loader
Сумын заан А.Идэртөр: Манай сумынхан надаас их хүлээлттэй байгаа

Сумын заан А.Идэртөр: Манай сумынхан надаас их хүлээлттэй байгаа

“Түс тас” ярилцлагын зочноор Булган аймгийн Дашинчилэн сумын залуу бөх Алтанабаганы Идэртөрийг уншигчидтайгаа уулзуулж байгаадаа баяртай байна. Арвандолоохон насандаа сумын заан цол хүртэж, хориодхон насандаа заан цолоо дахин баталсан залуу бөх маань өнөөдөр ч бас өвс ногоо нь өнгөөр алгалсан, хүүхэд хөгшид нь гоёлын дээлээр гоёсон, инээд хөөр, баяр баясгалан дүүрэн эгэл жижигхэн суурингийнхаа цэнгэлдэх хүрээлэн дотор эх орончдын, их наадамчдын хөл дундуур жодог шуудгаа өмсөн эр бяртай аавын хөвгүүдтэй хүч үзээд завгүй л харагдана.

Сайн байна уу?

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

- Намайг Алтанбаганы Идэртөр гэдэг. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул иргэн. Одоогоор сумын заан цолтой үндэсний бөхийн тамирчин байна.

-Хэзээнээс бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Хамгийн анх 2007 онд хичээллэж эхэлсэн. Гэхдээ үндэсний бөхөөр биш сумо бөхийн “Өглөөний хөх луу” гэдэг тэмцээнд оролцоод түрүүлж байлаа. Өвөө минь тэр тэмцээнд намайг дагуулж явж оролцуулсан болохоор түүнээс хойш би өөрийгөө сумо бөхийн тамирчин болно гэж боддог байлаа. 2012 онд энэ бодол өөрчлөгдөж үндэсний бөхөөр барилддаг болсон. Одоогоор Сумын заан цолоо хоёр удаа баталчихаад байна.  


- Та бөхийн удамтай юм уу?

-Манайх бөхийн удамтай айл л даа. Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат,  аймгийн заан Даваадорж гэдэг хүн чинь миний аавын ойрын хамаатан. Харин ээжийн минь удамд Булган аймгийн Орхон сумын харьяат Лүндэнжамц гэх хурц арслан байдаг.

- Гэр бүлийнхээ тухай дэлгэрүүлэн яриач?

- Би айлын том хүүхэд. Доороо нэг эрэгтэй дүүтэй. Одоо бол өрх тусгаарлаж, эхнэр охины хамт сумандаа амьдарч байна. Миний эхнэр сумын эрүүл мэндийн газарт ажилладаг, нягтлан бодогч мэргэжилтэй хүн. Бөх хүний гэргий гэдэг ар гэрийн бүх ачаагаа үүрдэг болохоор гэргийгээрээ их бахархдаг.

-Сумо бөхийн тамирчин болохыг мөрөөддөг байжээ дээ?

- Тийм ээ, багаасаа сумоч болохыг мөрөөдөж, зорьж хичээллэдэг байсан. 2007-2012 онд тасралтгүй хичээллэсэн. 2012 оноос хойш үндэсний бөхийн спортод дурлан хичээллэж эхэлсэн.

- Сумоч болох мөрөөдлөө яагаад орхисон бэ?

- Би 12 насандаа нэг удаа үндэсний бөхөөр барилдаж үзсэн. Тэр үед шантраад үндэсний бөх л биш шүү, би сумоч болно гэж бодож байлаа.  Тэгтэл  багш минь гэрт ирж аав ээж хоёрт “Хүүхдээ барилдуул би бэлдэнэ” гэж хэлсэн. Аав ээж хоёр минь ч үндэсний бөхөөр хичээллүүлэх сонирхолтой байсан тул би хүндэлдэг хайртай хүмүүсийнхээ үгэнд орж үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн. Түүнээс хойш нэг ч удаа сумоч болсон бол гэж бодож байгаагүй. Энэ миний амьдралын зам байсан.


- Багшийнхаа тухай яриач?

