Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа, Захирагчийн ажлын албаны Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан нарцаг үеийн асуудлаар болон "Манай хороо, миний гудамж" аяны талаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн захирагчийн ажлын албанаас "Манай хороо, миний гудамж" аяныг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил хоёрдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд найман сарын хугацаанд аян үргэлжлэх аж.
Энэхүү аян нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ, шинэлэг санаачилга бүхий ажил, үйлчилгээг нэвтрүүлэх зорилготой юм.
Харин энэ жил "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэд, олон нийт, дүүрэг хороодод мод, бут сөөгийг нэмэгдүүлэх, арчлах арга технологийг нэвтрүүлэх, ААН-ийн 50 метр хоорондын зураглалыг гаргах зэргээр онцлогтой аж. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас иргэдийг энэ аянд идэвхтэй оролцохыг уриалж, тодорхой урамшуулалтай гэдгийг мэдээлэв. Урамшууллын мэдээллийг захирагчийн ажлын албанаас авах боломжтой юм байна.
Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа цаг үеийн мэдээлэл танилцууллаа. Тэрбээр "Нийслэлээс мал гаргах ажлыг зохион байгуулаад 12 хонож байна. Энэ хугацаанд 10 мянга 500 гаруй адуу, малыг нийслэлээс гаргасан. Ажил үр дүнтэй үргэлжилж байна.
Муу, нохой устгалын ажил үйлчилгээнд шинэчилсэн тариф оруулахаар саналаа бэлтгэж байгаа. Чингэлтэй дүүрэгт халиа дошин ихээр үүсэж маш хүндрэлтэй нөхцөл үүссэн. Тоног төхөөрөмж яаралтай авч өгөх шаардлага үүсээд байгаа тул шийдвэрлэхээр ярилцаж байна.
Энэ хавар худалдаалах нөөцийн махыг ХХААХҮЯ бэлдсэн. Харин борлуулалтыг нийслэл хариуцна. Нийт 9 дүүрэгт 450 гаруй борлуулалтын цэгээр худалдахаар төлөвлөж байгаа. Нөөцийн махыг зах зээлийн үнээс 20-30 хувь хямд зарна. Нийт 7000 гаруй тонн мах бэлтгэсэн байгаа. Борлуулалтыг гуравдугаар сарын 21-25-ны хооронд эхлүүлнэ. Худалдаа долдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.
Хувийн хэвшлийнхэн нийслэл хоттой хамтарч, ойр ажиллая гэдэг саналыг гаргасан. Үүний дагуу GS25, CU зэрэг сүлжээ дэлгүүрүүд Улаанбаатар хоттой хамааралтайгаар автобусны эцсийн буудал дээр жолооч нар амарч, бие засах газруудыг тохижуулж өгөх, автобусны буудлын тохижилтод анхаарч ажиллахаар ярилцсан. Хувийн хэвшил санал санаачилгатай ажиллаж байгаад баяртай байна.
Бямба гарагийн өглөө бүр хувийн хэвшлийнхэнтэй цай хамт ууж, тэдний өмнө тулгамдсан асуудлыг сонсож санал солилцож байна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх