Нийслэл утаа, түгжрэл хоёроо дийлэхээ байв. 3.4 сая хүн амтай улсын 1.6 нь дөрвөн уулын дунд бөөгнөрч амьдрах болсон нь олон хор уршгийг дагуулах болсон. Нийслэлийн бөөгнөрлийг хэрхэн яаж задлах вэ гэдэгт дарга нарын ухаан хүрэхгүй он удаан жил болж байна.
Саяхнаас "дансаар ямар нэгэн мөнгө шилжүүлбэл тухайн хүмүүс 10 хувийн татвар төлнө, товчхондоо дансаар орсон орлого бүрээс татвар авна" гэх мэдээлэл цахим орчинд тархаж, иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон. Харин эл мэдээлэл үгүйсгэгдсэн.
Үүний хажуугаар өчигдрөөс цахим орчинд "Улаанбаатараас 500км зайтай бол 50% хөнгөлөлт, 1000км-ийн зайтай бол 90% татварын хөнгөлөлт үзүүлнэ" гэх мэдээлэл иргэдийг анхаарлыг татав.
Ийм хуулийн заалт бодит. Бүр 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д ийм заалт бий.
Эл хуулийн 22, 23 дугаар зүйлд зааснаар есөн төрлийн орлогын чөлөөлөлт, арван төрлийн албан татварын хөнгөлөлт эдлэхээр хуульчлагдсан.
Эл хөнгөлөлтийн нэг нь: Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа эрхэлдэг ААН, хувь хүний татварыг 50 хувиар, 1000-аас дээш км алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг ААН-ийн төлсөн татварыг 90 хувиар тус тус хөнгөлнө" хэмээн заасан байдаг.
Гэхдээ уг заалт нь ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх, ашиглах, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, импортлох, газрын тосны бүтээгдэхүүн импортлон, эсхүл дамжуулан худалдах, ярианы үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, авто зам, замын байгууламж барих засварлах үйл ажиллагаа эрхэлдэг бол хамаарахгүй.
Эдгээрээс бусад төрлийн үйл ажиллагаа бизнес эрхлэгчдэд хамаарах ажээ.
















Сэтгэгдэл үлдээх