаа сайн төсөл боловч бусад бүх мега төслүүдтэйгээ холбогдож байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
-Одоогоор хэдэн барилгын ажил явагдаж байгаа вэ?
-Одоогийн байдлаар 102 блокын ажил явж байгаа. Төсвийн хязгаартай холбоотойгоор нэг сургууль, нэг цэцэрлэг эхний ээлжинд баригдана. Дараагийн бидний анхаарч байгаа ажил бол инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц байна. Мөн тухайн төлөвлөлтөд орж байгаа хувийн хөрөнгө оруулалтыг бид түлхүү дэмжиж ажиллана. Тэгж байж хотын статус руу аваачина. Ер нь Сэлбэ дэд төв хотын эдийн засагт шууд нөлөөтэй. Үүний жишиг болж буй салбар бол дотоодын барилгын салбар. Тус төслийн 80-аас дээш хувийн гүйцэтгэлийг Монголын барилгын салбарынхан, компаниуд хийж байгаа. Энэ утгаараа аж ахуйн нэгжийн орлого, татвар, хураамж, цалин хөлс бүгд дотоодын эдийн засагтаа шингэж байгаа. Энэхүү төслийг дотоодын нөөц бололцоогоороо явуулах төлөвлөгөөтэй байгаа учраас зогсоож болохгүй. Яагаад гэвэл асар олон ажлын байр шинээр бий болгочихоод буцаагаад унагаана гэсэн ойлголт байхгүй. Мөн энэ төсөл хэрэгжсэний дараагаар 6000 орчим шинэ ажлын байр тухайн бүс нутагт бий болно. Мөн цаашаа Дамбадаржаа, наашаа Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутгийг хамарсан хотын төв рүүгээ чиглэсэн дараагийн төлөвлөгөөнүүд яригдана. "Сэлбэ 20 минутын хот" төслийг амжилттай хэрэгжүүлснээр бусад газар чөлөөлөлттэй холбоотой ижил төрлийн төслүүдийн суурь загвар болох юм. Тухайлбал, өнөөдрийн гарч байгаа улс төрийн шийдвэр, олон нийтийн эсэргүүцэл, эдийн засгийн нөлөө бүрийг загварчлаад зөв томьёолбол дараагийн төслүүдийн гарын авлага болно.
-Төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох уу?
-Өнөөдрийн байдлаар гадуур төсөл зогслоо гэсэн зүйл яригдаж байгаа ч "Сэлбэ 20 минутын хот" төсөл зогсохгүй. Цаг хугацаанд нь иргэддээ амласан амлалтаа биелүүлэхээр манай төслийн баг өдөр шөнөгүй ажиллаж байна. 2027 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно. Ер нь аливаа төслийг маш сайн төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөлтийн алдаа хэрэгжилт дээр гарч ирдэг. Харин хэрэгжилт дээрээ сайжруулаад явж болдог. Одоо бол бид төслийн хэрэгжилт дээр явж байна. Анх төлөвлөсөн төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага үүсч байна. Ер нь Засгийн газрын зөвшөөрлөөр бонд гаргах эрхийг нийслэлд өгөөд, нийслэл үүнд бонд гаргаад ажил явж байгаа. Одоо бол үүнийг зарцуулах боломжгүй болчихлоо. Тиймээс бидний анхны план өөрчлөгдөнө. Үүнд бид буруутан хайгаад, улстөржиж байна гэхээсээ илүү төлөвлөгөөгөө өөрчлөөд дахиад хэрэгжилтээ засаад явна. Ямар ч тохиолдолд төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно. Өнөөдөр явж байгаа ажлынхаа эрчийг алдагдуулахгүй. Хэдийгээр хуулийн хүрээнд хамрагдах боломжгүй байгаа ч өөр хуулийн гарцыг хайж, төслийг цаг хугацаанд нь дуусгана. Шинэ төлөвлөлтөөр, шинэ менежментээр Сэлбэ төсөл үргэлжилнэ. Бид гол төлөв санхүүгийн бүтэцдээ өөрчлөлт оруулна. Мөн борлуулалтын схем болон төслийн гүйцэтгэгч компаниудтайгаа илүү нягтарч ажиллах төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: Өдрийн сонин Г.БАЛГАРМАА













Сэтгэгдэл үлдээх