УИХ-ын чуулганы хуралдаанаар шинэчлэн баталсан Зөвшөөрлийн тухай хуулийг МҮХАҮТ-д хүлээлгэн өгөх, хуулийн өөрчлөлтийг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангах, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр (2022.07.07) МҮХАҮТ-д боллоо. Энэхүү хуралд УИХ-ын гишүүн, Зөвшөөрлийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, УИХ-ын Тамгын газрын хуулийн зөвлөх Б.Баярмаа, М.Отгон нар оролцов.
ИРГЭН, ААН-ИЙН ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТЭД ХУГАЦААНДАА ХАРИУ ӨГӨӨГҮЙ АЛБАН ТУШААЛТАНД ЗӨРЧЛИЙН БОЛОН ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ТООЦНО
УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:
-2001 онд Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хууль гэж батлагдаж байсан. Энэ үед 200 гаруй зөвшөөрөлтэй байсан бол шинэчлэгдсэн найруулга батлагдахаас өмнө 1600 гаруй зөвшөөрөлтэй болсон. Тухайлбал, найман нэрийн барааны дэлгүүр дээр найман зөвшөөрөл авдаг байсан. Энэ нь мэргэжлийн хяналтын эрүүл ахуйн баталгаажуулалтаас гадна гэсэн үг. Өнөөдөр архины болон тамхины зөвшөөрлөө л авна гэсэн үг. Нийт 130-аад мянган жижиг, дунд аж ахуйн нэгж кафе, баар, ресторан, зочид буудлын гээд зөвшөөрлүүд авдаг байсан. Энэ бүх зөвшөөрөл цуцлагдаж байгаагаараа ач холбогдолтой.
Зөвшөөрлийн тухай хуулиар тусгай зөвшөөрлийг 5-аас доошгүй жилийн хугацаатай, энгийн зөвшөөрлийг 3-аас доошгүй жилийн хугацаатай болгож байна.
Маш энгийн жишээ хэлэхэд, түгээмэл ашигт малтмал гээд байгалийн хязгаарлагдмал нөөцийг ашиглах зөвшөөрөл байдаг. Зөвхөн тэмдэгтийн хураамж нь 130 мянгган төгрөг боловч албан бус "авлигын тариф"-ын хэмжээ нь 30-50 сая төгрөгийн ханш тогтсон байсан. Иймэрхүү байгалийн хязгаарлагдмал нөөцтэй холбоотой 20 гаруй зөвшөөрлийг дуудлага худалдаа юм уу, сонгон шалгаруулалтаар өгдөг болох зарчим орж байна. Үүнд, эрвэгэр дэрвэгэр, самар гэх мэтчилэн байгалийн хязгаарлагдмал нөөцийн зөвшөөрөл олгохдоо заавал ч үгүй сонгон шалгаруулалт, дуудлага худалдаа буюу сонгодог шалгаруулалтын журмаар явуулдаг болж байгаа юм.
Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад тулгардаг хамгийн том асуудал бол авлигын сүлжээ юм. Архины зөвшөөрөл авахад 5-20 сая, зочид буудлын зөвшөөрөл авахад 10-30 сая гэх зэрэг авлигын хэлбэр явдаг байсан. Үүний нөлөөгөөр манай улс энэ жил авлигын индексээр дэлхийн улс орнуудаас 111 дүгээрт жагслаа. Ямар нэгэн байдлаар таньдаг хүнээрээ тусгай зөвшөөрөл бүтээлгэхээр арын хаалгаддаг байсан бол шинэчилсэн найруулгаар 30 хоногийн дотор шийддэг болно. Харин энгийн зөвшөөрлийг 22 хоногт шийднэ гэж хугацаа заасан. Хэрэв материалыг хүлээн авсан ажилтан хариу өгөөгүй бол тухайн ажилтанд зөрчлийн болон эрүүгийн хариуцлага тооцох үндэслэл үүсэх юм.
Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд мэдээгүй байж байтал тусгай зөвшөөрлөө цуцлуулсан тохиолдол олон гарсан байдаг. Шинэ хуулиар 45 хоногийн өмнө эрх бүхий байгууллагад нийтийн мэдээллийн хуулийн дагуу дуусах гэж байгаа талаар албан мэдээлэл өгдөг болж байна. Тиймээс хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах бичгээ өгч, 10 хоногийн дотор үүнийг шийдэж өгдөг болно. 30 хоногийн дотор мэргэжлийн хяналт, онцгой байдал зэрэг газруудаар холбогдох дүгнэлтүүдийг амжуулж хийлгэнэ. Дүгнэлтүүдийн хариуг ажлын тав хоногт гаргаж авна. Эдгээрийг цахимаар шийдэж, тухайн материал хаана, хэн гэдэг албан тушаалтан дээр гацаад байгааг 30 хоногтоо цахимаар хянаад явж болно.
