Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалаа буюу цахим төлбөрийн баримтын сугалааг аравдугаар сараас сэргээх гэж байгаатай холбогдуулан Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс мэдээлэл өглөө.
Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал: "Сугалааг зогсоосон дөрвөн сар орчмын хугацаанд бизнес эрхлэгчдийн эцсийн хэрэглэгчдэд өгөх баримтын тоо 20 хувиар буурсан байна. Үүнийг дагаж сар бүрийн НӨАТ-ын орлого буурч байна. Хоёрт, иргэдийн и-баримт авах сэдэл буурсан. Энэ том зургаараа НӨАТ-ын бүрдүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа учраас бодлогын хувьд сугалааны тохиролд сүүлийн үеийн өөрчлөлтүүдийг оруулж, цаашид хэвийн явуулах нь зүйтэй гэж үзсэн.
Татварын алба сард 130 тэрбум төгрөгийг НӨАТ-аас бүрдүүлдэг. Гэтэл сүүлийн гурван сар энэ орлого бага багаар буурсан дүнтэй байна.Тиймээс яаралтай сугалааг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. НӨАТ-ын сугалаа нь нэг талдаа иргэдийг баримтаа бүртгүүлж байгааг урамшуулах арга хэрэгсэл ч нөгөө талдаа татварын орлогыг үнэн зөв бүрдүүлэхэд чухал нөлөөтэй юм. Иймд НӨАТ-ын сугалааны үүрэг оролцоог улам нэмэгдүүлэхийн тулд нээлттэй, ил тод болгох үүднээс дээрх шинэчлэлийг хийж байна." гэлээ.
Манай зах зээлд төлбөрийн баримт хоёр янз байдаг. Тодруулбал, НӨАТ-ын буцаалттай, НӨАТ-ын буцаалтгүй баримт гэж. Сард дунджаар иргэд, ААН-үүд сая орчим и-баримт систем дээр уншуулдгаас үүний 10 орчим хувь нь НӨАТ-гүй и-баримт эзэлдэг аж. Мөнгөн дүнд шилжүүлбэл сард их наяд, /жилд 100 их наяд/ орчим төгрөгийн худалдан авалтын баримт системд бүртгэдгээс 100 тэрбумыг буцаалтгүй баримт эзэлдэг гэсэн үг. Эмнэлэг, боловсролын байгууллагууд НӨАТ өгдөггүй буюу хоёр хувийн буцаалт олгодоггүй юм. Харин сугалааны дугаартай баримтыг олгодог бөгөөд үүнийг НӨАТ бус и-баримт гэж ярьж хэвших зөв ойлголт гэдгийг мэргэжилтнүүд онцлов.
Ингээд Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэмлүүний мэдээллээс и-баримтын сугалааны шинэчилсэн хувилбараас зарим мэдээллийг тоймлоё.
Тавдугаар сараас хойш НӨАТ-ын сугалааг түр түдгэлзүүлж, олон нийтийн зүгээс ирж байгаа хүсэл шаардлага, бодит байдалд судалгаа хийж үзсэн байна. Энэ хүрээнд доорх гурван дүгнэлтэд хүрчээ.
1. Ил тод байдалд анхаарах шаардлагатай. Сугалаанд хэн хожиж, хэзээ тохирол явах, ямар байдлаар хожиж байгааг нээлттэй болгох ёстой.
2. Иргэдийн идэвхийг дэмжсэн хэлбэрээр сугалааг явуулах нь зүйтэй. Нэг ширхэг баримт уншуулсан, 100 ширхэг баримт уншуулсны хооронд асар их ялгаа байгаа учраас олон баримт уншуулсан хүний сугалаанд хожих магадлалыг нэмэх.
3. Сугалаа нь иргэдэд итгэл үнэмшил төрүүлэх ёстой. Монгол Улсын 2.1 сая иргэн и-баримт аппликейшныг татаж, баримтаа уншуулаад явж байхад эдгээр иргэдэд итгэл үнэмшил төрүүлж чадахгүй бол сугалаа явуулахад хүндрэлтэй гэж үзсэн байна.
Иймд цаашдаа сугалааг явуулахад дөрвөн гол өөрчлөлтийг оруулна.
1. Өмнө нь өндөр хонжвортой сугалааны эзэн зарим үед тодордоггүй байсан. Нийт хэвлэгдсэн и-баримтын 60 хувь нь баталгаажуулж /и-баримтыг уншуулсан/, 40 орчим хувь уншуулдаггүй, гээгддэг байснаас магадлалаараа зарим тохирол тодордоггүй байжээ. Тэгвэл шинэчилсэн хувилбараар тухайн сард баталгаажсан буюу системд уншуулсан и-баримт дунд сугалааны хонжвороо явуулна. Ингэснээр эзэнгүй баримт, сугалаа тараагүй гэдэг ойлголт байхгүй болно. Үүнийг дагаж олон баримт уншуулсан хүний хожих магадлал нэмэгдэнэ.
2. Орон нутаг болон зах худалдааны төвүүд и-баримт өгөхгүй байна гэдэг гомдол их бий. Тиймээс энэ чиглэлийн идэвхжлийг өдөөх үүднээс орон нутагт нь урамшуулал явуулах хувилбарыг боловсруулжээ. Жишээ нь, и-баримтаа хамгийн өндөр уншуулсан аймгийн иргэдийг дэмжиж, нэмэгдэлтэй сугалааны хонжвор гаргах. Энэ нь и-баримт бүртгүүлдэггүй, өгдөггүй, идэвх муутай аймаг, ААН-үүдэд хөшүүрэг болно гэв.
3. Сугалааны тохирлыг олон нийтэд нээлттэй зохион байгуулна. Тухайлбал, Их дэлгүүр, Имарт зэрэг томоохон худалдааны төвд нээлттэй зохион байгуулж, тэнд байгаа иргэдээр сугалуулж, тохирлын эзнийг тодруулдаг байж болно.
4. Сугалааны тохирлыг 2.1 сая иргэн и-баримтын системээр шууд лайв хэлбэрээр хүргэдэг болно. Баримтын эхний гурван оронгийн тохирол явж байхад тухайн иргэний бүртгүүлсэн баримтад магадлал өндөртэй хэдэн баримтыг шууд харуулах байдлаар хянаад явна.
Сэтгэгдэл үлдээх