- Миний багшийг Цогтбаатар гэдэг. Манай сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш хүн л дээ.  Сургууль дээр хичээллэдэг өөрийн сургалтын цагаас гадна биднийг 10 жилийн сурагч байхаас л  илүү цагаар сургалт явуулж,  олон тамирчдыг төрүүлэн гаргасан. Миний хувьд багаасаа л багшийн зааварчилгаагаар сумо, үндэсний, жюү жицү зэрэг бөхийн төрлөөр багшаараа заалгаж хичээллэсээр ирлээ.  Сүүлд жюү жицү бөхийн спортоор намайг бэлдэж би улсын чанартай тэмцээнд хоёр удаа алтан медаль авч байсан. Гэхдээ багш намайг үндэсний бөхөд ирээдүйтэй гэж харсан тул одоо бол зөвхөн үндэсний бөхөөр л дагнан дасгал сургуулилалтаа хийж байна. Багшийн минь сургах, шавиа мэдрэх тэр сэтгэл аугаа гэж бодож байна.

- Анх хэдэн онд сумын заан цол хүртсэн бэ?

- Би 2016 онд 17 насандаа сумын заан цол хүртэж байлаа. Дараа нь 2020 онд дахин түрүүлж заан цолоо баталсан.  Одоо үед том цолтой бөхчүүд л сайн барилдана гэсэн ойлголт байхгүй. Бэлтгэл нь сайн бол ямар ч залуу бөх түрүүлэх, цол хүртэх боломжтой болсон.

- Хамгийн анх сумын заан болсон үеийнхээ сэтгэгдлээс хуваалцаач?

- Цол гэдэг бол эр хүний гайхуулж явах зүйл шүү дээ. Өөрийгөө 17 насандаа цол авсанд жаахан хүүхэд болохоор  энэ тэнд барилдахдаа эмээдэг байлаа. Гэхдээ би өөртөө нэгэнт сумын заан болсон юм чинь үүнээс илүү хичээгээд цолоо ахиулах ёстой, би удам дамжсан бөх шүү гэж хэлсэн.

-Дашинчилэн сумын наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Энэ наадамд барилдахын тулд хэдий хугацаанд бэлтгэл хангасан бэ?

-Тийм ээ, наадам сайхан болж байна. Зэргэлдээ аймгуудын алдар цолтой бөхчүүд ирж оролцож буй нь өмнөх жилүүдээс онцлогтой байна. Миний хувьд багштайгаа хоёулаа зургаадугаар сарын 10-наас эрчимтэй хуваарь гарган  өдөр бүр бэлдсэн. Зэргэлдээ сумдын бэлтгэл хийж буй бөхчүүд дээр очиж туршлага солилцсон. Жилийн дөрвөн улиралд өдөр өнжилгүй бэлтгэл хийдэг болохоор өөрийнхөө бэлтгэлийг хангалттай гэж бодож байна.

-Дөнгөж сая та нэгийн даваанд учраа бөхөө даваад туг тойрч байгаа харагдсан. Хэр хүнд барилдаан байв, оноолт таарсан бөх тань хаанахын хэн гэдэг бөх билээ?

- Баярлалаа, Архангай аймгийн харьяат сумын заан Батзаяа гэдэг залуу. Бэлтгэл нь ханасан, эртэй бяртай залуу байлаа.


-Энэхүү наадмаас ямар үр дүн хүлээж байна вэ?

- Сүүлийн үед бөхийн найраа их болсон. Би барилдаж буй бөхчүүдийг шударгаар барилдаж, эцсийн үр дүнд хүрээсэй гэж хүсч байна.

-Сумын наадамд бөхийн найраа хэр байдаг вэ?

-Би өөрөө найраанд орж үзээгүй л дээ. Ер нь найраанд орохгүй барилдсаар явна гэж боддог. Харин сумдын наадамд бол найраа олон байдаг гэж сонсогдсон.

 

-          Үндэсний бөхөөр хичээллэж буй гол зорилго тань юу вэ?

-          Өөрийнхөө оргил цэг хүртэл бэлтгэлээ хийнэ.  Би улсын цолтой бөх болмоор байна. Миний удам тэр чигээрээ бөхтэй айл боловч улсын цолтой хүн байхгүй.

-          Үлгэр дуурайлал авдаг  бөх байдаг уу?

-          Булган аймгийн Могод сумын харьяат улсын начин Энхбат агснаас үлгэр дуурайлал авдаг. Их бахархдаг. Мэхийг нь дурдвал хөмрөө, хашиж мордоо, зайлаа, бусгаа,  тонгоруулж татаа зэргийг дурдаж болно. Бэлтгэлээ тараад гэрлүүгээ явж байхдаа ч хүртэл энэ мэхнүүдийг нь боддог доо.

