Монгол Улс 2026 оны эхний хоёр сарын байдлаар нийт 1 сая 575 мянга 900 ам.долларын импорт хийсэн байна. Импортын бүтцийг харахад нефтийн бүтээгдэхүүн, автомашин болон техник тоног төхөөрөмж голлон оруулж иржээ.
Голлох барааны бүтцэд нефтийн бүтээгдэхүүн 25.9 хувь буюу 408 сая ам.доллар байгаа нь хамгийн өндөр хувийг эзэлжээ. Дараа нь суудлын автомашин 8.8 хувь буюу 139.3 сая ам.доллар, ачааны автомашин 3.2 хувь буюу 51.2 сая ам.долларын импорт хийжээ. Мөн гар утас болон цахилгаан холбооны төхөөрөмж 41.3 сая ам.доллар, лист төмөр 35.0 сая ам.доллар, цахилгаан эрчим хүч 34.0 сая ам.долларын импорт хийсэн байна.
Түүнчлэн бульдозер, экскаватор, зам индүүдэгч зэрэг хүнд машин механизм 27.9 сая ам.доллар, чулуу бутлах, шигших төхөөрөмж 23.5 сая ам.доллар, өргөгч, ачигч зэрэг тоног төхөөрөмжийн эд анги 22.2 сая ам.долларын импорт бүртгэгджээ. Импортын зарим гол нэрийн бүтээгдэхүүний хэмжээг өмнөх онуудтай харьцуулахад зөрүү ажиглагдсан байна. Тухайлбал, автобензиний импорт 218.9 мянган тонн болж, 2025 онтой харьцуулахад 41.7 хувиар, 2024 оноос 37.6 хувиар тус тус өссөн байна. Харин дизель түлшний импорт 287.1 мянган тонн болж, 2025 оноос 11.4 хувиар буурсан ч 2024 оноос 17.7 хувиар өсчээ. Мөн автомашины импортын хувьд бууралт ажиглагдсан байна. 2026 оны эхний хоёр сард 12228 суудлын автомашин импортолсон нь 2025 оноос 53.9 хувиар, 2024 оноос 50.9 хувиар буурсан үзүүлэлт боллоо.
Мөн 2810 ачааны автомашин импортолсон нь 2025 оноос 35.6 хувиар, 2024 оноос 35.4 хувиар буурсан байна. Хүнсний бүтээгдэхүүний импортод ч мөн адил өөрчлөлтүүд гарчээ. Цагаан будааны импорт 5.8 мянган тонн болж өмнөх оноос 3 дахин өссөн бол улаанбуудайн импорт 46.0 мянган тонн болж 34.5 хувиар нэмэгдсэн байна. Харин улаанбуудайн гурил 6.1 мянган тонн болж 38.7 хувиар буурчээ. Мөн өндөгний импорт 17.7 сая ширхэг, тахиа, гахайн мах, өөх 7.0 мянган тонн, жимс, самар 13.1 мянган тонн, хүнсний ногоо 19.9 мянган тонн импортолсон байна. Харин ургамлын тос 3.6 мянган тонн, элсэн чихэр 9.0 мянган тоннын импорт бүртгэгдсэн байна.


Эх сурвалж: www.news.mn








Сэтгэгдэл үлдээх