loader
Ж.Мандухай: Би бүжиглэж ханаагүй байна

Ж.Мандухай: Би бүжиглэж ханаагүй байна

“Түс Тас” ярилцлагын зочноор Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, СТА Жамсрангийн Мандухайг уншигчидтайгаа уулзуулж байгаадаа баяртай байна. Түүнийг та бүхэн “Тамгагүй төр” түүхэн жүжгийн саяхан тайзнаа Б.Баатар найруулагчийн тавьсан хувилбарт үнэгний дүрд бүжиглэснээр санаж байгаа байх. Их театрын тайзнаа бүжиглэж эхэлснийх нь 20 жилийн ой тохиож байгаа энэ үед тэрбээр баяр наадмын өдрүүдэд нэгэн шинэ уран бүтээлээ толилуулахаар бэлтгээд тун чиг завгүй явна.




-Эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-       Жамсран овогтой Мандухай байна. Үндэсний урлагийн их театрын бүжигчин. Ховд аймагт төрсөн. Аав маань цэргийн хүн учраас манайх их нүүдэг айл байсан. Намайг зургаан настайд Төв аймаг руу шилжсэн. Харин би  Дорноговь аймагт нэгдүгээр ангид элсэн орж байлаа. Ноён хутагтын нутаг болохоор урлагийн арга хэмжээнүүд их болдог байсан. Тэндээс  л бүжигчин болох эхлэл тавигдсан гэж боддог.

-       Арван жилдээ ямар хүүхэд байсан бэ?

-       Арван жилийн сурагч байхдаа би даруухан, хичээлдээ сайн охин байсан. Урлаг харин намайг өөр өнцгөөс өөрийгөө харж, өөрчлөгдөхөд хүргэсэн байх.  Ээж минь намайг бүхнээс илүү мэддэг, мэдэрдэг болохоор бүжгийн дугуйланд

явуулж эхэлснээс хойш олон тэмцээн уралдаанд оролцдог байлаа. Тэдгээр  тэмцээнүүдээс Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар Сүхбаатар багш намайг олж харсан гэдэг. “Авьяастай хүүхэд шүү” гэж хэлээд  намайг Улаанбаатар хотын Улсын ардын дуу бүжгийн их чуулга буюу өнөөгийн Үндэсний урлагийн их театрын “Алтан ураг” хүүхдийн бүжгийн чуулгад оролцуулсан. Тэр чуулгад оролцож байхад надад үгээр хэлшгүй сайхан мэдрэмж төрж, хүний ертөнцөд төсөөлөөгүй ийм гоё ертөнц байдаг гэдгийг ойлгуулсан гэж бодож байна.  Мөн ахмад бүжигчдийг хараад тэр хүмүүс шиг болохыг хүссэн. Одоо ч тэр гайхалтай чадварлаг бүжигчид шиг болохыг хүссэн хэвээр байна.

-       Таны анхны багш Сэвжидийн Сүхбаатар гуай юм уу?

-       Анхны багш Дорноговийн Зүүнбаян сумын Соёлын ордны дэргэдэх “Говийн наран” хамтлагийг чиглүүлж байсан Эрдэнээ багш байсан. Чанга хатуу хүн ч гэлээ  биднийг багаар ажиллах чадвар, тэсвэр тэвчээрт сургаж, бүжгийн урлагт дурлуулах шалтгаануудыг үгээрээ бус үйлдлээрээ харуулсан гэж боддог. Түүнээс хойш Хөгжим бүжгийн коллежид ирж сурсан.


-       Аав ээжийнхээ тухай илүү дэлгэрэнгүй яриач.

