УИХ-ын чуулганаар 2023 оны улсын төсвийг ид хэлэлцэж байна. Хуулиараа тухайн оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор дараа жилийн улсын төсвийг батлах учиртай.
Төсвийн төслөөс хүүхдийн мөнгөн тэтгэмж олны анхаарлын төвд байна. Энэ удаа хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд олгох буюу 91%-д нь үргэлжлүүлэн олгох тухай шийдвэр гарагчид байр сууриа илэрхийлээд буй.
Тухайлбал, 2022 оны есдүгээр сарын 26-ны өдөр Төрийн ордонд болсон "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Төсвийн хуульд цар тахлыг даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100,000 болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах ёстой. Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа. Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно" хэмээн хэлсэн.
Харин Сангийн сайд Б.Жавхлан 2022 оны есдүгээр сарын 27-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "2023 онд хүүхдийн 100,000 төгрөгийг хэвээр олгоно. Ингэхдээ зорилтот бүлэг буюу 80%-д нь олгоно" гэж байв.
Гэвч хүүхдийн мөнгийг ялгавартай олгох талаар олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлж байна.
iKon.mn сайт энэ талаар санал асуулга явуулахад өнөөдөр(2022.10.07)-ийн байдлаар 8,261 иргэн оролцсоноос 91.2% нь хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийнхэнд өгөхийг дэмжихгүй хэмээн хариулжээ.
Та Хүүхдийн 100,000 төгрөгийг зорилтот бүлэг рүү шилжүүлэхийг дэмжиж байна уу? (Нийт санал: 8347)
САНАЛ ӨГӨХ |
Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг ялгавартай олгохыг дэмжихгүй байгаагаа ийнхүү илэрхийлэв.
Сангийн сайд Б.Жавхлан хүүхдийн мөнгийг ийнхүү ялгавартай олгож байгаа шалтгаанаа чинээлэг өрхүүд хүүхдийн мөнгө авах шаардлагагүй хэмээн тайлбарлаж байгаа. Тиймээс "Ирэх оны төсөвт 1 их наяд 394.6 тэрбум төгрөгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор өргөн барих гэж байна. Эдийн засгийн хүндрэл, тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед өндөр орлоготой хэсгийнхэн хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар дийлэнх хэсэгт тасралтгүйгээр хүүхдийн мөнгө өгөх боломжийг баталгаажуулна" гэсэн юм.
Өргөн барьсан төсвийн төсөлд тусгаснаар хүүхдийн мөнгийг чинээлэг өрхийг оруулахгүйгээр зорилтот бүлэгт 100,000 төгрөг хэвээр үргэлжлүүлэн олгох бөгөөд ингэхдээ
- өрхийн амьжиргааны түвшнийг нарийвчлан тооцохдоо өрхийн мэдээллийн нэгдсэн сан болон төрийн мэдээллийн бусад санг ашиглан бүрдүүлэх;
- хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүүхдийн мөнгөн хуримтлал болон бусад хэлбэрээр хадгалах, хөрөнгө оруулалт хийх боломжийг олгох;
- хүүхдийн мөнгөн тэтгэмжийг согтууруулах ундаа, тамхины хэрэглээнд зарцуулахыг хориглох хэмээн нарийвчлан тусгажээ.
Өчигдөр/2022.10.06/ болсон УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны төсвийн төслийг танилцуулсан. Түүний танилцуулгад "Хүүхдийн мөнгө нэмэгдүүлсэн бодлогууд ч цар тахлын сорилтыг даван туулахад чухал түлхэц болсон гэж үзэж байна" гэснээс өөр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хэчнээн хувьд олгох талаар дурдагдаагүй байна.
Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанаас үзэхэд нийт өрхийн 9 хувь нь өндөр орлоготой байх бөгөөд эдгээр өрхүүд хүүхдийн мөнгөнөөс татгалзсанаар цар тахлын үед орлого нь буурсан олон өрхүүд энэ хөтөлбөрт хамрагдах боломж нь илүү баталгаажна" гэжээ.
Сангийн сайдын хэлснээр сарын 3.5 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой өрх өндөр орлоготой ангилалд орсноор хүүхдүүд нь мөнгө авах боломжгүй болохоор байна. Энэ нь хүүхдүүдийн хувьд тэгш бус байдал үүсгэж буйг үгүйсгэхгүй.
Манай улсын 0-18 насны 1.2 сая хүүхэд 100,000 төгрөгийн тэтгэмж авдаг. Цаашид хэдэн хүүхэд тэтгэмж авахаар 2023 оны улсын төсөвт эцэслэн батлагдах нь хүлээлт үүсгэж байна.
Сэтгэгдэл үлдээх