ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хоёр хоногийн хугацаатай айлчлал эхэллээ. Тэрбээр тавдугаар сарын 7-нд ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн бөгөөд шинэчилсэн бүрэн эрхийн хугацааны анхны айлчлалаа хийж байна. Барууны хориг арга хэмжээ Хятад болон Оросыг онилсоор байгаа энэ үед Путин үүний эсрэг Ши Жиньпинтэй харилцаагаа улам бататгахыг зорьсон. Украины ерөнхийлөгч Зеленский олон улсын бүх айлчлалыг түр зогсооно гэж Лхагва гаригт мэдэгдсэнээс хэдхэн цагийн дараа Путин Хятадад хүрэлцэн ирлээ.
Айлчлалын хүрээнд, удирдагчид геополитикийн хурцадмал асуудлаас хэрхэн эдийн засаг, харилцаа холбоогоо сэргийлж чадах талаар хэлэлцэнэ. Түүнчлэн хоёр орны худалдаа хөгжил, аюулгүй байдлын салбарыг өргөжүүлэх талаар хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй байна. Путин дээд хэмжээний айлчлалаас өмнө "Xinhua" агентлагт "Хятад-Оросын стратегийн түншлэлийн харилцаа урьд өмнө байгаагүй дээд хэмжээндээ хүрсэн" гэж ярьжээ.
Харин энэ удаагийн айлчлалын хүрээнд, гадаад бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх, аж үйлдвэр, өндөр технологи, сансар огторгуй, цөмийн энергийн энх тайвны хэрэглээ, хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүч болон бусад инновацийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой гэж онцолсон.
Ярилцлагын хүрээнд Путин ерөнхийлөгч Ши Жиньпинийг магтсан аж. Тэрбээр "Хятадын удирдлага Украины асуудалд санаа тавьж, шийдэх гэж хичээж байгаа" гэжээ.
Орос 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтлохоос яг долоо хоногийн өмнө Ши Жиньпин, Путин нар "хязгааргүй түншлэл"-ийн гэрээ байгуулснаа мэдэгдсэн. Тус цаг мөчөөс хойш, хоёр орон хамтын ажиллагаагаа өргөжүүлж, АНУ-ын эсрэг бат зогсох "нөхөрлөл"-өө эхлүүлсэн байдаг. Олон улсаас Оросын эдийн засгийн чадамжийг дарах бодлого, хориг арга хэмжээ явуулж эхэлснээс хойш Хятад-Оросын худалдааны зах зээл огцом өсөлттэй болжээ.
Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж, Ши Жиньпин нийслэл Бээжинд Путиныг угтан авсан. Тэд дээд хэмжээний уулзалтын дараа Харбин хот руу айлчлах төлөвтэй байна. Гадаад бодлогын судалгааны хүрээлэнгийн ажилтан Макс Хэсс "CNBC" сувгийн "Squawk Box Asia" нэвтрүүлэгт "Сүүлийн хоёр жилийн хугацаанд Путин Хятадаас гурван зүйл хүсч байсан нь тодорхой байна" гэв.
Түүний тайлбарласнаар, Путин "Сибирийн хүч 2" байгалийн хийн хоолойн талаар "гэрээ" хийхийг хүсч байгаа ба Украины дайнд Хятадаас цаашид үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхийг хүсч байна. Ялангуяа цэргийн техник хэрэгслийн тусламж юм. Хамгийн сүүлд, Хятадын санхүүгийн зах зээлд нэвтэрч, "Хятадын мөнгөн тэмдэгтийг Оросын худалдааг урагшлуулахын тулд" ашиглахыг хүсч байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл үлдээх