-       Ээж маань бага ангийн багш мэргэжилтэй болохоор намайг их зөв хүмүүжүүлсэн гэж бодож байгаа. Ээжийн хүмүүжил, сургаал намайг нэг ч удаа буруу шийдвэр гаргуулаагүй байх. Мөн эрдэм боловсролд маань их анхаарсан. Аав бол цэргийн хүн гэж ярианы эхлэлд хэлсэн шүү дээ. Нэг түүх яримаар санагдаж байна. Миний үс хав хар урт өтгөн байсан л даа. Би хөгжим бүжгийн коллежид элсэж орсныхоо дараахан үсээ мөртэйгээ зэрэгцүүлэн тайруулчхаад дээрээс нь буржгар болгож билээ. Эхний хэдэн өдөр ичээд үсээ үргэлж дээш шууж боогоод явсан. Нэг өдөр ээж мэдээд нэлээд ширүүн загнахад миний ард аав минь уйлчихсан сууж байсан. Юу ч хэлээгүй л дээ. Тэр үед би их гэмшсэн. Түүнээс хойш аавдаа зориулж үсээ ургуулж байна. Миний аав ээж хоёр ер нь дөрвөн хүүхдээ их сайн хүмүүжүүлсэн хүмүүс шүү дээ. Намайг театрын бүжигчнээр ороход надаас их баярласан...

-       Та театрт ажиллаад хэдэн жил болж байгаа билээ?

-       Хорин жил болж байна. Өчигдөр, уржигдар гээд хоёр өдөр ангийхантайгаа уулзаж хорин жилийн ойгоо тэмдэглэлээ. Ардын багш Долгорсүрэн багшийн отгон шавь л даа бид нар. Багшдаа хүндэтгэл үзүүлээд Хөгжим бүжгийн коллежийн заалыг Долгорсүрэн багшийн нэрэмжит болгосон. Багшаараа их бахархдаг.

-       Ийм олон жилийн турш тайзан дээр амьдарч бүжиглэсээр ирж, ингэхэд танд өөрийнхөөрөө, тааваараа өнгөрөөсөн цаг хугацаа хэр байдаг вэ?

-       Өөрөө дуртай учраас сайхан талаас нь хараад бүжиглээд явдаг даа. Хүүхэд байхаасаа л өдөр бүр оймс, бэлтгэлийн гутлаа угаадаг байлаа. Хичээлээ хийнэ. Надад тоглох, гадуур зугаалах зав байгаагүй. Найзуудтайгаа ч уулзаж амждаггүй л хүүхэд байж дээ. Тухайн үедээ хэцүү байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ амьдралдаа дасдаг юм билээ.

-       Ийм завгүй урлагийн хүний арыг даадаг найдвартай гэр бүл байгаа байх. Ханийнхаа талаар яриач?

-       Би нэг охин, нэг хүүтэй. Хань маань намайг сайн ойлгодог. Миний хувьд өдөр нь ажил дээрээ бүжиглэнэ, орой нь дасгал сургуулилалтаа хийдэг болохоор шөнө л  гэрийн ажлаа амжуулдаг. Хувцсаа шөнө угааж, гэрээ ч шөнөөр цэвэрлэх үе байна.


-       Та бүжиглэж байхдаа ихэвчлэн юуны тухай боддог вэ? Танд мэдрэгддэг мэдрэмжээсээ хуваалцаж болох уу?

-       Хүмүүс байнга бүжиглэж байгаа гэсэн өнцгөөс харан бүжигчин хүнийг дасгал хөдөлгөөнтэй эрүүл гэж бодоод байх шиг байдаг. Хорин жил бүжиглэсэн бол тэтгэвэртээ гарах ёстой л доо. Монгол бүжиг тухайн бүжигчнээ хөлийн үзүүрээс толгойн орой хүртэл зэрэг хөдөлгөдөг. Хааяа бэртэл ч авах нь бий. Гэхдээ надад тайзан дээр гарах л хамгийн сайхан нь байдаг. Бэлтгэлээ хийж байхдаа хүртэл тайз руу л гарахыг хүсдэг. Тайзан дээр гоё гарахын тулд бүжиглэх чадвар мөн  сэтгэлзүйгээ хамгийн дээдээр бэлддэг.  Манай нөхөр намайг “чи гэртээ орж ирэхдээ ч тайзаа бодох юм аа, тайзан дээр гарч буй мэт л байх юм ” гэдэг.

