"Asia Times" сайтад манай улсын нүүрсний борлуулалттай холбоотой нийтэлсэн нийтлэлийг орчуулан хүргэе.
Монгол Улс хоёрдугаар сараас эхлэн хатуу түлшээ Хятад руу шууд нийлүүлэхээ зогсоож, оронд нь дуудлага худалдаагаар зарна. Иймээс Хятад улс Монголоос нүүрс авахын тулд илүү их мөнгө төлөх шаардлагатай болно. Өнгөрсөн арванхоёрдугаар сард олон мянган хүн нүүрсний салбарын авлига, хээл хахуулийг эсэргүүцэн нийслэлдээ жагсаал хийсний дараа Монгол Улсын Засгийн газар ийм шийдвэр гаргасан юм.
Одоогоор Хятадын Гадаад хэргийн яам энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Өнгөрсөн жил Монголын нүүрсний 84 хувийг худалдаж авсан Хятад улстай байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж Хятадын хэдэн тоймч шүүмжилсэн.
Нэгдүгээр сарын эхээр "China Energy Investment Corp" төрийн өмчит компани Индонезийн дараа орох дэлхийн хоёр дахь том нүүрс экспортлогч Австралиас нүүрс импортлох захиалга өгсөн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.
Австралийн засгийн газар Хятадад гарсан Ковид-19-ийн дэгдэлтийг мөрдөн шалгахыг шаардсаны дараа 2020 оны аравдугаар сараас хойш Бээжин Австралиас нүүрс импортлохыг хориглосон. Харин 2021 оны есдүгээр сард бүс нутгийн нүүрсний үнэ огцом өссөний улмаас цахилгаан станцууд үйлдвэрлэлээ бууруулж Хятад улс орон даяар эрчим хүчний хямралд орсон. Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, гурван сарын хугацаанд асуудлыг шийдвэрлэв. Өвөрмонгол, Шаньжин дахь нүүрсний уурхайнуудад цахилгааны үнийг 10-20 хувиар нэмэгдүүлэх боломжийг олгосон. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг үүрэг болгов. Мөн Монгол, Орос, Канад зэрэг орноос илүү их нүүрс импортолжээ.
Монгол Улс 2020 онд Хятад улс Австралиас 35 сая тонн орчим коксжих нүүрс импортолсон. Энэ нь нийт коксжих нүүрсний импортын 48 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онд Хятад улс 63.83 сая тонн коксжих нүүрсийг Монголоос (40%), үлдсэн ихэнх хувийг Орос (33%), Канад (12%), АНУ (7%)-аас импортолсон байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар Бээжин хотноо уулзаж, хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан. Хоёр улс Монголын нүүрсийг Хятадад нийлүүлэх урт хугацааны хэлэлцээрийг урагшлуулахаар төлөвлөж байсан. Гэвч арванхоёрдугаар сарын 6-нд Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд олон мянган иргэд цугларч өндөр албан тушаалтнуудыг нүүрсний орлогыг хулгайлсан хэрэгт буруутгаж, УИХ-ыг огцруулахыг шаардаж жагссан юм.
Хоёрдугаар сар гараад “Эрдэнэс Тавантолгой” компани Хятад дахь худалдан авагчидтай шууд борлуулалтын гэрээ хийхээ зогсоож, нүүрсээ Монголын хөрөнгийн биржээр дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Үүнээс өмнө Монголын Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард нүүрс олборлогчид бүтээгдэхүүнээ 2023 оны хоёрдугаар сараас эхлэн захын үнээр биш хилийн үнээр борлуулна гэж мэдэгдэж байсан. Нэг тонн нүүрсийг нүхэн дээр 71 ам.доллар, хил дээр 129 ам.доллароор үнэлж байна.
Монгол дахь авлигын асуудлаас үүдсэн бүх зардлыг Хятадаас төлж байгаа нь шударга бус гэж Фүжианд амьдардаг тоймч хэлэв .
Тэрбээр "Монгол Улс саяхан дуудлага худалдаагаар 12800 тонн коксжих нүүрсийг Сингапурын пүүст тонн тутмыг нь 1290 юань буюу 191 ам.доллароор худалдсан нь өмнөх хэлцлийн үнэ болох 1150 юаниас 12.2 хувиар өндөр үнээр зарагдсан байна. Хилийн үнийг ашиглах нь Монголын уурхайчид ложистикийн зардлыг шийдэх боломжтой тул Хятадын худалдан авагчдын эрх ашгийг ноцтойгоор хохироох болно. Монголын дуудлага худалдааны систем Хятадын үйлчлүүлэгчдийг саатуулна" гэжээ.
Харин Шаньдунд төвтэй нэгэн тоймч “Хятад, Монголын хооронд эрчим хүчний түншлэл байгуулах нь амаргүй. Гэхдээ Монгол Хятадаас мөнгө олох гэж байгаа бол ямар нэгэн арга хэмжээ авахаасаа өмнө сайтар бодох хэрэгтэй. Монгол Улсын Засгийн газар Хятад улстай хийсэн эрчим хүчний гэрээгээ дангаараа цуцалж, хулгайн гэмт хэргийн эсрэг хийсэн шинэчлэлийнхээ зардлыг төлнө гэж найдаж байгаа нь хариуцлагагүй хэрэг. Хэрэв Монгол Улс Хятад руу эрчим хүчний экспортоо нэмэгдүүлж чадаагүй бол эдийн засгаа эрчимжүүлэх төлөвлөгөөгөө хэрхэн урагшлуулах талаар бодох хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл үлдээх