ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар ХНХЯ-тай хамтран хэрэгжүүлэх “Зорилтот бүлгийн иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн үндсэн баримт бичиг болох Хэлэлцүүлгийн тэмдэглэлд гарын үсэг зурах ёслол өнгөрсөн мягмар гарагт /2023.01.03/ боллоо. Хэлэлцүүлгийн тэмдэглэлд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи нар гарын үсэг зурж баталгаажуулав.
2023 оны дөрөвдүгээр сараас эхлэн 2027 оны гуравдугаар сар хүртэл дөрвөн жил үргэлжлэх энэ төслийн хүрээнд эхний ээлжинд Улаанбаатар хотын хоёр дүүрэг, төвийн нэг аймгийг сонгож туршилтын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийг хамтран хэрэгжүүлэгчээр ХНХЯ болон тус яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газар, туршилтын төсөл хэрэгжих аймаг, дүүргийн ХХҮГ-ын Нийгмийн халамж, Хөдөлмөр эрхлэлт хариуцсан ажилтан, нийгмийн ажилтан зэрэг 50 гаруй ажилтан хамтран ажиллах ба туршилтын төсөлд 1500 өрхийг хамруулахаар тооцоолсон байна.
Энэхүү төслийн үр дүнд иргэдийг хөдөлмөр эрхлэлтэд зуучлахаас гадна тухайн иргэд урт хугацаанд тогтвортой хөдөлмөр эрхлэхэд нь чиглүүлэхийн тулд ажлын байрны дадлагажуулагч мэргэжилтнүүдийг Япон улсад богино хугацааны сургалтад хамруулан бэлтгэнэ. Үүний үр дүнд зорилтот бүлгийн иргэдийг халамжаас байнгын хөдөлмөр эрхлэгч болгох, хөдөлмөр эрхлэгч хүний тоог нэмэгдүүлэх зорилготой хэмээн ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи онцолсон.
Г.ӨНӨРБАЯР: ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗАМААР БИЕ ДААН АМЬДРАХ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛНЭ
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, ЖАЙКА-гийн шугамаар манай яамны олон мэргэжилтэн Япон улсад суралцаж чадавхжиж байна. Энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажилладаг та бүхэнд талархал илэрхийлье. Бид өмнө нь нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх төслийг ЖАЙКА-тай хамтран амжилттай хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд Нийгмийн даатгалын таван том багц хуулийг шинэчлэн боловсруулж, өнөөдөр /2023.01.05/ Засгийн газрын хуралдаанаар оруулан хэлэлцүүлэх гэж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна.
Мөн манай яаманд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл” хэрэгжиж байна. Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрах тогтолцоог бүрдүүлэх зорилготой чухал төсөлд гарын зурж буйдаа баяртай байна. Энэ төсөлд ХНХЯ-наас их ач холбогдол өгч байгаа гэлээ.
ТАНАКА ШИНИЧИ: АЖИЛГҮЙ ИРГЭДИЙГ УРТ ХУГАЦААНД ТОГТВОРТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭД ЧИГЛҮҮЛЭХ НЬ ТӨСЛИЙН ГОЛ ЗОРИЛГО
ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, Монгол Улс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай ба нийгмийн халамжийг хавтгайруулан олгодог нь улсынхаа эдийн засагт нөлөө үзүүлдэг гэсэн ойлголт авсан. Зөвхөн уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай учир ядуурлын түвшин 2016 онд 29.6 хувь байсан бол 2020 онд 27.8 хувьд хүрсэн ба төдийлэн ахиц гараагүй.
Халамж хүртэн амьдарч буй хүмүүсийн тоог бууруулах зорилгоор Монгол Улсын баримталж буй бодлого буюу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн дэд хөтөлбөр болох “Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөр”-ийг сайжруулах шаардлагатай гэсэн мэдээллийг бид авсан. Тиймээс эдийн засгийн энэ нөхцөл байдалд тулгуурлан ЖАЙКА-гаас зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх нь техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Япон улсын хувьд хүмүүсийг бие даан амьдрахад нь туслах, чиглүүлэх зорилгоор ажилласан туршлагатай. Энэ туршлагадаа үндэслэн Монгол Улсын нөхцөл байдалд нийцүүлэн ХНХЯ-ны дэмжлэгтэйгээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бий болгох нь чухал гэж харж байна.
