Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/, Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос жүдогийн дэлхийн цуврал тэмцээний нэг олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг энэ сарын 24-26-нд нийслэлийн “Степпа Арена”-д зохион байгуулна.
"Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноо олгох уг тэмцээний зохион байгуулагч нар өнөөдөр Хангарди ордонд хэвлэлийн хурал хийлээ.
Тус тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ЕТГ, Нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгаа бөгөөд 30 орны /ОХУ-ын баг тамирчид IJF-гийн далбаан дор оролцоно/ 159 эрэгтэй, 106 эмэгтэй, нийт 265 жүдоч хүчээ сорихоор мэдүүлгээ ирүүлжээ. Тухайлбал, жүдо бөхийн спорт өндөр хөгжсөн Япон, БНСУ, Франц, Герман, Итали, Израил, Нидерланд, Казахстан, Узбекистанаас баг бүрэлдэхүүнээ ирүүлсэн байна. Харин зохион байгуулагч Монгол Улсын хувьд давуу эрхийнхээ дагуу жин тус бүрд 4 жүдоч барилдуулахаар бэлтгэл сургуулилтаа базаагаад байгаа юм.
Монгол Улс өмнө нь 2009-2012 онд “Чингис хаан” дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан бол 2013-2016 онд Гран при ангиллын тэмцээнийг зохион явуулж байсан туршлагатай. Харин 2016 оноос тасалдаад байсан IJF-гийн дэлхийн цуврал тэмцээн энэ удаа зэрэглэл дээшлэн Гранд Слам /Их дуулга/ болж зохион байгуулах гэж байна. Гранд Слам ангилалд түрүүлсэн тамирчин чансаагаа 1000 оноогоор ахиулах бол мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5 дугаар байр 360, 7 дугаар байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 оноо авах юм.
Улаанбаатарын тэмцээнд дэлхийн шилдэг жүдочдоос танилцуулбал, Японоос олимпын аварга Таканори Нагасэ/-81 кг/, дэлхийн аварга Цүкаса Ёшида /57 кг/ Ай Шишитэ /52 кг/, Мами Үмэки /-78 кг/, Протугалийн цорын ганц дэлхийн аварга Хорхе Фонсека /-100 кг/, Тайванийн олимпын мөнгөн медальт Ян Юү-Вэй /60 кг/, Германаас дэлхий аварга Анна Мария Вагнер, Узбекистаны олимпын хүрэл медаль Давлат Бобонов /90 кг/, ОХУ-аас Дэлхийн аварга Яго Абулазе жин өгсөж 66 кг-д өрсөлдөхөөр Улаанбаатарт ирээд байгаа аж. Харин Монголоос олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, Ё.Басхүү нарын дэлхийд данстай шилдгүүд хүчээ сорино.
Энэ тэмцээний шагналын сан 154 000 евро бөгөөд түрүүлсэн жүдоч 5000, мөнгөн медаль 3000, хүрэл медальтан 1500 еврогийн шагнал гардан авах юм.
Монгол Улсын шигшээ багийг танилцуулж байна.
-60 кг: Энхтайваны Сумъяабазар, Энхтайваны Ариунболд, Бямбажавын Цогт-Очир, Бямбасүрэнгийн Сүхбат
-66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү, Баянмөнхийн Нармандах, Баттогтохын Эрхэмбаяр, Гүнжинлхамын Сод-Эрдэнэ
-73 кг: Цэнд-Очирын Цогтбаатар, Лавжаргалын Анхзаяа, Ганбаатарын Одбаяр, Одгэрэлийн Уранбаяр
-81 кг: Гэрэлтуяа Болор-Очир, Баттулгын Мөррэнцэн, Батзаяагийн Эрдэнэбаяр, Төмөрсанаагийн Рэнцэндорж
-90 кг: Гантулгын Алтанбагана, Ганбаатарын Пунцагцэрэн, Баттогтохын Мөнхбаяр, Дармаабазарын Мөнхтулга
-100 кг: Батхуягийн Гончигсүрэн, Одбаатарын Хангал, Батбаатарын Сумъяабаяр, Дарьхүүгийн Нямхүү
+100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл, Эрдэнэхүүгийн Мөнхжаргал, Аманжолын Арман, Уламбаярын Балжинням
-48 кг: Бавуудоржийн Баасанхүү, Ганбаатарын Наранцэцэг, Тэрбишийн Ариунзаяа, Баасансүрэнгийн Ойдовчимэд
-52 кг: Бишрэлтийн Хорлоодой, Энхбаатарын Номинтуяа, Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, Цэрэнтогтохын Гал-Од
-57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн, Батсүхийн Алтанцэцэг, Оюунгэрэлийн Оюунчимэг, Мөнхцэдэвийн Ичинхорлоо
-63 кг: Болдын Ганхайч, Баярбатын Баасанжаргал, Саранцэцэгийн Лхагвадулам, Лхагважаргалын Дэлгэрмаа
-70 кг: Цэрэндуламын Энхчимэг, Мөнхбатын Даваасүрэн, Цэрэнгийн Мөнхтуяа, Баатарсүх Ганзаяа
-78 кг: Батбаярын Эрдэнэт-Од, Отгонбаярын Хүслэн, Баттулгын Хонгорзул, Батсуурийн Ням-Эрдэнэ
+78 кг: Амарсайханы Адъяасүрэн, Дамбадаржаагийн Номинзул, Мөнх-Эрдэнийн Ууганжаргал, Энхмэндийн Жаргалмаа
Сэтгэгдэл үлдээх