Сонгодог урлаг гэдэг чамин тансаг хүний сэтгэлийн дотоод мөн чанарт хүрч чаддаг урлаг. Нэг үеийг бодвол сонгодог урлагийг сонирхогч, үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь манай УДБЭТ дэлхийн алдартай дууриудыг мэргэжлийн түвшинд маш гайхалтай бүтээж үзэгч олонд хүргэж буй нь гавъяа юм.
Үүний нэг жишээ бол 140 жилийн түүхтэй дэлхийн сонгодог Аида дуурийг 2010 онд анх эх орондоо туурвисан явдал юм. Дж. Верди нь 19-р зууны төдийгүй дэлхийн дуурийн урлагийн оргил бүтээлүүдийг туурвисан хүн бөгөөд Аида түүний хамгийн том бүтээл юм. Учир нь нүсэр найрал дуу, хөгжмийг энэ дуурь л багтаасан байдаг ажээ. Манай театрын уран бүтээлчид, хамт олон үнэхээр чадварлаг байсан нь танхим дүүрэн үзэгчдийн алга нижигнүүлэн таших чимээ, судлаач шүүмжлэгч нарын сэтгэл хөдлөлөөс мэдрэгдэж байсан. БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр тоглолтыг үзсэнийхээ дараа нэгэн сонинд : “Энэ үдэш зөвхөн Монголдоо төдийгүй Төв Азид энэ дуурийг анх удаа тавьж байгаагаараа онцлог үйл явдал болж байна. Аида дуурийг туурвиснаар Монголын сонгодог урлаг дэлхийн хэмжээнд байгаагаа зарлаж байгаа хэрэг юм ”хэмээн өгүүлж байсан түүхтэй.
Ийнхүү алдарт дууриа 2024 оны оны 5 сарын 11, 12-нд тайзнаа дахин толилуулахаар бэлдэж байна. Энэ удаад тоглох дуурийн найруулагчаар Б. Мэндбаяр, удирдаачаар Ц. Тэлмүүн-очир нар ажиллаж байгаа бөгөөд гол дүрүүд болох Этиопийн гүнж Аидагийн дүрийг МУГЖ Б.Эрдэнэтуяа, МУГЖ С. Мөнгөнцэцэг нар, Египетийн гүнж Амнерисийн дүрийг МУСТА М.Дариймаа, МУСТА Ж:. Энхмаа нар, Египетийн цэргийн жанжины дүрийг МУСТА М. Даваадорж, МУСТА Д. Эрдэнэ-очир нар тус тус бүтээж байгаа аж.
Уг дуурь нийт 4 бүлэг, 7 үзэгдэлтэй бөгөөд тайз засалт, хувцаслалт, гоёл чимэглэлийн хувьд эртний Египетийн дүр зургийг бодитоор харуулж чадсанаараа онцлог юм.
Уг дуурь анх 1871 оны 12 сарын 24-нд нээлтээ хийсэн цагаасаа Америк, Герман, Испани, Австри, Унгар, Польш, Франц, Орос зэрэг маш олон оронд тоглогдож байсан төдийгүй Египетийн пирамид, Хятадын цагаан хэрэм дээр уг дуурийг туурвиж байсан түүхтэй.
Сэтгэгдэл үлдээх