Агаарын чанарын индексийг шалгаж үзэхэд өнөөдрийн 09:30 цагийн байдлаар Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа, I хороололд агаарын чанар "Маш их бохирдолтой" буюу 400-аас дээш утга заалаа. Тухайлбал, Дамбадаржаа 418, Хайлааст, I хороолол орчимд 423, Баянхошуу орчимд 500-г давж, одоогийн байдлаар 713-т хүрч байна.
Тэгвэл хотын бусад хэсэг болох Нисэх, 100 айл, Шархад, Амгалан, МҮОНРТ, Таван буудал орчимд агаарын чанар "Бохирдолтой" буюу 221-279 хооронд зааж байгаа бол Баруун 4 зам, Бөхийн өргөө, Ургах наран,Налайх орчимд "Бага бохирдолтой" буюу 115-174 хооронд байна. Тэгвэл Мишээл экспо орчимд агаарын чанар "Хэвийн" буюу 70-ыг зааж байгаа юм.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сангаас өгсөн зөвлөмжид "Шүүлтүүртэй амны хаалт агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах зайлшгүй нэг арга мөн. Амны хаалт сонгохдоо олон улсын стандартад нийцсэн, PM2.5-ийг шүүдэг эсэхийг шалгаарай. Тухайлбал N95 ба N99 төвшний маскууд нь маш өндөр төвшинд буюу PM2.5 нарийн ширхэгт тоосонцруудыг 95%, 99% шүүх чадвартай гэсэн үг юм. Мөн амны хаалт таны нүүрний хэлбэрт яг тохирсон, огт зай завсар орохгүй байхаар тооцож авах нь чухал" гэсэн байна.
Улаанбаатарт өнөөдөр -26 градусын хүйтэн, салхины хурд нэг метр секунд байна
Сэтгэгдэл үлдээх