-       Ингэхэд танай нөхөр урлагийн хүн билүү?

-       Тиймээ урлагийн хүн. Цэргийн дуу бүжгийн их чуулгын  хөгжимчин, хөөмийчин.  Тийм болохоор хамтдаа хоёр биенээ ойлгон бүх зүйлд тусалдаг. Бас би өөрөө шашны багштай хүн л дээ.  Энэ нь хүн бүр амьдралд ирэхдээ нэг зорилготой ирдэг. Зорилго гэдэг нь амьдралынхаа явцад ямар ч мэргэжилтэй бай бусдад сайн сайхныг түгээж байхыг л хэлж байгаа юм.

-       Та сая шашны багштай гэж хэллээ. Багшийнхаа талаар яриач. Шашны аль урсгалын хүн бэ?

-       Эгэл биш хүмүүс хамгийн энгийнээр амьдардаг. Би бүх шашныг хүндэлж, хамтад нь сүсэглэдэг. Хоорондоо харших зүйл огт байдаггүй ээ.

-       Та хорин жил бүжиглэжээ. Хэзээ тэтгэвэртээ гарах вэ?

-       Би бүжиглэж ханаагүй байна. Чухам л миний бие өвдөж, хамт олон болон энэхүү бүжгийн урлагт гологдоод ирэх хүртлээ л бүжиглэнэ. Миний бүжгээр ханах сэтгэл, тэр цэг хаана байгааг би хэлж мэдэхгүй байна.

-       Танд энэ урлагаас шантарч байсан үе байна уу?

-       Нэг удаа шантарсан шүү.  Мэргэжлийн бүжигчин болсон эхэн үеүдэд гутрал их байсан. Тэнгэрт дэвшсэн гавьяат жүжигчин Зоригт багш маань ажлын гурав дахь жил дээр байхад намайг дуудаад “чамайг хараад, чамтай дүйцүүлэн бүжигчдэдээ сургадаг шүү” гэж хэлсэн. Энэ үг хүч өгөхийн зэрэгцээ намайг илүү их хичээхэд хүргэсэн. Багш намайг харж байхад би муу байж болохгүй гэсэн үүднээс бэлтгэлээ хүртэл илүү цагаар хийдэг байсан. Энэ нь зуршил болон хувирсан л даа. Гэхдээ би зургаан жил бүжиглээд Солонгос явчихсан. Тэнд уг нь тоглолтоор л очсон юм. Гэхдээ тэнд оччихоод чуулга, хамт олноо их санасан. Солонгост байхдаа бүжгийн урлагийн үнэ цэнэ илүү түлхүү мэдрэгдсэн. Өөрийгөө театртаа л ажиллах хувь зохиолтой гэдгээ ойлгон буцаж ирээд эргэлт буцалтгүй, дахиж шантрахгүйгээр бүжиглэсэн. Би одоо их жаргалтай байна.

-       Бүжигчин хүнд бусад мэргэжилтэй хүнтэй харьцуулахад ямар зан чанар давамгайлдаг вэ?

-       Бүжигчин хүмүүс их яриад байдаггүй. Багш нар маань ч бүжгээ бод, дүрээ бод гэдэг байсан. Бодсоны эцэст үр дүн гардаг мэргэжил л дээ. Аливаа зүйлийг үйлдлээрээ хий гэж сургасан.

-       “Дүрээ бод” гэж та хэллээ. Бүжиглэнгээ давхар жүжиглэнэ гэхээр тухайн бүжигчнээс илүү их чадвар шаардаж байх шиг.

