Өнгөрсөн жилийн улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны цол чимгийг нөхөн олгох зарлиг гарлаа гэх мэдээ өнөөдөр/2024.07.14/ цахим орчинд түгсэн. Тодруулбал, допингийн шинжилгээнд бүдэрсэн улсын арслан М.Бадарчийг цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг нөхөн олгох зарлигийг Ерөнхийлөгч гаргах учиртай.
Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатараас тодруулахад "Энэ асуудлыг Шадар сайдын ажлын алба хариуцаж байгаа" гэв. Харин Шадар сайдын ажлын албанаас лавлахад "Бөхчүүдийн цолыг хураах, цол, чимэг нөхөн олгох асуудлыг Ерөнхийлөгч шийднэ. Баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс хэдийнэ бөхчүүдийн цолыг хураах, нөхөн олгох саналаа Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн. Тиймээс энэ бол Ерөнхийлөгчийн тамгын газрын хариуцах, Ерөнхийлөгчийн шийдэх асуудал" гэв.
Тэгвэл зургадугаар сарын 17-н буюу ирэх Даваа гаригийн 10.00 цагт Төрийн ордны "Хүндэтгэлийн өргөө"-нд өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд М.Бадарчид өвдөг шороодсон нэр бүхий бөхчүүдэд Улсын цол, чимгийг нөхөн олгох ёслолын арга хэмжээ болох гэнэ.
Ерөнхийлөгчийн зарлиг гаргавал дараах бөхчүүд цол нэмнэ.
- Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож улсын начин,
- Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож улсын харцага,
- Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож улсын заан,
- Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож улсын арслан,
- Улсын аварга Оргихын Хангайд “үлэмж бадрах” чимэг, цол тус тус нөхөн олгоно.
Харин улсын арслан М.Бадарч улсын гарьд цолон дээрээ эргэн бууна.
Сэтгэгдэл үлдээх