Парисын олимпийн өмнөх том шалгуур болсон жүдо бөхийн ДАШТ Абу Дабид үргэлжилж байна. Өчигдөр/2024.05.23/ ганцаарчилсан төрлийн барилдаанууд болж, аваргууд тодорлоо. Монгол Улс ч 18 тамирчнаа илгээж, нэг алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаараа багийн дүнгээр долдугаар байрт оржээ. Тэгвэл Япон багийн дүнгээр тэргүүлж, Гүрж, Өмнөд Солонгос, Азербайжан, Итали, Франц удаалжээ.
Монголын шигшээ багийн ганц алтан медалийг эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Б.Баасанхүү авсан. Өдгөө 24 настай тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, хоёрдугаар тойрогтоо АНУ-ын Мариа Селиа Лабордег, дараа нь Израилийн Шира Ришониг, хэсгийн аваргын төлөө Португалын Катарина Коштаг тус тус ялжээ. Улмаар хагас шигшээд Казахстаны Абиба Абужаркыноваг ялж, аваргын төлөө Италийн Ассунта Скуттотай тунаж, вазарри үнэлгээгээр буулган авчээ.
Тэрбээр Монголоос жүдо бөхийн дэлхийн аварга болсон зургаа дахь тамирчин.
Энэ жинд Г.Наранцэцэг мөн өрсөлдсөн. Тэрбээр хэсэгтээ аман хүзүүдэж, дагах барилдаан хийсэн ч Туркийн Тугче Бедерт ялагджээ. Эмэгтэйчүүдийн -48 кг-д Монголыг олимпод төлөөлөх тамирчны нэр ч тодорхой боллоо. Дэлхийн аварга болсон Б.Баасанхүү маргаангүй ирэх олимпийн гол өрсөлдөгчдийн нэг байх болно.
Мөн эрэгтэйчүүдийн -73 кг-д Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн. Бэртэлтэй байгаа гавьяат тамирчин Ц.Цогтбаатарыг орлож, Абу Дабиг зорьсон тэрбээр үүргээ хангалттай биелүүлэв. Тэрбээр эхний тойрогтоо Жибутигийн Аден-Александре Хуссейныг, дараа нь Гүржийн Лаша Шавдатуашвилиг, гуравдугаар тойрогтоо Румыны Александру Райчуг, хэсгийн аваргын төлөө Швейцарийн Нилс Стампыг тус тус ялжээ. Харамсалтай нь, хагас шигшээд Японы Тацүки Ишихарад ялагдсан ч хүрэл медалийн төлөө Бразилын Даниел Гарниныг дийлсэн аж.
Энэ жинд өрсөлдсөн Б.Эрдэнэбаяр дагах барилдаанд Бразилын Даниел Гарнинд ялагджээ.
Өнөөдөр/2024.05.24/ жүдо бөхийн холимог багийн дэлхийн аварга эхэлнэ.
Сэтгэгдэл үлдээх