-       Мэргэжлийн бүжигчин болоод театрт ирж байх үед гавьяат Баярбаатар багш дэглээчээр ажиллаж байсан. Багш хэлэхдээ “би ч шинэ, та нар ч шинэ” гэж хэлж байсан. Мөн тэгээд “бүжигчин хүн тухайн бүжиглэж буй дүрдээ бүрэн орох ёстой. Мандухай Мандухайгаараа байвал тэр бүжигчин биш болно” гэж хэлсэн. Багш нараасаа үнэтэй сургаалуудыг нь тогтоогоод авахыг л хүсдэг. Өөрийнхөө дотор тухайн дүрийнхээ төсөөллийг бүрэн бий болгочхоод бүжиглэвэл би дүрдээ бүрэн хувирах буюу жүжиглэж чаддаг.

-       Таны сэтгэлд хамгийн ихээр үлдсэн бүжгийн дүр чинь юу вэ?

-       Дүр бүрдээ ач холбогдол өгдөг. Нарны домгийн “Нар”-ны дүрд бүжиглэж байхдаа би өөрийгөө сайн байж чадаагүй гэж бодтол хүмүүс намайг “их сайн байлаа, Манай Мандухай угаас л нар шиг бүсгүй дээ” гэж их урам өгсөн. Тэр нь их сайхан байлаа. Намайг өөр өнцгөөс нээж , их хүч чадал өгсөн дүр бол Есөн хатан бүжгийн жүжгийн “Мандухай” хатны дүр гэж бодож байна. Одоо бол энэ дүрийг авсандаа баяртай байдаг.


-       Мандухай хатны дүрээр бүжиглэснээс хойш хэдэн жил болж байна вэ?

-       Ирэх жил буюу 2023 онд арван жил болно. Энэ бүжиг маань жил болгон тоглогддог.

-       2013 онд та “Мөнгөн мод”-ын шилдэг бүжигчин шагнал авч байсан.  Энэ тухай яриач.

-       Би өөрийгөө “Мөнгөн мод”-д тодорхойлогдсоныг ч мэдээгүй. Манай байгууллага ер нь шагналыг их гэнэтийн сайхан өгдөг. Хүү маань гэдсэнд байхад байгууллагаас нэг өдөр над руу залгасан. “Гоё дээлээ өмсөөд ирээрэй, Чи “Мөнгөн мод”-ны эзэн болсон шүү” л гэсэн. Их гоё шагнал л даа. Уран бүтээлч гэдгээр нь өгдөг болохоор миний хувьд их үнэ цэнтэй. Би гэрийнхээ хойморт байрлуулчихсан байгаа. Одоо ч хараад урам зориг, эрч хүч авдаг.

-       Бүжиглэсэн он жилүүд тань таны амьдралыг амьдралын аль зүгрүү нь хөтлөв?

-       Урлагийн буян гэдэг үг байдаг. Урлагийн тэнгэр хардаг гэдэгт би итгэдэг. Бас аав ээж, хань, хүүхдийн буян байна. Миний амьдрал одоо тэгш сайхан байна аа. Бүжгийн урлагийн үнэлэмж манайд доогуур байдаг боловч бид  гадаад руу их тоглолтоор явдаг. Монголын бүжгийн урлаг аугаа том болохоор гадаад хүмүүс ч биднийг хүндэлдэг. Бид ч их хичээдэг. Урлаг биднийг тэжээж л байна даа. Аугаа  монгол бүжгийн урлагаар дамжуулан Монголын түүхээр аялангаа амьдарч байна. Өнөөдөр би хорин жил бүжиглэснээрээ өөрөөрөө бахархах хүсэлгүй байна.  Тэтгэвэртээ гарах ч бодолгүй байгаа. Учир нь, би  аугаа урлагийн хувьд зүгээр л судлаад явж буй, судалснаа хөдөлгөөнөөр дамжуулан гаргаж буй энгийн нэг эмэгтэй.  “Өвлөн тээж байна уу? Цааш нь уламжлуулах уу” гэдэг л чухал болохоос чанга дуугарч  бардамнах тийм зүйл огт биш. Бүжгийн урлагт би өөрийгөө голсоор байдаг.

