Дэлхийн поп оддын нэг Селин Дион маш ховор тохиолддог мэдрэлийн эмгэгийн улмаас ирэх оны эхээр төлөвлөгдсөн байсан Европын аялан тоглолтоо хойшлуулж байгааг өчигдөр зарлажээ.
Тэрбээр англи, франц хэлээр хийсэн 5 минутын урттай мэдэгдлийг Инстаграм хуудсандаа нийтэлсэн байна.
“Саяхан надад “stiff-person syndrome” гэгддэг саяд нэг тохиолддог маш ховор мэдрэлийн эмгэг илэрсэн юм” гэж Дион мэдэгдэлдээ хэлжээ.
Ингэснээр бүх биеийн булчин агшин чангардаг тул дуулахаас гадна алхаж гишгэх хүртэл боломжгүй болсон юм байна.
“Үүний улмаас хоёрдугаар сард эхлэх байсан Европын аялан тоглолтоо хойшлуулахаас өөр аргагүй болсныг дуулгахад харамсалтай байна” гэж Канадын поп дива мэдэгджээ.
Селин Дион эрүүл мэндийн асуудалтай болсон нь энэ оны эхээр ээлжит тоглолтоо цуцлахад анх тодорхой болж байв. Өнгөрсөн хугацаанд уйгагүй эмчлүүлж, хүүхдүүдээрээ асруулж байсан ч бие нь сайжраагүйг тэр хүлээн зөвшөөрсөн байна.
Дион 1990-ээд оны үед “My Heart Will Go On”, “The Power of Love” зэрэг хит дуунуудаараа анх дэлхий дахинд алдаршиж байсан юм.
“Stiff-person syndrome” нь 30-60 насны хүмүүст тохиолддог мэдрэлийн эмгэг бөгөөд хүний бүх биеийн булчинг агшаан чангаруулж, ихэнх тохиолдолд сайжралгүй, аажмаар улам дорддог байна.
“Амьдралынхаа турш хийсэн хамгийн дуртай ганц зүйл минь дуулах. Та бүхэнтэй уулзаж, тайзан дээр зогсох мөчийг маш их үгүйлэн санаж байна” гэж Дион нулимсаа арчин ярьжээ.
Түүний ирэх оны зуныг дуустал төлөвлөгдсөн бүх тоглолтуудын зарим нь цуцлагдаж, зарим нь дараа оныг хүртэл хойшлогдсон юм.
Харин наймдугаар сарын сүүлээс эхлээд аравдугаар сарыг хүртэлх тоглолтуудын хуваарьт одоогоор өөрчлөлт ороогүй байна.
Эх сурвалж: AFP

















Сэтгэгдэл үлдээх