loader
Хүүхдийнхээ ӨВЛИЙН АМРАЛТЫГ ҮР БҮТЭЭЛТЭЙ өнгөрүүлэх аргууд

Хүүхдийнхээ ӨВЛИЙН АМРАЛТЫГ ҮР БҮТЭЭЛТЭЙ өнгөрүүлэх аргууд

Сурагчдын өвлийн урт амралт эхэлж нийт зургаан 7 хоног амарна. Томчууд бид түгжрэлээс өрсөж бараг үүрээр гэрээс гаран ажилласаар хүүхдүүдээ бараг унтсан хойно гэртээ харьдаг нь цөөнгүй. Амралтын хоёр хоног амьдрал ахуй, настай аав ээждээ тусална, аар саар нэмэлт ажлаа амжуулсаар үрсдээ хангалттай цаг зав гаргаж чадахгүйдээ зовнин, гэмтэй мэт битүүхэн шаналж явдаг нь ч бий. Тэгвэл энэ урт амралтыг ашиглаад үр хүүхдэдээ та боломжийнхоо хэрээр цаг зав гаргаж, хөгжилд нь нэмэр болохуйц зүйлс хийх боломжтой билээ.

Намраас хойш хичээллэсэн тэдний оюун чилж, эрч хүч нь суларсан тул амралт нэрийдлээр хэт их даалгавар, хийх зүйлсээр “дарж” шахахгүй ч, цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зарим аргуудаас эцэг эхчүүд та бүхэнд санал болгож байна. Өөрт таалагдсан, хүүхдэд тань тохирсон гэж бодож буй аргуудаас туршаад үзээрэй.

44 өдрийн чалленж эхлүүлэх

Амралтын хоёр хоногийг тооцвол хүүхдүүд нийт 44 хоног амарна. Аливаа хүн сар хүрэхгүй хугацаанд буюу ердөө 21 өдөрт л аливаа шинэ дадлыг өөртөө суулгах боломжтой байдаг. Нэг үгээр өдөр бүр дасгал хөдөлгөөн хийнэ эсвэл ном тогтмол уншина гэж төлөвлөж байгаа бол тасралтгүй 21 хоног хийхэд цаашид таны оюун ухаан, бие организм үүнийг шинэ зүйл гэж хүлээн авалгүй тогтмол хийх боломж нь бүрддэг байна. Тиймээс хүүхэдтэйгээ хамт ямар нэгэн шинэ зүйлийг чалленж болгон эхлүүлж үр дүнг нь үзэх боломжтой. Зөвхөн хүүхдээ сорих биш та ч мөн хамтдаа хийх, эсвэл тус тусдаа өөрсдөдөө тохирсон зорилго тавиад түүнийхээ дагуу хамт хичээж болно.

Цэвэр агаарт гарах

Хүүхдийн өсөж буй уушгинд цэвэр агаараас илүү хэрэгтэй зүйл үгүй. Утаа униар, хотын их дуу чимээнээс хол гэр бүлээрээ цэвэр агаарт гараарай.  Ингэхдээ чаргаар гулгаж, цасаар тоглож, өндөр уулын орой дээр гарч алсыг ширтэх гээд жаргалтай дурсамж үлдээхээр ямар ч зүйлийг хамт хийж болно.

Очиж үзээгүй, орж амжаагүй газруудаар зочлох

Чингис Хааны музей нээгдээд удаагүй байна. Энэ амралтаар гэр бүлээрээ үүх түүхээ судлан, энэхүү музейд зочлон хүүхдэдээ Монголын түүхийг танилцуулах боломжтой. Эсвэл гэр бүлээрээ, хүүхэдтэйгээ зочилж байгаагүй сонирхолтой, цагийг зөв өнгөрөөж болох газруудаар зочилж болно.

Зүү утас, алх хадаас бариулж сургах

Хүүхдүүд сургуульд онолын мэдлэг сурдаг ч амьдрал ахуйд нь хэрэг болохуйц дадал, чадварыг гэр бүлдээ ихэвчлэн сурдаг. Хүүхдэдээ ойр зуур хоол хийх, өндөг, талх хэрхэн шарах, зүү утсаар хэрхэн юм оёх, хадаас хэрхэн хадахыг охин, хүү гэхгүй зааж өгөхөд хэзээд илүүдэхгүй, алсдаа хэрэг болно. Мэдээж дээрхийг заахдаа насыг нь харгалзах нь зүйтэй гэдгийг дурдах илүүц биз ээ.

Хичээлийн хоцрогдлыг арилгах

Цахимаар хичээллэх үеийн сурагчдын хоцрогдол хараахан гараагүй байгаа гэдгийг боловсролын мэргэжилтнүүд, багш нар ч хэлж буй. Тиймээс амралтаар нь /олон цагаар биш/ давтлагад явуулах, багш хөлслөх гэх мэт аргуудаар хоцрогдлыг нь арилгаж болно. Эсвэл та өөрөө ч оройд эсвэл амралтын өдрүүдээр хамтдаа давтаж болно.

Өдөрт номын 10 хуудас, 10 шинэ үг

Өнөө цагийн хүүхдүүд ном унших боломжоо ухаалаг утсаар сольсон гэхэд хол зөрөхгүй. Угтаа бол ном унших нь хүүхдийн төсөөлөн бодох, сайн мууг таних, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлээд зогсохгүй уншихын хэрээр үгийн баялаг, хэл ярианы хөгжилд нь сайнаар нөлөөлж байдаг. Тэгвэл ном унших дургүй хүүхдээ өдөрт нэг, нэг хуудсаар ахиулан уншуулж сургах, уншсанаа танд ярьж өгөх, дараа нь тухайн үйл явдалд өөрт нь төрсөн бодол юу байв гэх зэргээр сонирхолтой яриа өрнүүлж болно. Дээр өгүүлсэнчлэн 21 хоног өдөр бүр тодорхой хэмжээгээр ном уншсан хүүхдэд цаашдаа дадал суухад төвөггүй юм. Гэхдээ та ч мөн хажууд нь хамт өөрийн номоо уншаад суувал зөв үлгэр дууриалал болно. Мөн гадаад хэлний шинэ үгс цээжилж болно. Эдгээр аргуудыг ашиглан дээр дурдсан 44 хоногийн чалленжийг хийж бас болно.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.Хуулийн төсөлд Ардын хувьсгалы

Эмэгтэйчүүдийн чуулган анх удаагаа

Мартын-8 гэхээр олонх маань баяр хэмээн ойлгож, хүлээж авсаар дассан. Тэгвэл Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтуулан Монголын залуучуудын холбооны дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс

Засгийн газар НҮБ-тай Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай Тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд хамтран ажиллахаа энэ оны 5 сарын 20-ны өдөр баталсан. Тодруулбал, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тус