-       Та саяхан “Тамгагүй төр” жүжигт үнэгний дүрд бүжиглээд үзэгчдийг нэлээн гайхшруулсан, драмын жүжиг дэх бүжгэн илэрхийлэл содон байсан байх?

-       Бүжигчид бид эхлээд жаахан ойлгоогүй. Үнэндээ тайзны хэрэгсэл шиг санагдсан. Баг зүүнэ, тэгээд өөрсдийнхөөрөө хөдөлж бүжиглэж болохгүй. Жүжигчидтэй хамт ажиллаж буй учраас тэднийг бүжгээр дарахгүй байх ёстой гэсэн үүрэг байсан байх. Бид бүжиглэхдээ ая, тэгээд тухайн бүжгийн дүр гэсэн л зарчмаар бүжиглэж байсан шүү дээ. Биднээс чадвар гэхээсээ илүү мэдрэмж шаардсан. Бүжиг амьдралаас л бүтдэг зүйл шүү дээ. Тамгагүй төр дээр бүжигчний бус жүжигчний дотоод сэтгэлийг л гаргах нь нэн тэргүүний ажил гэж ойлгосон.  Үзсэн хүмүүс их урам өгсөн л дөө. Бавуугийн Лхагвасүрэн гуайн яруу үг хэллэг, Баатар найруулагчийн чадвар, хамтран жүжиглэсэн хүмүүс, хамт олон бүгд их хичээсэн.

-       Тамгүй төр” жүжиг хэдэн тэрбумын орлого оллоо, рекорд тогтоолоо гэсэн мэдээллүүд гараад байсан. Уг уран бүтээлд ажилласан уран бүтээлчдийн хөдөлмөрийг хэр үнэлсэн бол?

-       Ур чадвар талаас бол бүгд сайшаалтай хандсан. Байгууллагатай гэрээ хийснээр бид бүжиглэсэн юм. Тодорхой хэмжээний үнэлэмж байгаа. Энэ талаар би үүнээс илүүг яримаагүй байна.

-       Тантай ярилцах гээд бэлтгэж байхад ном их уншдгийг чинь мэдсэн, ойрдоо ямар ном уншив?

-       Би ажлын ачаалал багатай үедээ ном л уншихыг хичээдэг. Нэг эхэлчихвэл өдөр шөнөгүй уншаад суучихдаг. Хамгийн сүүлд Наминчимэд зохиолчийн “Цагаан бороо” романыг уншсан. Их хямарсан, өөрийгөө хаана явааг, хэн бэ гэдгээ их эргэцүүлсэн. Бодит үнэнтэй нүүр тулна гэдэг заримдаа аймшигтай байдаг. Энэ бол тийм л ном байсан. Хааяа бас хайрын гэгээлэг ном уншихыг хүсдэг.

-       Намайг түрүүнд театрт орох үед тэр зааланд хэдэн охин бүжиглэж байсны зарим хөдөлгөөнийг нь та зааж өгөөд байсан. Та одоо шавь бэлтгэж байна уу?

-       Гарын шавь байхгүй ээ. Гэхдээ театртаа бүжиглэдэг залуу бүжигчдэдээ зааж өгч болох, миний зүгээс туслах зүйл байвал бүгдийг нь заадаг. Цаг нь ирэхээр л шавьтай болно доо. Одоо бол дүү нартаа ярихаас илүү үйлдлээрээ л харуулахыг зорьж байна. Намайг анх бүжиглэж байхад манай багш нар зарим тохиолдолд гар хүрэн сургадаг байсан. Одоо бол гар хүрэх байтугай ширүүхэн загнаж ч болохгүй шүү дээ. Заримдаа алганы амт үзүүлдэг байсан ч миний багш нар үнэхээр сайн сургадаг, чадварлаг хүмүүс байсан. Өнөөдрийн намайг бүтээсэн гэж болно. Тийм сайн багш нарын шавь байсан болохоор би багшилна гэхээс, багш нар шигээ багш болж чадахгүй байх гэдгээс айдаг болохоор одоогоор шавьгүй байна.

