Өмнөд Солонгос улс ирэх оноос эхлэн олон жилийн тогтсон уламжлалаа эвдэх гэж байна. Тодруулбал, тус улсын иргэд бүгд нэг насаар залуужихаар болж байгаа юм.
Өмнөд Солонгос улсын энэ сар /арванхоёрдугаар сар/-ын 8-нд баталсан шинэ хуулийн дагуу хий насыг тоолохгүй байхаар болжээ. Улмаар ирэх оны зургаадугаар сараас эхлэн бүх албан ёсны баримт бичигт "олон улсын нас" гэх стандартыг ашиглах юм.
Манай улсын хэлж заншсан хий насыг тус улс баримт бичигтээ ашигладаг байсан гэсэн үг. Солонгос улсын уламжлал ёсоор шинээр мэндэлсэн хүүхэд шууд нэг настай болдог юм. Шинэ он гарсан даруйд хоёр нас хүрсэн хэмээн үздэг байв.
Тиймээс арванхоёрдугаар сард шинэхэн төрсөн хүүхэд он гарсан даруйд хоёр настай болдог онцлогтой байв.
Үүний улмаас тус улсын иргэд гадаадынханд өөрсдийгөө танилцуулахдаа олон улсын болон солонгос гэх хоёр төрлийн нас хэлдэг ажээ.
Уг асуудлыг олон жилийн турш ярьсан бөгөөд цар тахлын өмнө буюу 2019 онд Солонгосын парламентын хэсэг гишүүд олон зууны энэхүү уламжлалаас татгалзах хуулийн төслийг өргөн барьж байсан юм. Өмнөд Солонгосын одоогийн ерөнхийлөгч ч сонгуулийн мөрийн хөтөлбөртөө энэхүү асуудлыг авч хэлэлцэнэ хэмээн тусгасан нь залуу үеийнхнээс их санал авахад нь нөлөө үзүүлсэн байдаг.
















Сэтгэгдэл үлдээх