Ингэснээр хүнд суртлыг багасгаж, авлигын индексийг бууруулах эерэг нөлөөтэй. Энэ хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Үүнээс өмнө Засгийн газраас хоёр бүлгийг шинэчлэн найруулах захирамж гаргаж өгсөн. Үүнд Стандартын хуулийг шинэчлэх шаардлага гарч буй. Стандарт нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэдэг байсан бол шинэчилсний дараа стандартад нийцэж ажилладаг болно.
Улаанбаатар хотын зам руу баригдсан барилга, явган хүний зам руу түрсэн нь замбараагүй байдал үүсгэж байна. Дэвшилтэт орны стандарт нэвтрүүлэхгүй бол хэтэрхий замбараагүй, нарийн стандарт журмыг дагахгүй байна. Байшин хоорондын зай, сургууль цэцэрлэг, ногоон байгууламжийн стандартыг хангасны дараа байшин барилга барих зэргээр стандартчилна. Хүнсний дэлгүүрүүдэд эрүүл ахуйн шаардлага тавигдана. Мөн энэ хуулиар Ерөнхий сайдаар ахлуулсан 11 гишүүнтэй зөвлөл байгуулах юм. Үүнд хувийн хэвшлийн төлөөллүүд байна. Цаашид уг зөвлөл гурван жил тутамд аудит хийж, шаардлага хангахгүй аж ахуйн нэгжүүдийг хянаад холбогдох арга хэмжээг аваад явна.
Тусгай зөвшөөрлийг 30 хоногийн дотор, энгийн зөвшөөрлийг 22 хоногийн дотор өгдөг болгож, үндэслэлийг нь оруулж өгсөн. Сунгалтын хувьд өмнө нь маш богино хугацаатай байсан бөгөөд иргэн, аж ахуйн нэгжүүд мэдэхгүй, эсвэл анзаарахгүйгээсээ болоод тусгай зөвшөөрөл нь цуцлагддаг тохиолдол их гардаг байсан. Энэ шинэ хуулиар 45 хоногийн өмнө тухайн эрх бүхий байгууллага нь иргэн, аж ахуйн нэгжид нийтийн мэдээллийн хуулиараа мэдээллийг дамжуулна гэсэн үг. Таны тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах гэж байна шүү гээд. Тэгэхээр иргэн, аж ахуйн нэгж 30 хоногийн дотор материалаа бүрдүүлээд, эрх бүхий байгууллагад өгнө. Зөвшөөрөл нь 10 хоногийн дотор сунгагдана гэсэн үг.
Импортын бараа бүтээгдэхүүний хувьд нарийвчилсан зохицуулалтай 40 орчим хууль бий. Тэдгээрийг бүгдийг нь Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулах боломжгүй. Тиймээс 40 гаруй нарийвчилсан хуулиуд өөрсдийнхөө хуулиар зохицуулна. Тухайн хуулийнхаа процессоор л явна гэсэн үг.
"МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ОРЧИНД ҮНЭХЭЭР ТОМ ДЭВШИЛ, ЛИБЕРАЛЬЧЛАЛ АВЧИРСАН"
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.АМАРТҮВШИН:
-Монголд аливаа нэгэн иргэн, аж ахуйн нэгж бизнес эрхлэхийн тулд давхардсан тоогоор 1500-1600 гаруй зөвшөөрөл авдаг байсан. Хугацааг сунгах процесс маш ойрхон давтамжтай, авснаасаа илүү төвөг чирэгдэл болдог байсан. Худалдаа аж үйлдвэриийн танхим энэ хуультай холбогдуулан гурван парламент дамжин судалгаа, хэлэлцүүлэг өрнүүлж, төсөл хэрэгжүүлэх зэргээр олон чиглэлээр ажиллаж ирсэн. Энэхүү хаврын чуулганаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй гишүүд тус хуулийг бодит ажил болгож, маш богино хугацаанд батлуулсан нь Монголын бизнесийн орчинд үнэхээр том дэвшил, либеральчлал авчирсан. Хүний эрүүл мэнд, амь нас, нийтийн эрх ашигт хамааралтай биш бол түр зөвшөөрлийг хуулиар тоог нь эрс бууруулж байгаа нь маш том алхам болж байна гэдгийг хэлэхийг хүсч байна.
Сэтгэгдэл үлдээх