-       Танай театрт хүүхдүүд хэдэн наснаасаа анх бүжиглэж эхэлдэг вэ?

-       Арван найман настайгаасаа ирдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Хөгжим бүжгийн коллежийн төгсөгчдөөс шалгалт аваад тэнцсэн хүүхдүүд нь манайд ордог юм аа.

-       Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-       Өөр өөр өнгөрдөг. Тогтсон хэв маяг, хуваарь байхгүй. Намайг сурагч байхад өглөө сэрэхэд  радиогоор Адарсүрэн гуайн дуу сонсогдоод л тэгснээ хийцтэй цайны үнэр үнэртэж угтдаг байлаа. Тэгэхэд л “Өнөөдөр хагас сайн өдөр байна шүү дээ” гэж боддог сон. Аав ээж амраад гэртээ байдаг байсан болохоор яагаад ч юм миний бага насны “хагас бүтэн сайн” өдрүүд бол  миний амьдралын хамгийн жаргалтай бас сайхан дурсамжууд юм. Би одоо өөрийн хоёр хүүхдэдээ ийм мэдрэмжийг өгч чадахгүй байна л даа. Үүндээ жаахан гэмшиж байгаа. Гэхдээ ээж хүн, эхнэр хүн учир өөрийн гэрээ дулаахан, жаргалтай, амар амгалан байлгахын тулд хичээдэг юм аа.

-       Таныг ажлаа тараад гэртээ ирэхэд хүүхдүүд тань ихэвчлэн юу гэж хэлдэг вэ?

-       Урмын үгс их хэлдэг. Заримдаа бүр аавыгаа эвгүй байдалд оруулдаг шүү. Ялангуяа миний хүү “Хорвоогийн хаанаас ирсэн сайхан ээж вэ? Яаж миний амьдралд хүрээд ирсэн юм бэ?” гээд л үнсэнэ шүү дээ. Харин охин маань намайг жижигхэн бэртэл аваад хагалгаанд ороход “Ээжээ та өвдөж болохгүй шүү, намайг том болохоор хоёулаа хамт өсгийтэй гутал өмсөөд алхана шүү, хамтдаа бүжиглэнэ” гэж билээ. Бэртэл автлаа би дандаа өөрийгөө голдог, нэг ч удаа өөртөө итгэлтэй байгаагүй бүр ганцаараа ч зураг даруулдаггүй байсан. Тийм адгуу ч юм уу, зөв зорилгогүй зогсоо зайгүй хөдөлмөрлөсөн он жилүүдээ буруу байсныг ойлгосон. Хүүхдүүддээ хайртай гэдэг боловч бүжгэндээ л илүү хайртай байсан юм билээ. Хэт туйлшрах дэмий гэдгийг ойлгосон доо. Аливааг олон талаас бодож эргэцүүлсний эцэст нь шийдвэр гаргаад хэрэгжүүлж эхлэх нь  зөв гэдгийг ойлгосон. Одоо бол үндсэн ажлаас гаднах урилгаар тоглогдох бүжгийн ажил гарвал амралтын өдрөөр хүлээж авахаа больсон. Би амралтын өдрийг гэр бүлдээ зориулмаар байна.

-       Хүүхдүүд чинь урлагийн хүн болохыг хүсвэл та дэмжих үү?

-       Би хориглодоггүй. Миний ажил дээр багаасаа л ирж урлагийн мөн чанарыг мэдэрсэн хүмүүс шүү дээ. Урлагт хайртай, дуртай л болцгоох байх.

-       Та мөрөөдлийнхөө амьдралаар амьдарч чадаж байгаа юу?