-          Үндэсний бөхийн спорт бусад төрлийн спортоос юугаараа ялгардаг гэж боддог вэ?

-          Спорт хүнийг бүрэн хүмүүжүүлдэг л дээ. Гэхдээ миний бодлоор үндэсний бөхийн спорт тухайн тамирчнаа илүү их хүмүүжүүлж, уужуу тайван болгодог юм болов уу гэж боддог. Хүн бүрд хувийн араншин бий л дээ. Ер нь ямар ч спортод бэлтгэл нэгдүгээрт хэрэгтэй. Сэтгэлзүйн бэлтгэл бас их чухал нөлөөтэй. Бэлтгэл сайн байхад хүч бяр, сэтгэлзүй аяндаа тэгширдэг.

-          Суманд таныг танихгүй хүн алга аа? Тэдний танаас асууж буй  “Давсан уу, хаанахын бөхтэй барилдав” гэдэг үгс танд хэрхэн нөлөөлдөг вэ?

-          2020 онд цар тахал гараагүй байхад наадам болж би түрүүлсэн шүү дээ. Түүнээс хойш хоёр жил наадам бололгүй өнгөрч өнөөдөр л болж байна. 2010 оноос хойш манай суманд наадамд хоёр дарааллан түрүүлсэн над шиг бөх байхгүй юм билээ. Тэгэхээр одоо хүмүүс намайг “түрүүлээсэй, түрүүлээд харуулчих” гээд байнга хэлж байсан. Энэ нь наадмын өмнөх өдрүүдэд намайг жаахан түгшихэд хүргэлээ.

-          Яагаад түгшинэ гэж?

-          Энэ хоёр талтай. Зарим тохиолдолд би илүү хүчтэй болохын зэрэгцээ их айдастай байдаг байлаа. Өнөө өглөө бол би энэ бодлуудаа цэгцэлсэн л дээ. Зөвхөн барилдаандаа анхаарлаа хандуулахаар шийдсэн.

-          Бөх хүний жудаг гэж ярьдаг даа. Тэрхүү жудгийн талаар яриач.

-          Эр эм нь мэдэгдэхгүй залуус олон болоод байх шиг байна. Өмссөн хувцас, яриа, алхаа зэрэг нь эмэгтэйлэг болоод байх шиг. Гэхдээ  би Монгол эрэгтэй хүмүүст бүгдэд нь монгол бөхийн жудаг буюу хэн нэгэнтэй гар зөрүүлээд барилдчихдаг, алсын бодол, уужуу ухаан, хүнийг хүндлэх сэтгэл бий гэж боддог доо.  Бид ингээд яриагаа дуусгаж болох уу?

-          Болно оо,

-          Уучлаарай, би одоо хоёрын даваандаа барилдах дөхөж байна. Барилдахдаа анхаарлаа хандуулах ёстой.  Манай сумынхан надаас их хүлээлттэй байгаа. Би итгэлийг нь алдахгүйгээр хичээх болно. Булган аймгийн Дашинчилэн сумын зон олон минь сайхан наадацгаагаарай, эрүүл энх, зуншлага нь дэлгэр байж цагаан идээгээр бялхаж, таван хошуу мал нь тарган тавлаг байг ээ...

-          Заа танд бас их баярлалаа. Дараа дараагийн барилдаанд нь амжилт хүсье.

 Л.Мажиггарав 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ч.Номин: Монгол-Японы одоогийн харилцаанд соёлын салбар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн

Токио /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан тус улсад төрийн айлчлал хийж байна. Айл

Э.Уянга: Сүрьеэг эмнэлзүйн шинж тэмдэг, багажийн шинжилгээ болон нян судлалаар баталж оношилгоо хийдэг

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯСүрьеэгийн илрүүлэлт, урьдчилан сэргийлэлтийн талаар ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тасгийн эрхлэгч Э.Уянгаас тодрууллаа.-Монгол Улсад өнөөдрийн байдлаар сүрьеэ өвчний н

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг “БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 300“ дахь мэс засал амжилттай хийлээ

Дэлхийн мэс заслын хамгийн өндөр технологид тооцогдох Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон амжилттай нутагшуулж, энэ сарын 08-ны өдөр бөөр шилжүүлэн суулгах 300