Гэртээ ганцаар амьдардаг 65-аас дээш насны 68,000 орчим хүн жил бүр бусдад мэдэгдэлгүйгээр нас барж буйг Японы Үндэсний Цагдаагийн Газар өчигдөр мэдээлжээ.
Энэ оны нэгээс гуравдугаар сарын хугацаанд тус улс даяар 21,716 хүн ийм байдалтай гэртээ нас барсны 80 орчим хувь нь 65-аас дээш насны ахмадууд байсан байна.
Нас барснаас нь хойш олон хоногийн дараа хүмүүс цогцсыг нь олдог ийм үзэгдлийг “ганцаардсан үхэл” хэмээн нэрлэх болжээ.
Хүн ам нь эрчимтэй хөгширч байгаа Япон улсын эрх баригчид уг асуудалд анхаарал хандуулж, албан ёсны тоо баримт гаргадаг болсон юм.
Насны ангиллаар нь авч үзвэл энэ оны эхний улиралд 85-аас дээш настай 4,922 хүн, 80-84 настай 3,348 хүн, 75-79 настай 3,480 хүн, 70-74 настай 3,204, 65-69 настай 2,080 хүн “ганцаардсан үхэл”-ээр нас баржээ. Тэдгээрийн дотор амиа хорлосон тохиолдлууд бас байгаа юм байна.
Эх сурвалж: Kyodo News
Сэтгэгдэл үлдээх