-       Энэ театрт, тэр зааланд анх орж ирэхдээ энэ заалны эзэн нь байхыг л хүссэн. Энэ зааландаа хүслээрээ бүжиглэдэг байхыг л хүссэн. Надад өөр том мөрөөдөл байгаагүй ээ. Аз жаргалаа ханцуйдаа нууж яв гэдэг дээ миний амьдрал яагаад ч юм дандаа жаргалтай байдаг гэж санагддаг. Би багаасаа л хийх дуртай зүйлээ олсон болохоор тийм байж магадгүй л юм.

-       Та их олон шагналтай юм билээ. Хамгийн их догдолж авсан үнэлэмжтэй шагнал нь таны хувьд аль нь вэ?

-       Байгууллагын 60 жилийн ойгоор авсан. Их театрын цензур өндөр. 2015 онд “Хөдөлмөрийн хүндэт” медаль, 2019 онд “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Тэнгэрийн одыг энгэртээ зүүсэн минь их сайхан л байлаа. Би энэ шагналуудыг авна гэж мөрөөдөөгүй, гэхдээ энэ бол өөрөө өөртөө чин үнэнчээр, өөрийн дуртай зүйлээ хийж байгаа үнэ цэн л байх даа. Он цаг өнгөрөх тусам уран бүтээлч хүн ухаан сууж байх шиг байгаа юм.

-       Та Монгол бүжгээс өөр чөлөөт ч юмуу бусад жанр сонирхож байв уу?

-       Монгол бүжгээс өөр бүжиг нэг л хийхэд маргааш нь ч юмуу, бэлтгэл дээрээ очихоор миний бүжиглэдэг хөдөлгөөн, эвсэл, гар хөлний байрлал өөр болчихдог байсан болохоор багш нар эсэргүүцдэг байсан. Тийм учраас би ер нь чөлөөт бүжиг бүжиглэдэггүй байлаа. Нийгэм одоо чөлөөт бүжгийг шаардаж байна. Миний хувьд монгол бүжиг бол үнэндээ хамгийн дээд төрөл. Гэхдээ  надад “Эрхэмсэг” гээд бүжгийн хамтлаг байдаг. Янз бүрийн жанраар бүжиглэдэг. Захиалгаар л бүжиглэдэг л дээ. Сүхбаатар багш маань “Эрхэмсэг” гэдэг энэ сайхан нэрийг өгсөн.



-       Танай хамтлаг чинь хэдүүлээ билээ?

-       Зургаан гишүүнтэй. Ирэх жил арван жилийн ой болох гэж байна. Эхэлснээсээ хойш хорь гаруй бүжигтэй болсон. Ажлын хажуугаар үзэгчтэй харьцах боломж байсан. Хүмүүс янз бүрийн арга хэмжээнүүдэд их урьдаг. Бид сэтгэлээсээ чанартай сайхан бүжиглэхийг нэн тэргүүнд тавьсаар ирлээ.  

-       Та хэр олон дотны найзтай вэ? Бүжигчин найзууд байгаа байх?

-       Найз нар байлгүй л яахав. Гэхдээ хамтлагийн найз, амьдралын найз, хамт ажилладаг гээд өөр өөр байдаг. Бүх зүйл дээр маань хамт байдаг найз бас байдаг. Багаасаа хамтдаа бүжиглэсээр ирлээ. Одоо ярихгүй ч харцаараа ойлголцоно.  Миний зан ааш эршүүд тал руугаа юм шиг байгаа юм тэгэхээр эрэгтэй найзууд ч байгаа.

-       Та өнөөдөр нэг хүлээн авалтад очиж бүжиглэчхээд ирсэн гэсэн тэр ямар хүлээн авалт байсан бэ?

-       Ерөнхийлөгчийн хүлээн авалт байлаа.

-       Таны өнөөдрийн ажлын цаг хэдээс дуусах вэ?

