Нийслэлийн Засаг даргын А/234, А/235 дугаар захирамжаар гол болон туслах 14 зам, гудамжийг шинэчлэн засварлахаар баталсан билээ.
Одоогийн байдлаар 6 байршлын засвар, шинэчлэл бүрэн дуусаж, мөн 6 байршил дахь шинэчлэлийг энэ онд дуусгахаар төлөвлөн ажиллаж буй юм. Харин Намъянжугийн гудамж буюу Зүүн 4 замын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын шинэчлэлийн ажил LRT төсөлтэй холбоотойгоор хүлээгдэж байна.
Үлдсэн нэг байршил болох Партизаны гудамж буюу Онцгой байдлын ерөнхий газрын баруун урд уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх замын шинэчлэл 2022 оны төсвийн тодотголоор хасагдсан юм.
Замын засвар, шинэчлэлийн ажил бүрэн дууссан зургаан байршил:
С.Чоймболын гудамж буюу 11-р сургуулийн хойд уулзвараас Бөмбөгөрийн уулзвар хүртэл
Баруун сэлбийн гудамж буюу Их дэлгүүрийн зүүн урд уулзвараас “Теди” төвийн зүүн хойд уулзвар хүртэл
Хилчний гудамж буюу Дотоод хэргийн их сургуулийн баруун урд уулзвараас “Харуул алтай” хотхоны баруун хойд зам хүртэл
Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэл
Н.Содномын гудамж буюу МУИС-ийн Бизнесийн сургуулийн хойд замаас Авто плазагийн уулзвар хүртэл
Ж.Батмөнхийн гудамж буюу Дашчойлин хийдийн урд талын замаас 11-р хорооллын уулзвар хүртэл гэсэн зургаан байршилд авто зам шинэчлэл, явган хүний зам засварын ажил бүрэн дуусаад байна.
Хучилтын ажил бүрэн дуусаж, явган хүний зам засаж буй 3 байршил
Их сургуулийн гудамж буюу МУИС-ийн уулзвараас Хүнсний 4-р дэлгүүр хүртэл
Ногоон нуурын гудамж буюу Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэл
Ж.Самбуугийн гудамж буюу Гэсэр сүмийн уулзвараас МУИС-ийн уулзвар хүртэл
Замын суурь сольж, хуучин чулуун хашлагыг тэгшлэн, засварлаж буй 2 байршил
Цамбагараваас хойш Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо хүртэлх Дэнжийн зам
Амарсанаагийн гудамж буюу “Макс молл” их дэлгүүрийн баруун уулзвараас Ахуй үйлчилгээний уулзвар хүртэл
Засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх тендер шалгаруулж буй байршил
Усны гудамж буюу Циркийн хойд уулзвараас Нарны зам хүртэл
Эдгээр замд сүүлийн 15-20 жилийн хугацаанд ээлжит болон их засвар хийгээгүй тул асфальт бетон хучилтад торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, энэ нь зарим хэсгийн суурь бүтцэд нөлөөлж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдсан тул энэ ондоо багтаан засвар, шинэчлэл хийхээр төлөвлөсөн юм.
Засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд тухайн замуудад цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийх, явган хүний замыг засан шинэчлэх зэрэг ажлыг хийж байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Сэтгэгдэл үлдээх