Дэлхийн нийтээрээ гуравдугаар сарын 1-нд “Тэргэнцэртэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болон “Ялгаварлан гадуурхалтыг тэглэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.
Иймд тус өдрүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Ялгаварлан гадуурхалтыг тэглэх өдөр:
Хамгийн анх уг өдрийг 2013 оны нэгдүгээр сард ХДХВ/ДОХ-ын эсрэг НҮБ-ын хөтөлбөрөөс санаачлан тэмдэглэж эхэлжээ.
Монгол Улсын үндсэн хуулийн 14-р зүйлд
- Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.
- Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. гэж заасан байдаг.
Мөн Монгол Улсын Эрүүгийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлд хүнийг ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэсэн байдаг.
Олон улсын тэргэнцэртэй иргэдийн өдөр:
Тус өдрийг анх 2008 оны гуравдугаар сарын 1-ний өдөр Стев Велкинсон өөрийн тэргэнцэртэй ээж Жоусын төрсөн өдөрт зориулан тэмдэглэж эхэлсэн. Энэ цагаас хойш дэлхийн орон орны тэргэнцэртэй иргэд өөрсдийнхөө амьдралд эергээр хандаж, өдөр тутамд тулгарах олон бэрхшээлээс үл хайхран ажиллаж амьдарч чадаж буйгаа өөрсдийн найз нөхөд, гэр бүл, хамт олныхоо хамт тэмдэглэсээр олон улсын хэмжээний баяр болсон түүхтэй аж.
Олон улсын тэргэнцрийн өдрөөр хүнлэг энэрэнгүй, илүү сайхан нийгмийг бий болгох боломжийг тэргэнцэртэй хүмүүст олгох, тэргэнцрээр хангаж, тэргэнцэртэй иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж, хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүсийн ертөнцийг илүү сайхан, хүртээмжтэй болгож буй үйл хэргийг таниулан тэмдэглэх зорилго агуулан тэмдэглэн иржээ.
















Сэтгэгдэл үлдээх