-       Одоо нэг бэлтгэлд орно тэгээд харина даа. Бас наадмын бэлтгэл ч эхэлсэн байгаа. Энэ удаа олон жил бодож, төсөөлсөн шинэ бүжиг бүжиглэхээр төлөвлөсөн. Наадмаар үзэгчдийн хүртээл болгоно.

-       Та одоо бэлдэж буй энэ бүжгээ тодруулж тайлбарлаач.

-       Бид нэгдүгээр ангиасаа монгол бичиг үзсэн. Тавдугаар ангиадаа л крилл бичиг үзэж эхэлсэн шүү дээ. Ковидын хөл хорионы үеэр монгол бичгийн бийрэн бичлэг сурсан. Үүнтэй холбоотойгоор үндэсний өв уламжлалаа баримталж, өвлөн тээх, өвлүүлэн үлдээх хүсэлдээ хөтлөгдөн бийрээр бичингээ бүжиглэх тийм бүжгийн тоглолт бэлдэж байна. Надаас их чадвар, мэдрэмж шаардаж байгаа.

-       Наадмын аль өдрүүдэд  та бүжиглэх бол?

-       Өдрөө сайн товлоогүй байна. Юутай ч, Хүй долоон худагт болно.

-       Та ганцаараа бүжиглэх үү?

-       Бүжиг дэглээч Баярбаатар багш болон МУБИС-ийн хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор Ариунболд багштай хамт бэлдэж байна. Гэхдээ тэр үед ганцаараа бүжиглэж магадгүй. Багш нар намайг тэгж урамшуулан дэмжиж байгаа. Ингээд бодохоор ковидын хөл хорио миний амьдралд бас их эерэг өөрчлөлтүүдийг авчирсан. Би өөрийнхөө амьдралыг эхнээс нь нэг бодож үзсэн. Гэр бүлдээ их анхаардаг боллоо. Мөн монгол уран бичлэг сурахын зэрэгцээгээр нөхөртөө, аавдаа, өөртөө хөөрөгний даалин зүү ороож оёсон. Тэгж оёж байхдаа өнөөх л монгол өв уламжлал, ёс, алдаа оноо байдаг ч ихэнх нь сэргэн мандалт байсан Монголын түүхтэйгээ танилцаж түүнийгээ өөрийн дуртай зүйл болох монгол бүжгээрээ илэрхийлэх хүсэл тэмүүллээ бодит үйл хэрэг болгохыг зорьсон юм. Аугаа Монгол бүжгээр дамжуулан эх түүхээр аялж, өвлүүлэн үлдээх ийм эрхтэйдээ баярлаж байна.

-       Заа ярилцсанд их баярлалаа. Таны цаашдын уран бүтээл, амьдралд нь гэгээн бүхнийг хүсье.

 

Ярилцсан: Л.Мажиггарав

 



foto
Нийтлэгч: Web Admin

1 сэтгэгдэл

  • -
    3 жилийн өмнө

    Vnheer shn yariltslga boljee hoich vedee vlger jishee bolson vnheer shn hvn shvv ????

    66.181.190.80

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Автомашины "азын" дугааруудыг 50 мянган төгрөгөөс эхлэн дуудлага худалдаагаар худалдаалж эхэлнэ

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дараах дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарлаж байна.Дуудлага худалдаа болох хугацаа: 2022 оны зу

“Загреб-2022” Гран при тэмцээнээс О.Цэцэнцэнгэл мөнгөн медаль хүртжээ

Хорват улсын Загреб хотноо 2022 оны 7 дугаар сарын 16-17 болсон ОУЖБХ /IJF/-ны цуврал“Загреб-2022” /2022 Zagreb Grandprix/ Гран при тэмцээний +100 кг жинд Монголын жүдоч Одхүүгийн Цэцэнцэнгэл мөнгөн м

Сургуулийн автобус 17 чиглэлд үйлчилж байна

Сургуулийн автобус 17 чиглэлд үйлчилж байна