Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсөл батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой зарим суурь харилцаа хуулийн хүрээнд илүү тодорхой зохицуулагдаж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангаж, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Төмөр замын тээврийн зориулалттай газрыг хуульчилснаар төмөр замын аюултай бүс, төмөр замын зурвас газар, хамгаалалтын бүс тодорхой болж төмөр замын аюулгүй байдлыг хангах нөхцөл бүрдэнэ.
Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөл, эзэмшил, ашиглалтын харилцаа тодорхой болж, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч нь хуулийн хүрээнд тэгш эрхийн зарчимд үндэслэн үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ.
Төмөр замын нийтийн зориулалттай зам, тусгай зориулалттай зам, салбар замын өмчлөл, эзэмшлийн асуудлыг зохицуулснаар төмөр замын тээвэрлэлтийн харилцааг зохицуулах боломжтой болно.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгууллаа
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулна.
Аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний нэгдсэн төвүүдийн чиг үүрэгтэй төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын чиг үүргийг давхардуулахгүй байх үүднээс төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийг удирдлага, зохион байгуулалт, сургалтаар хангаж, үйлчилгээний стандартын шаардлага мөрдүүлэн, нэгдсэн систем нэвтрүүлж ажиллахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад даалгалаа.
Аймаг тус бүрт холбогдох төрийн байгууллагын үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа таван албан хаагч, нийт 105 албан хаагчийг тус газарт шилжүүлэх юм.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар байгуулагдсанаар нийслэлийн зургаан үйлчилгээний нэгдсэн төв, нийслэл дэх 59 төрийн үйлчилгээний цэг, 21 аймгийн үйлчилгээний нэгдсэн төв, 309 сум суурин газар нийт 395 цэгээр дамжуулан аймаг, сумдад салбар нэгжгүй төрийн захиргааны байгууллагын болон бусад төрийн байгууллагын үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд хүртээмжтэй хүргэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, иргэн төвтэй нэг цонхны үйлчилгээ үзүүлэн төрийн үйлчилгээг түргэн, шуурхай хүргэх нөхцөл бүрдэх юм.
Товч мэдээ
- Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг тус хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.
- Хяналт шалгалтын нийтлэг журмыг баталж, журамд нийцүүлэн эрхэлсэн салбарын онцлогт нийцсэн хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, хяналтын хуудсыг боловсруулан баталж, мөрдүүлэхийг хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагад даалгалаа.
- Кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг баталж, тус стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Сэтгэгдэл үлдээх