ЖАЙКА-гаас зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх нь техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Улсын хөгжил хувь хүний хөгжил болон тэдний өрхийн орлого, зарлагаас ихээхэн хамаарна. Тиймээс ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх замаар тухайн өрхийн орлогыг нэмэгдүүлнэ. Өрхийн орлого нэмэгдэхэд улсынхаа эдийн засагт эергээр нөлөөлнө.
Монгол Улсын Засгийн газраас “Халамжаас хөдөлмөрт шилжих” зорилтыг дэвшүүлээд ахицтай ажиллаж байна гэж сонссон. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд ЖАЙКА-гаас хөрөнгө оруулалт болон хувь хүнийг хөгжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллавал бэрхшээл гарсан ч даваад үр дүнтэй ажиллах боломжтой гэж харж байна.
-Төслийн хүрээнд хэдий хэрийн санхүүжилт олгох бол?
-Төслийн хүрээнд Япон улсаас мэргэжилтнүүд ирж дадлагажуулах сургалт явуулах, мөн Монгол Улсаас Япон улсад богино хугацааны сургалтуудад хамрагдаж, мэргэших зэрэг нөөцийг бүрдүүлэх шаардлагатай. Энэ бүх сургалтын зардлуудыг тооцоод 300 сая орчим иенийн санхүүжилтээр төсөл хэрэгжих болов уу гэсэн урьдчилсан тооцоо гараад байна.
-Япон улс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд ямар бодлого хэрэгжүүлдэг вэ. Энэ чиглэлд Монгол Улсад хэрэгжүүлж болох ямар сайн туршлага байна вэ?
-Шууд ажилд ороход бэлэн биш байгаа иргэдэд чиглэсэн “Бие даан амьдрах чадварыг дэмжих үйлчилгээ”-г Монгол Улсын Хөдөлмөрт бэлтгэх дэд хөтөлбөрт оруулбал иргэд байнгын ажилтай болоход үр дүнтэй болов уу гэж үзэж байна. Японд бие даан амьдрах чадварыг дэмжих үйлчилгээ нь тухайн өрхийн санаа зовоосон асуудлын талаар гэрээр нь зочилж ярилцах, ажил хайх арга зүйг нэвтрүүлэх семинар зохион байгуулах, өрхийн санхүүг сайжруулах талаар зөвлөгөө өгөх, мэргэжлийн сургалтуудад хэрхэн хамрагдах талын мэдээллээр хангадаг. Эдгээр дэмжлэг нь ажлын туршлагагүй зорилтот бүлгийн өрхүүдийн эхний алхмаа амжилттай тавихад сайнаар нөлөөлдөг.
Мөн огт хөдөлмөр эрхэлж байгаагүй хүн шууд бүрэн цагаар ажиллахад хүндрэлтэй байх нь бий. Тиймээс ажлын байрны сургагч багшийн дэмжлэгтэйгээр “завсрын ажил эрхлэлт” гэх ажлын дадлага, сайн дурын ажил зэрэг ажлын байран дахь харилцааны арга барилд суралцуулан сайжруулах, ердийн ажлыг ойлгох, бусад шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх, дадлага бэлтгэлээр дамжуулан урам зориг өгөх зорилготой тогтолцоо байдаг. Энэ туршлага нь Монгол Улсын Засгийн газрын халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тус нэмэр болж болох юм.
Мөн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахын тулд Монгол Улсын мэргэжлийн боловсрол, шаардлагатай ажил мэргэжлийн сургалтыг эргэн харах боломжтой. Төслийн хүрээнд Япон улсад зохион байгуулах сургалтаар дамжуулан туршлага судалсны үндсэн дээр Монгол Улсын орчин нөхцөлд нийцүүлэн нутагшуулах боломжтой арга туршлагыг бодож олоосой гэж хүсэж байна гэлээ.
ЖАЙКА байгууллага нь ХНХЯ-тай 2016 оноос хойш хамтран төсөл хэрэгжүүлж эхэлсэн ба Нийгмийн даатгалын чадавхийг бэхжүүлэх төсөл болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах хоёр төсөл амжилттай, үр дүнтэй хэрэгжсэн талаар ноён Танака Шиничи онцлон дурьдаад, зорилтот бүлгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд ч ХНХЯ-ны дэмжлэг, оролцоо маш чухал болохыг хэлж байв.
Сэтгэгдэл үлдээх