loader
Антонио Гутерреш: Энх тайвны бэлэг тэмдэг болсон Монголд айлчилж байгаадаа баяртай байна

Антонио Гутерреш: Энх тайвны бэлэг тэмдэг болсон Монголд айлчилж байгаадаа баяртай байна

НҮБ-ын дарга Антонио Гутерреш манай улсад айлчилж байна. Дэлхийн хамгийн олон орныг эгнээндээ нэгтгэсэн, олон улсын хамтын нийгэмлэгийн нэр хүнд бүхий байгууллагын тэргүүн Монголд 13 жилийн дараа ирлээ. НҮБ-ын дарга нар бүс нутгийн зөрчилдөөнтэй, иргэний дайн дэгдсэн улсуудад айлчлах нь нийтлэг байдаг. Иймд дотоод гадаад маргаан зөрчилгүй манай улсад НҮБ-ын дарга дөрөв хоног саатаж байгаа нь олон улсын анхаарлыг ч татлаа.  

МАНАЙ ТАЛ НҮБ-ЫН ДАРГАД ЯМАР ХҮСЭЛТ ТАВЬСАН БЭ?

НҮБ-ын дарга Антонио Гутерреш өчигдөр төрийн гурван өндөрлөгтэй уулзаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамт мэдэгдэл хийв.

Ерөнхий сайд түүнтэй уулзахдаа Эгийн голын усан цахилгаан станцыг урагшлуулах талаар хөндлөө. Энэ төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг хэмжсэн судалгааг ирэх оны ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдүүлэхийг манай тал хүссэн юм. НҮБ-ын дарга нааштай хариу өгсөн нь онцлууштай.  

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнтэй уулзах үеэр ковид-19, олон улсын хямрал, их гүрнүүдийн зөрчил, бодлогын тулгалт зэрэг нь хөгжиж буй орнуудад хүнд тусаж байгаа тул дэлхийн санхүүгийн байгууллагуудын уян хатан бодлого, хөнгөлөлтийн гарц юу байж болох талаар ирэх аравдугаар сард болох G-20 уулзалтын үеэр хөндөхийг хүсжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох замаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж ирсэн гэв. Тиймээс Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хүрээлэнг Монголд байгуулах талаарх санаачилгыг дэмжин ажиллахыг хүслээ.

Манай улс Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын судалгааны төвийг санаачлан байгуулсан. Энэ хүрээлэнг Тогтвортой хөгжил 2030-д хүрэхэд хувь нэмэр үзүүлэх, мэдлэг, инновацын төв болгохын тулд НҮБ-тай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэвлэлийн хурлын үеэр боловсролыг шинэчлэх, сэргээгдэх эрчим хүчийг эрчим хүчний гол эх үүсвэр болгох зорилтыг хэрэгжүүлэхэд НҮБ-ын туслалцаа, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэнэ гэв.

НҮБ-ЫН ДАРГЫН ОНЦЛОХ ИШЛЭЛҮҮД

  • Та бүхэн эмэгтэй энхийг сахиулагчийн тоогоо өсгөх болсонд баяртай байна. Энэ шийдвэр олон улсад үлгэр жишээ болно гэдэгт итгэлтэй байна. 
  • Дэлхий дахинд энх тайван, амар амгалан байдал улам бүр хомсдож буй энэ үед энх тайвны билэг тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна.
  • Цөмийн дайн гарч болзошгүй гэж хүмүүс болгоомжилж буй өнөө үед Монгол цөмийн зэвсэггүй бүс гэдгээ зарласан нь маш зоригтой алхам.  
  • Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангах, Хойд Өмнөд Солонгосын хооронд зуучлах чиглэлээр Монгол Улсын оруулж буй нэмрийг өндрөөр үнэлж байна.
  • НҮБ Монгол Улсын оруулсан хувь нэмэрт талархдаг.
  • Монгол Улс НҮБ, түүний системийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавьж буй зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн.
  • Бидний үеийнхэн байгаль орчинд ээлтэй, ариг гамтай хандаж чадаагүй. Бид байгаль орчныг бохирдуулсан, байгалийн баялгаа гамгүй хэрэглэсэн. Бид хойч үедээ байгаль орчноо онгон дагшнаар нь хүлээлгэн өгч чадсангүй. Бид энэ алдааныхаа үр дагаврыг одоо амсаж байна. Тиймээс байгаль орчноо хамгаалан авч үлдээч гэж залуучууд Та бүхнээс би гуйж байна.
  • НҮБ-ын зүгээс нийгэм, эдийн засаг болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монголд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар сүүлийн нэг сарын дотор Улаанбаатарт саатлаа. Энэ нь  Монгол далайд гарцгүй, жижиг эдийн засагтай орон хэдий ч идэвхтэй, олон тулгуурт, тэнцвэртэй гадаад бодлого явуулдгийн тод илрэл боллоо.  

Гэрэл зургуудыг ГХЯ-ны цахим хуудаснаас авч ашиглав.

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

71 жилийн дараа буюу 90 насандаа Их сургууль ТӨГСЖЭЭ

Нэгэн эмэгтэй их сургуульд анх элссэнээсээ хойш 71 жилийн дараа буюу саяхан 90 насандаа дипломоо гардан авчээ.Хожмоо Жойс Виола Кейн хэмээх овогтой болсон Жойс ДеФау 1951 онд Хойд Иллинойсын Их сургуу

Алтай, Хангай, Хэнтийн уулсаар цас орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа Алтай, Хангай, Хэнтийн уулсаар цас орно.2023 оны 01-р сарын 25-ны 20 цагаас 2023 оны 01-р сарын 26-ны 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэд

Японы Ерөнхий сайд Засгийн газартаа халаа сэлгээ хийнэ

Сүүлийн хэдэн долоо хоногт хүн амын дунд явуулсан санал асуулгаар дэмжигчдийнх нь тоо буураад байгаа Японы Ерөнхий сайд Кишида Фүмио лхагва гарагт Засгийн газартаа болон эрх баригч Либерал Ардчилсан н