Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл сүүлийн 10 гаруй жил тэргүүлсээр байгаа. Уг үзүүлэлтийг бууруулахын тулд судсан дотуурх оношилгоо эмчилгээ буюу ангиографийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай байсан. Энэ хүрээнд 2021 оны төсвийн тодотголоор Эрүүл мэндийн сайд С.Энхболд 6 аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв (БОЭТ)-үүдэд судсан дотуурх оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмж болох
“ангиографийн аппарат” худалдан авахад зориулж 10,8 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж чадсан нь зүрх судасны чиглэлийн тусламж үйлчилгээг улс орон даяар хүртээмжтэй болгоход нэн чухал алхам болсон.
Хөрөнгө оруулалтаар Орхон, Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Ховд аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төвүүдэд тус бүр нь 1,8 тэрбум төгрөгийн үнэ бүхий Германы Siemens үйлдвэрийн Artis Zee маркийн орчин үеийн дэвшилтэт программ хангамж бүхий ангиографийн оношилгооны тоног төхөөрөмжийг суурилуулан
Зүрхний ишеми, Цочмог шигдээс, Элэгний хавдрын үед хийгдэх ТАСЕ эмчилгээ, Тархины судасны оношилгоо , Диализийн тунель, Бөөрний судасны оношилгоо, Хөлийн тараагуур судасны оношилгоо зэрэг тусламж, үйлчилгээг амжилттай үзүүлээд байна.
Зүрх, судасны өвчний хүндрэлийн үед 72 цагийн дотор ангиографийн оношилгоонд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг бөгөөд Улаанбаатар хотоос алслагдсан орон нутгийн иргэд өөрт хамгийн ойр БОЭТ-үүдээс цаг алдалгүй энэ төрлийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдсэн байна.
Жишээ нь Орхон аймаг энэ төрлийн тусламж, үйлчилгээг 2021 оны 12-р сараас хойш үзүүлж эхэлсэн бөгөөд өөрийн аймгийн болон ойролцоох Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 185 өвчтөнд төлөвлөгөөт болон яаралтай шугамаар энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Үүнд зүрхний цочмог шигдээс өвчнөөр өвчилсөн 77 иргэнд ... , Зүрхний архаг ишемиттэй 101өвчтөнд, Диализийн тунель гуурс тавих мэс ажилбарыг 2 өвчтөнд, Элэгний хавдрын үеийн тэжээгч судас бөглөх эмчилгээг 3 иргэнд, Тархины судасны оношилгоо 2 иргэнд ангиографийн оношилгоо, эмчилгээг хийжээ. Орхон аймагт ангиографийн аппараттай болсноор дээр дурдсан гурван аймгийн иргэдийн нийслэлийн зорих урсгал 90 гаруй хувиар багассан байна. Бусад аймггуудын хувьд Дорнод аймаг 34, Өвөрхангай аймаг 35, Ховд аймаг 40-өөд тохиолдолд энэ төрлийн тусламж үйлчилгээг амжилттай үзүүлсэн байна.
Эрүүл мэндийн салбарт шинэ технологийг нэвтрүүлэхэд эмч, мэргэжилтнүүдийг багаар нь сургах нь хамгийн чухал бөгөөд БОЭТ-ийн эмч, сувилагч, инженер техникийн ажилтнууд Улаанбаатар хотын УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн ангиографийн тасгуудад суралцахаас гадна Ангиографийн үндэсний баг орон нутгуудаар явж ажлын байран дээр нь сургаж, дадлагажуулах ажил үргэлжилж байна.
Мөн орон нутагтаа оношилж эмчлэхэд төвөгтэй тохиолдолд туршлагатай эмч, мэргэжилтнүүд газарзүйн байршлаас үл хамааран онлайнаар заавар зөвлөгөө өгч, мэдээлэл солилцох, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн баг орон нутагт очин мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх