УИХ-ын хаврын ээлжит чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:
-УИХ-аас 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталсан Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон тус хуулийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуулиар системд нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрээр өөрчлөн зохион байгуулах шаардлагыг тогтоосон бөгөөд үүний дагуу Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас, Төрийн банкуудаас анх удаагаа хувьцаагаа олон нийтэд санал болгож, хөрөнгийн зах зээл дээр амжилттай гаргасан. Системд нөлөө бүхий таван банк 2022 оны есдүгээр сараас 2023 оны зургадугаар сарын хугацаанд нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн 5-11,4 хувь хүртэлхтэй тэнцэх хувьцааг олон нийтэд санал болгосон. Анхдагч зах зээлийн захиалга нь захиалагчийн саналын 17,2-204,6 хувиар илүү биелж банкуудаас хувьцаагаа олон нийтэд санал болгох ажиллагаа бүгд амжилттай хэрэгжсэн.
Эхний үр дүнд эдгээр таван банк Монгол Улсын зах зээлийн хөрөнгийн үнэлгээний 6,5 хувьтай тэнцэх хэмжээний 446,8 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг харьцангуй богино хугацаанд татан төвлөрүүлсэн. Иймд санхүүгийн байдлын тогтвортой байдлыг хангах, банкны салбарын нийт хувьцаа эзэмшигчдийг өмчилж байгаа хувьцааны үнэ цэнийг хадгалах, банкны эзэмшлийн хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, зохицуулалтыг банкны салбар амжилттай хэрэгжүүлэх зорилгын хүрээнд хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчид боломжит хугацаа өгөх шаардлага үүсээд байгаа. Олон улсын валютын сангаас 2023 оны аравдугаар сард нийтэд танилцуулсан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын тайланд Монгол Улсад банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцолсон болно.
УИХ-ын гишүүн М.ОЮУНЧИМЭГ:
-УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хоёр удаагийн хуралдаанаар хэлэлцсэн.
Хууль санаачлагч нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, банкны салбарын нийт хувьцаа эзэмшигчдийн өмчилж байгаа хувьцааны үнэ цэнийг хадгалах, Банкны тухайд хувь эзэмшлийн төвлөрийг бууруулах зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлэх зохицуулалтын хүрээнд хөрөнгө оруулагч болон хувьцаа эзэмшигчдэд боломжит хугацаа олгох шаардлагын үүднээс Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.
Сэтгэгдэл үлдээх