Өнөөдөр Ардчилсан намаас долоо хоног бүрийн мягмар гарагт зарлан хуралдуулдаг хэвлэлийн бага хурал боллоо.
Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал мэдээлэл өглөө. Тэрбээр Ардчилсан намаас нэр дэвшигчид маань өнгөрсөн нөхөн сонгуульд амжилттай оролцлоо. 15 газар Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулсан амжилтыг үзүүллээ. Ингэснээр Ардчилсан нам хоёр газар нэмж засаглахаар болж байна.
Тус сонгуулийн үеэр маш ноцтой зөрчил илэрлээ. Тэрхүү зөрчил нь иргэдийн хурууны хээг таниулах төхөөрөмжин дээр алдаа гарч тухайн мэдээлэл болон зураг таарахгүй байх мэдээллүүд гарч байна. Улсын бүртгэлийн газрын мэдээллийн санд байгаа мэдээлэл өөрөө гажуудалтай байна гэж ажиглагчид, сонгуулийн хороог зохион байгуулагчид дүгнэлт хийж, акт үйлдсэн байна. Үүн дээр иргэн хурууны хээгээ уншуулахад тухайн хүний мэдээлэл нь гарч ирэх боловч зураг нь зөрж байна.
Үүнийг Улсын бүртгэлийн газраас тайлбарлахдаа мэдээлэл буруу оруулсан, зураг нь гацсан гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Иргэний бүртгэл дээр гарч буй алдаа дутагдлууд хэрээс хэтэрч байна. Өнгөрсөн долоо хоногт манай нам дээр нэг хүн гурван регистрийн дугаартай байгаа талаар мэдээллийг ирүүлсэн. Регистерийн дугаар гэдэг хувь хүний талаарх мэдээллийн нууц бөгөөд нэг хүн гурван төрлийн регистертэй байх боломжгүй учраас та үүнийг тагнуулын байгууллагад хандаж шалгуулах ёстой гэсэн зөвлөгөөг өгсөн байгаа.
Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар орон нутагт ажиллаж иргэдээс санал авч байна. Ямар төсөл, ямар өөрчлөлт орох талаар албан ёсны тогтоол, шийдвэргүйгээр зөвхөн аман хэлбэрээр санал асуулга явж байгаад маш их шүүмжлэлтэй байна. Ялангуяа нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг бодолцож үзэлгүй, эдийн засагтаа дорвитой арга хэмжээ авахгүйгээр Үндсэн хуулиа өөрчилнө гэдэг нэрийн дор иргэдээс санал асуулга авахаар хандаж байна.
Тиймд эрх баригч намын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд яг ямар өөрчлөлтийг оруулах талаар тодорхой мэдээллийг өгсөний үндсэн дээр иргэдээс санал асуулга авмаар байна. Тодорхой биш асуудал дээр санал асуулга явуулж үүнийг дэмжих үү, эс дэмжих үү гэдэг асуулга гэж байдаггүй. Эрх баригчдыг энэ асуудал дээр нухацтай хандахыг анхааруулж байна гэлээ.
Сэтгэгдэл үлдээх