ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN
Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн актаар 1.6 сая төгрөгийг сургуулийн захирал С-ээр төлүүлэхээр тогтоосон. С уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж, “… Захиргааны байгууллага албан тушаалтанд холбоотой хуулийн заалтыг баримталж сургуулийн захирал хүнд акт тогтоож байгаа нь үндэслэлгүй, хуульд заасан хохирол нөхөн төлөх субъект биш” гэх агуулгаар шүүхэд маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар, Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр сургуулийн захирлын тушаалаар багш Г-ыг ажлаас халах шийдвэр гаргасан нь маргаан үүсэж, захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хянагдаж, шүүхээс сургуулийн захирлын тушаалыг хүчингүй болгож, Г-д ажилгүй байсан хугацааны олговорт 1.6 төгрөгийг нөхөн олгуулахаар шүүхээс шийдвэрлэсэн байна.
Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны буруу шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдийн хохирлыг төрөөс барагдуулан бол өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр заасан, энэ үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгжид хариуцуулжээ.
Шүүх маргааныг хянан хэлэлцээд нэхэмжлэгч С-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын “захирал”-ын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарч байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны албан тушаалтан гэж үзнэ, энэ үндэслэлээр уг хохирлыг нөхөн төлөх этгээд нь хууль бус тушаал гаргасан албан тушаалтан буюу энэ тохиолдолд С мөн гэж шүүхээс дүгнэж, аудитын улсын ахлах байцаагчийн актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Хураангуй бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нарантуяа
Сэтгэгдэл үлдээх