Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-оос хохирол нөхөн төлүүлэх эрхийг хангах зорилгоор төлөөлөн нэхэмжлэл гаргах үндэслэл, нөхцөл, шийдвэрлэлтийн талаар өнөөдөр /2024.05.16/ мэдээлэл хийлээ.
ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар:
-ХЭҮК байгуулагдсан цагаасаа эхлэн төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэнийг төлөөлж төрөөс хохирлыг нэхэмжилж ирсэн. Энэ хугацаанд нийт 43 удаагийн нэхэмжлэлийг харьяалах шүүхэд гаргасан байна. Үүний 33 нэхэмжлэлд иргэдэд учирсан сэтгэл санааны хохирлыг тооцож нэхэмжилсэн. Нийт 4.877.811.048 төгрөг буруутай этгээдээс нэхэмжилсэн байна. Үүний 3.304.192.914 төгрөгийг сэтгэл санааны хохиролд шаардсан байна. Шүүхээс хангасан нийт үнийн дүн 557.481.821 төгрөг байна. Нийт 19 нэхэмжлэлд сэтгэл санааны хохиролд 247.245.600 төгрөг олгохоор шүүхээс шийдвэрлэсэн.
Сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлал байгаагүйгээс хохирогчид өөрсдөө сэтгэл санааны хохирлоо үнэлж ХЭҮК-т ирүүлдэг байсан. Өнгөрсөн хугацаанд хамгийн ихдээ 500 сая төгрөгөөр сэтгэл санааны хохирлоо үнэлж байсан бол хамгийн бага нь 800 мянган төгрөгөөр үнэлсэн байдаг. УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийг шинэчлэн найруулан баталсан. Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дах хэсэгт заасныг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны А261, 275 дугаар тушаалаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмыг баталсан. Албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан эдийн засгийн болон эрүүл мэндийн хохирлыг тооцож байсан бол дээрх хууль батлагдсанаар сэтгэл санааны хохирлыг тооцох үндэслэл журамтай болсон" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх